Монгол Улсад худалдаа, наймаа эрхэлдэг 200 гаруй мянган иргэдийн төлөөлөл өнөөдөр /2016.12.12/ мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 40 гаруй худалдааны төв, зах дээр 200 мянга гаруй худалдаачин худалдаа наймаа хийдэг. Эдгээрээс 80 гаруй хувь нь хувь хүн, банк бус санхүүгийн байгууллага, банкинд их бага хэмжээний зээлтэй байдаг аж. Тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалж “Худалдаачдын холбоо” байгуулахаар болсоноо мэдэгдлээ. Энэхүү холбоог байгуулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй худалдааны төвийн 2000 худалдаачнаас судалгаа авчээ. Нийт худалдаачдын 82 хувь нь зээлтэй, зээлтэй иргэдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.
Өнгөрсөн 27 жилийн хугацаанд наймаа эрхчлэгчид 5-30 удаагийн давтамжтай иргэн, банк бус санхүүгийн байгууллага, банкуудаас зээл авч байсан. Энэ зээлээ цаг тухайд нь төлдөг байж. Гэвч одоо эдийн засаг хямарч, иргэдийн худалдан авах чадвар буурсанаас худалдаачид орлогогүй болж, зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Зээл авсан худалдаачдын 40 хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй, үүнээс болж зарим худалдаа эрхлэгч гэр оронгүй болох, эд хөрөнгөө хураалгахад хүрчээ. Худалдаачид зээлийн дарамтанд орж, өрөнд баригдаж, цаашид энэ тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэж чадахгүй болсон тул ийнхүү холбоо байгуулж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, төрийн дэмжлэг хүсч байгаагаа мэдэгдлээ. Нэг худалдаа эрхэлж байгаа хүний ард дөрвөөс таван хүн байдаг учраас энэ олон хүний асуудлыг төр бодлогоор зохицуулах шаардлага тулгарч байгаа гэлээ.
Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй иргэд мөнгө хүүлэгчдээс өдрийн өндөр хүүтэй мөнгө авч, зээлээ төлөхийн тулд дахин өндөр хүүтэй зээл авдаг. Мөнгө хүүлэгчдийн зээлийн нэг өдрийн хүү нь 10-30 хувь байдаг нь худалдаа эрхлэгчдэд хамгийн том дарамт болдог гэв. Тиймээс төр бизнес эрхлэгчид, худалдаа эрхчлэгчдэд бага хүүтэй зээл олгох, мөнгө хүүлэгчдийн асуудлыг хууль эрх зүйн зохицуулалт хийх, Үндсэн хуульд заасан “Төр иргэнийхээ нийгэм, эдийн засаг, хууль эрхзүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн төрийн бодлогод худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг санууллаа.
Ш.ОЧ