НҮБ-ын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан билээ. 1950 оноос эхлэн НҮБ-ын гишүүн бүх улс орон энэ өдрийг Хүний Эрхийн Өдөр болгон тэмдэглэж иржээ.
Энэ жилийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Тэгш Нийгэм Холбоо” ТББ, “Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн” ТББ, Италийн АИФО байгууллага хамтран “Social Art” үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнгийн зорилго нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах төв”-ийг Улаанбаатар хотод байгуулахад Монголын уран зураачид өөрсдийнхөө хандив, хувь нэмрийг оруулснаар үйл ажиллагаагаа эхлэх үндэс суурийг тавихад хувь нэмрээ оруулахад чиглэгдэж байгаа юм.
Энэ төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургаж, чадавхжуулж, сэргээн засч, амьдралд бэлтгэж, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудын ойлголт, мэдлэг, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой.
Энэ үзэсгэлэнг дэмжиж Q Art Gallery өөрийн үзэсгэлэнгийн танхимыг үнэ төлбөргүй гаргаж, BCI хэвлэлийн компани хэвлэлийн бүх материалуудыг ивээн тэтгэж, Залуу уран бүтээлчдийн нэгдэл үзэсгэлэнг зохион байгуулж, Монголын Дүлий иргэдийн үндэсний холбоо болон Art Mongolia Монголын уран зураачдын зургуудын хандивын ажиллагааг зохион байгуулахад туслан, хамтран ажиллаж байна. Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн уран зургуудыг дуудлага худалаагаар худалдаж олсон орлогыг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах төв”-ийг байгуулах үйл хэрэгт зарцуулах юм. Түүнчлэн зураачдын уран бүтээлээр онлайн зургийн үзэсгэлэн, худалдааг нээн ажиллуулах юм.
Дашрамд дурдахад хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор Монгол улсад нийт 108.071 (нийт хүн амын 3.9 хувь) хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 59.7 мянга нь эрэгтэйчүүд, 48.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 34.0 хувь (36.765) нь төрөлхийн, 66.0 хувь (71.306) нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь хүн амын дунд олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлд өртөх тохиолдол өндөр байгааг харуулж байна. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байгаа нь манай улсын нийт хүн амын өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг нь осол гэмтэл болж байгаатай холбоотой юм.
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэнх буюу 62.1 хувь (67.069) нь хотод /нийслэл, аймгийн төв, тосгон/, 37.9 хувь нь (41.002) хөдөөд амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 37.404 хөгжлийн бэрхшээлтэй иргэн (Улаанбаатар хотын нийт хүн амын 3 хувь) оршин сууж байна.
НҮБ-аас жил бүрийн “Хүний Эрхийн Өдөр” 12 дугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан Уриалга гаргадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хүний эрхийн өдрийг "Хүн бүрийн эрхийн төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-аас гаргасан энэ жилийн уриалгад “Өнөөдрийн дэлхий ертөнцийн байгаа байдал олон түмнийг айлган цочоож байна. Хүний үндсэн эрхийг үл хүндлэн, хэт даврагчид аймшигт хүчирхийллийг өдөөж, өс хонзон, тэвчишгүй байдал бидний айлгаж, хүний үнэ цэнэ дайралтанд өртөж байна. Бид нэг хүн төрөлхтөн гэдгээ дахин баталгаажуулах шаардлагатай байна. Бид хаана ч байсан жинхэнэ өөрчлөлтийг хийж чадна. Гудамжинд ч, сургууль дээр ч, олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч, санал өгөх өрөөнд ч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч эрхийнхөө төлөө зүтгэж чаддаг хүмүүс. Хамтдаа бид хүн төрөлхтөнийг нэгтгэж чадна. Цагаагчлагч, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ЛГБТ хүн, эмэгтэй хүн, хүүхэд, уугуул иргэд, үндэстний цөөнх, мөн хүчирхийлэлд өртөж байгаа, ялгаварлан гадуурхагдаж байгаа хэн нэгний эрхийг хамгаалахын тулд бид өөрсдөөсөө эхлэх ёстой” гэж тэмдэглэжээ.