Гацуур 50-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.12.09-нд нийтлэгдсэн

Гацуур 50-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Улаан, ногоон, мөнгөлөг… Өнгө өнгийн саа, чимэглэл, гэрэл алаглана. Өвлийн өвгөний зурагтай ханын чимэглэл, цасан ширхэг, өнгийн тууз зэрэг нүднээ тусах аж. Ийн хотын гудамжнаа өндөр, ганган сүлд модод сүндэрлэж, худалдааны төвүүдээр шинэ жилийн уур амьсгал оржээ. Шинэ он айсуй энэ үед хүн бүрийн сэтгэл догдлон гэгэлзсээр…

Ногоон гацуур мод, саа, гэрэл чимэглэлийн хэлбэр хийц улам баялаг болж, сонголт өргөн болжээ.

Баянгол дүүрэг, III, IV hорооллын гудамжинд боргоцоотой, мөчир бүртээ гэрэлтэй, цагаан цасан өнгөтэй гэх мэт олон төрлийн өндөр, нам гацууран ой “ургажээ”. Энд айл бүрийн хойморт байрлах мөнх ногоон гацуур мод өндөр намаараа жагссан байв. Гацуурыг хэмжээнээс нь хамаараад 50-350 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Тодруулбал 3 метр 10 см өндөртэй гацуур мод 350 мянган төгрөг үнэтэй байсан бол хамгийн жижиг хэмжээтэй нэг метр 20 см гацуур 50 мянган төгрөгийн үнэтэй байна.

“Гацуур модны шинэ загварууд цасанд хучигдсан мэт загвартай байгаа. Миний худалдаалж буй гацуурны хамгийн өндөр нь 210 см. Үнэ нь 180 мянган төгрөг. Харин 180 см өндөртэй гацуурыг 140 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үнийн хувьд хэмжээнээсээ шалтгаалаад янз бүр байна. Гацуурны худалдан авалт сайн байгаа. Хүмүүс олон төрлийн модноос сонголтоо хийхэд амар байх шиг байна. Миний хувьд өнөөдрийн байдлаар 4-5 гацуур зарчихсан” хэмээн худалдаа эрхэлж буй Г.Баттөмөр хэллээ.

Харин 10 гаруй жил худалдаа эрхэлж буй худалдагч Ж.Одгийв өдөрт 10 ширхэг гацуур зарж дөнгөдөг аж.

Өнгө өнгийн том, жижиг хэмжээтэй тоглоомон чимэглэлүүдийг багц багцаар нь эгнүүлжээ. Чимэглэл нь үнийн хувьд 3000-20000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин өнгийн урт саа 1000-2500 төгрөг. Мөн шинэ жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, багууд 500-6000 төгрөгийн үнэтэй, сонголт ихтэй байлаа. Харин бүжиглэдэг, дуулдаг бяцхан “Санта клаус”-ууд 5000-25000 төгрөг, өвлийн өвгөнтэй ханын наалт 1500-6000 төгрөг, гэрлэн чимэглэл 15-25 мянган төгрөгийн үнэтэй байна.

Шинэ жилийн чимэглэл худалдаж буй Х.Ариундалай “Шинэ жилийн чимэглэлийн үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй. Тэгсэн хэдий ч худалдан авалт муу байна. Хүмүүс аль болох хямдаас нь л авч байна. Би энэ сарын 3-наас эхлэн шинэ жилийн чимэглэл зарж байгаа. Ихэвчлэн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн саа, тоглоом, шаар ихээр авч байна. Энэ жилийн хувьд бид салют зарахгүй байгаа” гэж ярилаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Н.Амарсайхан шинэ жилийн чимэглэл сонирхож яваатай таарав. Тэрбээр “Манай байрны сууц өмчлөгчдийн холбооныхон шинэ жилээ хийх гээд чимэглэл сонирхож явна. Үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн байна. Би ханын чимэглэл, гацуурны гэрэл худалдан авч байна” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж