Монгол орны ойн талаарх ойлголт, улмаар үндэсний ойн нөөцөд хандах үзэл баримтлалыг өөрчлөхүйц доорх гурван чухал дүгнэлтийг Үндэсний ойн тооллогын нотолгоонд суурилан гаргаж болохоор байна.
1. МОНГОЛ ОРНЫ ОЙ ХӨГШИН БАЙНА
Бодит байдал:
Нийт ургаа нөөц 112м3/га бөгөөд түүний 30м3/га нь хөгшин модноос бүрдэж байна. Ойн нийт талбайн 87,1% нь 50-200 жилийн настай модноос бүрдэж байгаа бөгөөд дөнгөж 5,1% нь 50-иас доош жилийн настай байна.
Хор уршиг:
түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэл, залуу моддын ургах нөхцөлийг булаах, ойн эдийн засгийн үр ашгийг бууруулах, тухайн ойг ядмаг нөөцтэй болгох
Гарц:
Тогтвортой ойн менежментийг дор хаяхад 6 сая га ойд хэрэгжүүлэх. Хөгширсөн ойг 34,5 м3/га-аас 10м3/га болгон багасгах. Гэхдээ нийт хөгширсөн нөөцийн 1/3 эсвэл 2/3-ыг үлдээх нь экосистемдээ ач холбогдолтой байдаг.
Үр дүн: хөгшин модноос салсан ой жинхэнэ эрүүл ой болж үлддэг.
2. МОНГОЛ ОРНЫ ОЙ НӨӨЦӨӨР ЯДМАГ БАЙНА
Бодит байдал:
Ойн 46% нь 0,54 өтгөрөлтэй буюу нөөцөөр ядмаг байна. Ашиглалтын бүсийн ойн ургаа нөөц 96м3/га байгаа нь ой өөрөө ядмаг нөөцтэй байна гэсэн үг юм.
Монгол орны ойн бүтцийг сайжруулах шаардлага тулгараад байна. Холмиог бүтэцтэй ой нь хөнөөлт шавж, түймэрт илүү тэсвэртэй байдаг. Гэтэл манай ойд холимог бүтэцтэй хэсэг нь бага байна.
Гэхдээ манай ой байгалийн унаган ой тул байгалийн сэргэн ургалт, нөхөн төлжих чадвар сайтай ой. Сэргэн ургаж байгаа талбайн 1 га-д 3000 орчим зулзаган мод тоологдож байна.
Хор уршиг:
түймрийн эрсдэл (Нөөцөөр ядмаг ойд өвслөг, бут сөөглөг ургамлын хувь хэмжээ өндөр байдгаас),
ойн эдийн засгийн үнэлэмж буурах
Гарц:
Ойрын жилүүдэд мод тарихаас илүүтэйгээр байгалийн сэргэн ургалтыг дэмжих бодлого барих, хамтад нь ургалтыг сааруулдаг, түймрийн эрсдэлд оруулдаг унанги модыг цэвэрлэх гэх мэт арга хэмжээг төлөвлөж явах.
Ургаа нөөцийг 207м3/га болгон нэмэгдүүлэх (ийм боломж байгаа талаар судалгааны дүн гарсан),
таримал болон ойжуулалт хийж байгаа талбайдаа модны төрөл зүйлээ баялаг болгох төлөвлөлт хийх,
ургаа ойд арчилгааны арга хэмжээг зөв төлөвлөж зүйлийн бүрдлийг дэмжих
3. МОНГОЛ ОРНЫ ОЙ БАГА АШИГЛАГДСАН БАЙНА
Ой ашиглана гэдэг бол зөвхөн мод тайрахын нэр биш, харин ойг эрүүл биологийн хувьд баялаг экосистемд байлгахыг хэлдэг.
Бодит байдал:
Манайх олон жил “ой хамгаалах” бодлого барьж ирсэнээс хот суурин газрын ой илүү доройтож, ойн гол нөөц хөгширсөн байдалтай үлдээд байна.
Хор уршиг: ойгоос олох орлого бага байгаа нь ой доройтож байгаа гэсэн үг.
Гарц:
Ойн тогтвортой менежментийг авч хэрэгжүүлснээр ойгоос хамгийн багадаа 1,0м3 ногоон модыг 1 га-аас авч ашиглах боломжтой болно.
Нарийвчилсан тооцоллоор бол арваас хорин жилд хөгшин модыг бэлтгэх хэмжээ нь 100 сая м3болно. (Жил бүр 5-10 сая м3)
Жилд 11-16 сая м3 хэмжээний мод бэлтгэснээр ирэх 10-20 жилийн дотор ойн бүтээмжид учруулах эрсдэлийг бууруулна.
Жилд 20-30 сая м3 модыг тогтвортойгоор бэлтгэх нь ойн менежментийн тогтолцоо сайтар хөгжсөн орнуудын туршлагыг харгалзсан урт хугацааны алсын хараатай бодлого болох юм.
Эх сурвалж: БОАЖЯ, ОЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР