“Щелкунчик”-тэй өдрүүд айсуй

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

“Щелкунчик”-тэй өдрүүд айсуй

-Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн оргил бүтээлийн нэг “Щелкунчик”-ийг тоглох гэж байна-

Шинэ жилийн сар талдаа оржээ. Эдгээр өдрүүдэд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тэр дундаа балетын жүжигчид завгүй бэлтгэлтэй байгаа аж. Учир нь ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглохоор болжээ. Энэхүү алдарт бүтээлийг шинэ жилийн баярт зориулан тоглож, хүүхэд багачуудыг баярлуулж ирсэн. Тус театрын уран бүтээлчид "Щелкунчик" балетыг БНХАУ-ын Тяньжин хотын Гранд театрт 2012 оны арванхоёрдугаар сард тоглож байснаас хойш тайзнаа тоглоогүй байна. Гурван жил завсарласан энэ жүжиг театрын тайзнаа амилахдаа тэртээ 1982 онд тавигдаж байсан анхны хувилбараараа тавигдах аж.

Жүжгийн гол үйл явдал нь XVIII зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Шелкунчикийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэй болон ид шидийн үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүдэн дэх үйл явдлаар "Шелькунчик" бүжгэн жүжгийн үйл явдал өрнөдөг.

"Шелькунчик"-ийг “Самар бултгагч”, “Цөмөөхэй” гэж манайд орчуулж ирсэн. Энэ удаагийн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр "Шелькунчик"-ийн анхны хувилбараар хоёр удаа тоглох юм. Харин Балетын хөгжлийн сангаас шинэ тавилтаар “Цөмөөхэй” нэрээр мөн хоёр удаа үзэгчдийн хүртээл болгоно.

Ингээд тэртээ 1982 онд театрын тайзнаа анхлан тавигдахад гол дүр Ханхүүд тоглож байсан хөгжмийн зохиолч, балетмейстр А.Батдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.

“ЩЕЛКУНЧИК” БАЛЕТАД 13 НАСТАЙДАА ТОГЛОСОН

-Балетын урлагтай холбогдсон тэр үеээс яриагаа эхлэе?

-Бидний үед балетын жүжигчдийг бэлтгэхийн тулд багаас нь ЗХУ-д А.Я.Вагановагийн нэрэмжит сургуульд сургадаг байлаа. Хуучнаар Ленинградын /одоогийн Санкт-Петербург/ Вагановагийн балетын сургуульд суралцахаар 1964 очиж байсан. Тэр үед нийслэлийн V сургуульд сурч байсан 10 настай жаахан хүү балетын сургуульд хүүхэд шалгаруулж авахад тэнцээд явсан. Тэнд Орос, Болгар, Монгол гээд маш олон орны хүүхдүүд суралцана. Ю.Оюун бид нэг анги байсан.

-Та “Щелкунчик” балетад багаасаа тоглож байсан гэсэн. Анхны тэр үеийн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Балетын урлаг өөрөө их хэцүү урлаг. Энэ бол залуу насандаа хийх ажил. Мэдээж энэ амаргүй урлагт өөрийгөө сорьж чадсан учраас би олон сайхан дүрүүдийг бүтээсэн. Тэр дундаа “Щелкунчик” балетын хулганы хаантай байлдах гээд 13 настай байхдаа тогложээ. Гэхдээ одоогийн Марийский театрт шүү дээ. Орос багш нар маань л сонгож, тоглуулж байсан. Удалгүй хоёр жилийн дараа Па-де-Труа-д тоглосон. Харин тэр олон орны хүүхдүүд суралцаж байхад монгол хүүхдүүд гол дүрд тоглодог байсан. Том тайзан дээр том дүрүүдийг бүтээнэ гэдэг ховор завшаан юмдаа.

-Монголын тайзнаа "Щелкунчик" балетыг анх 1982 оны тавдугаар сард тавьжээ. Таны хувьд анхны ханхүү шүү дээ?

-Бид балетын сургуульд төгсөж ирээд 10 жил болсны дараа П.И.Чайковскийн энэ алдарт бүтээл тавигдаж байсан. Би анхны тавилтанд ханхүүд тоглохдоо Ю.Оюунтай бүжиглэж байсан. Тухайн үед талийгч О.Батсайхан бас тоглосон. Анхны энэ тавилт орос хүмүүсийн удирдлагад болж байсан. В.Федонин гэдэг хүн хөрвүүлэн тавьж, зураачаар А.Морозов ажилласан түүхтэй.

-Та театрын тайзнаа 30 жил бүжиглэсэн балетын цөөхөн бүжигчдийн нэг. Гэхдээ өнөөдөр хөгжмийн зохиолч, балетмейстр мэргэжлийг эзэмшээд уран бүтээлээ хийсээр явна?

-Балетын урлаг маш хэцүү. Энэ урлагийг сайн эзэмшихийн тулд багаасаа хичээх хэрэгтэй. Бидний үед төр засгийн бодлоготойгоор хойно сургасан нь аз юмдаа. Театрын тайзнаа 30 жил бүжиглэсэн. Хожим СУИС, Хөгжим бүжгийн коллежид суралцан хөгжмийн зохиолч, балетмейстр мэргэжлийг эзэмшсэн. Өнөөдөр ч театртаа ажиллаж байна. “Гэсэр Номун Хан”, “Тэнгэрийн ташуур” балетын хөгжмийг бичиж, балетыг нь дэглэн найруулсан. Мөн “Үүрийн туяа” хамтлагт дуулж байлаа. Ганц нэг киноны дуу дуулсан түүхтэй. Театрын тайзнаа “Щелкунчик”-ийг 1982 онд тавигдаж байсан тэр хувилбар дахин тоглогдохоор бэлтгэлээ хийж байна. Үзэгч түмнээ урьж байна.

Театрын уран бүтээлчид "Щелкунчик" балетын бэлтгэлдээ хэдийнэ оржээ. 3 бүлэгтэй "Щелкунчик" балетын гол дүрүүд болох Машад Б.Саруул, Г.Батчимэг, Ханхүүд А.Эрдэнэболд, М.Од нар тоглох юм байна.

"ЩЕЛКУНЧИК" БАЛЕТ:

12.17-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Б.Саруул /СТА/

  • Хан хүү – А.Эрдэнэболд

  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/

  • Хулганы хаан – А.Өлзий-Орших

12.18-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Г.Батчимэг /СТА/

  • Хан хүү – М.Од

  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/ тус тус гол дүрд тоглоно.

Мөн Балетийн хөгжил сангаас шинэ хувилбараар "Цөмөөхэй" балетыг арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж