Хөгжлийн банкны хөрөнгө зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хөрөнгө зарцуулалтын талаар хэлэлцэнэ

  • Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталжээ. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна.


  • НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн сугалаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр явагдаж, нийт 6234 азтан тодорсны дотор 100 сая төгрөгийн азтан хоёр, дөрвөн сая төгрөгийн азтан тав, 500 мянган төгрөгийн азтанаар  69 хүн , 100 мянган төгрөгийн азтанаар  561 хүн, 20 мянган төгрөгийн азтанаар 5597 хүн тодорсон. Тэдгээр азтаны төлөөлөл болсон зарим хүмүүст батламж гардуулах ёслол (2016.12.09) Сангийн яаманд болсон юм. Азтан болсон хүмүүсийн олонх нь залуучууд байгаа бөгөөд тэдний дотор Дорноговь, Дорнод аймгийнхан ч багтжээ.


  • Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрх хөгжил төв ТББ, Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад /2016.11.10/ Сүхбаатарын талбайд “Оролцооны эрхийг баталгаажуулъя” цуглаан зохион байгууллаа. Цуглаанаар дамжуулж хөгжлийн бодлого шийлдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах ёстой гэсэн санааг төр засгийнханд хэлэхийг зорьжээ. Төрийн бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгаснаар илүү сайн хэрэгжих боломжтой гэж цуглаанд оролцогчид үзэж байна.


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт хүүхдийн зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төрийн соёрхол хүртээлээ. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн морин цагт болов. Төрийн соёрхлыг түүний “Аав, ээж, би” номонд олгожээ.


  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна.


  • Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот гардууллаа.


  • “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Ардчилсан намд элсэх хүсэлт гаргасан ч тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэдгээ мэдэгдээд байна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хувьд өмнө нь хоёр ч удаа Ардчилсан намд элсээд, гарч байсан түүхтэй. Шинэчлэл эхлүүлэхээр болж, намын даргын сунгаа зарлаад байгаа Ардчилсан намын хувьд олон дахин орж гарсан гишүүдэд  хатуу дэг тавихаар шийдсэн бололтой, Л.Гүндалай даргын хүсэлт биелэсэнгүй.


  • Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа Хөгжлийн банктай холбоотой хөрөнгө зарцуулалтад шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулан байгуулсан бөгөөд 1.3 их наядын зөрчил илэрсэн болохыг тодотгосон. Өнгөрсөн долоо хоногт эл мэдээллийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч хойшилсон. Харин шинэ долоо хоногт завсарлагын хугацаа дуусаж байгаа тул улс төрийн намуудын дунд маргаан дагуулж байгаа шалгалтын дүн хэлэлцэгдэх боллоо.


  • Хятад улс гэнэтийн шийдвэр гаргаж Монгол Улстай хийх хэд хэдэн уулзалт, айлчлалуудаа хойшлуулсан. Тэр утгаараа ОХУ, БНХАУ, Монгол Улсын тээврийн сайд нарын гэрээ цуцлагдаж магадгүй гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдээд байсан юм. Тэгвэл гурван улсын Зам тээврийн сайд нар гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Арванхоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд Москва хотноо Ази, номхон далайн улс орнуудын Зам тээврийн сайд нарын уулзалт боллоо. Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ болон ОХУ-ын Зам тээврийн сайд нар гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зуржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж