-Цанын спортыг хөгжүүлэх ажлыг системтэй хийх хэрэгтэй-
Монголын цанын холбооноос энэ оны сүүлийн тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн нутагт байрлах “Дуган хад” жуулчны газар зохион байгууллаа. Олон улсын цанын холбооны дэмжлэгтэйгээр болсон энэ удаагийн гүйлтийн цанын олон улсын ойрын болон холын зайн марафоны уралдаан болсон юм. Тус тэмцээнийг Олон улсын цанын холбооны техникийн төлөөлөгч ОХУ-ын иргэн Георгий Кадуков удирдан явуулсан. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Таны хувьд энэ удаагийн тэмцээнийг удирдан явууллаа?
-Олон улсын цанын холбооны техникийн төлөөлөгчийн хувиар анх удаа Монголд ирлээ. Сэтгэл өндөр байна. Монголд цанын спорт хөгжих бүрэн боломжтойг харлаа. Энд сайхан байгаль байна. Мөн өвлийн улирал олон сар болдог учраас хүмүүсийн хувьд ч энэ спортыг сонгох бүрэн боломжтой. Энэ удаагийн тэмцээн маш амжилттай болсон. Энэ удаагийн тэмцээнийг удирдан явуулж, зохион байгуулагч нарт туршлагаасаа хуваалцлаа. Мөн тэмцээнийг ажиглаж байхад маш сайн зохион байгуулсан. Нийслэл хотоос зайтай болсон ч гэлээ үзэгчдэд хүрсэн байх. Мөн оролцогч тамирчид болон сонирхогч нар их идэвхтэй байсанд талархаж байна.
-Олон улсын цанын холбооны техникийн төлөөлөгчийн ажлын үүргийг хэлж өгөхгүй юу?
-Би таван настайгаасаа цанаар гулгаж эхэлсэн. Тиймээс энэ спортод эртнээс холбогдсон. Харин одоо бол Олон улсын цанын холбоонд техникийн төлөөлөгчийн ажлыг хийдэг. Техникийн төлөөлөгч гэдэг бол олон улсын тэмцээнийг дүрмийг сахиулагч. Шүүгчдэд зөвлөгч гэсэн үг. Шүүгчдийг дүрмээ зөв барьж байгаа эсэхийг хянадаг. Энэ удаагийн тэмцээн олон улсын дүрмээр явагдлаа. Монголчуудын хувьд анхных байсан ч тэд сайн ажиллаж чадсан. Гараанаас түрүүлж гарсан тамирчид эхний шар хуудсыг авсан тохиолдол гарлаа. Тамирчдад их сургамжтай тэмцээн болсон гэж харж байна. Би мэргэжлийн тамирчдаас гадна нийтийн иргэдийн дунд цанын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Үүний хүрээнд ОХУ-ын олон хото марафоны тэмцээнийг /Russialoppet/ зохион байгуулдаг. Энэ тэмцээнд мэргэжлийн тамирчдаас гадна сонирхогчид оролцдог. Энэ бол нийтийн дунд хөгжих бүрэн боломжтой. Мөн russialoppet марафоны тэмцээнд оролцож байгаад энэ спортоор мастер болох боломж бий. Энэ тэмцээн олон оронд болдог учир тэр бүгдэд очиж, өөрийн чансаагаа ахиулах хэрэгтэй. Олон улсын тэмцээнд оролцох нь нөгөө талаар аялал болдог.
-Өнөөдөр Орос, Норвеги, Канад гээд цанын спорт өндөр хөгжсөн орон олон бий. Таны хувьд монголд энэ спорт хөгжих боломж хэр байна гэж харж байна вэ?
-Монголд цанын спорт хөгжих бүрэн боломж байна. Харин түүхэн шинэ зүйлүүдийг хийх хэрэгтэй. Одоо энэ хийж байгаа бэлтгэл ажил эргээд 5-10 жилийн үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэхээр цанын спорт зөвхөн мэргэжлийн хэмжээнд бус иргэдийн дунд хөгжих бүрэн боломжтой. Зөвхөн энэ уралдаанд түрүүлэх нь чухал биш. 30 км, 50 км замыг туулж, барианд орох нь чухал.
-Монголчууд богино хугацаанд цанын спортыг хөгжүүлэхэд юуг хамгийн түрүүн хийх ёстой байна вэ гэж та харж байна вэ?
-Цанын спортыг хөгжүүлэх ажлыг системтэй хийх хэрэгтэй. Эхлээд хаана тэмцээн уралдааныг зохион байгуулахаа сонгож, үзэгчийг татах. Мөн том хотуудад цанын талбайг байгуулж, иргэд болон оюутнуудыг хамруулах. Хүүхдэд энэ спортыг хамгийн сайн ойлгуулж чадах улс бол эцэг, эх байдаг. Цаашлаад энэ спортыг үзэх үзэгчийг олон болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Мөн сайн дасгалжуулагчийг сонгож, ямар нэгэн одыг төрүүлэх нь чухал. Тиймээс танай цанын холбооноос барьж буй бодлого чухал байж, иргэдийг татах ажлыг түлхүү хийх нь чухал.
-Цанын спортыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр чухал санагдлаа?
-Тиймээ. Оросод гүйлтийн цана өндөр хөгжсөнийг бүгд мэднэ. Оюутнуудын заавал үзэх ёстой хичээлийн нэг нь цанын спорт байдаг. Тиймээс оюутан бүр хичээллэдэг. Энэ нь нэг давуу тал болж өгдөг. Би сайн тамирчин байгаагүй. Гэхдээ л оюутнуудын дунд болдог тэмцээнд амжилттай оролцож байсан.
-Цанын холын зайн марафон болох Russialoppet тэмцээн сонирхолтой санагдлаа?
-Дэлхийн цомоос эхлээд олон улсын тэмцээнийг бид их үздэг. Гэхдээ тухайн тэмцээн дээр тэргүүн хэсэгт яваа шилдэг тамирчдыг харуулдаг. Харин Russialoppet марафоны тэмцээн өөр байдаг. Тухайн тамирчин 30 км, 50 км замыг туулах ёстой бол хэдэн цагт ч багтаан замаа дуусгадаг. Би энэ удаагийн тэмцээнээс харлаа. Монголын тамирчид бол муу амжилт үзүүлэхгүй байна. Энэ удаагийн элит ангилалд гэхэд 30 гаруй тамирчид оролцлоо. Тэднээс ихэнх нь замаа дуусгаж, барианд орсон. Эхний тамирчин хоёр цагт замаа дуусгаж байхад сүүлийн тамирчин дөрвөн цагт дуусгаж чадлаа. Энэ нь өөрөө нэг амжилт шүү дээ. Би өөрөө олон тэмцээнийг зохион байгуулж байсан. Тиймээс Олон улсын цанын холбоонд ажиллах боломж нээгдсэн. Монголд ч гэсэн ийм чадвартай хүмүүс олон байна. Тэд ажлаа хийгээд эхэлчихлээ. Тэгэхээр эндээс хожим сайн үр дүн гарна гэдэгт итгэж байна.
-Монгол таны очсон хэд дэх орон байсан бэ?
-Би олон оронд очдог. Миний хувьд 30 дахь орондоо ирлээ. Би тэмцээнд оролцож байгаа хүмүүсээс Та аль оронд очиж үзээгүй вэ гэж асуудаг. Тухайн хүнд очиж үзээгүй газар олон шүү дээ. Тиймээс марафоны тэмцээнийг аль болох олон хүний очих дуртай газар хийхийг хүсдэг. Сүүлийн жилүүдэд энэ спорт аялагч тал руугаа хөгжөөд ирлээ. Та www.russialoppet.ru/news сайтаар зочлоод үзээрэй. Мөн цанын спортоор хичээллэж байсан олон алдартай тамирчид үүнд нэгддэг. Монголоос өнгөрсөн онд Буриадад болсон тэмцээнд Б.Ачбадрах оролцож, эхний бүртгэлээ хийсэн. Тэгэхээр бүгдэд энэ спорт нээлттэй.