Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Хохирогч нь бөхчүүд

Талцдаггүй сэдэв, маргаангүй ажил, буруугүй хүн гэж алга. Монголчууд юуг хамгийн сайн чадаж байна гэхээр, жижгээсээ том хүртэл, иргэнээсээ төрөө хүртэл бүх салбарт хоёр тал болон “байлдаж” чадаж байна. Түүн дунд хэдэн жил үргэлжилсэн, хэсэг байж байгаад идэвхжүүлдэг хэрүүлийн алимнууд бий. Сайн дураа хүрэхээр шүүрч аваад амталдаг тийм “алим”-ны нэг нь Монголын үндэсний бөхийн холбооны асуудал.

Энэ сэдэв сая арваннэгдүгээр сарын сүүлээс дахин сөхөгдлөө. 

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе”-ийг арваннэгдүгээр сарын 10-нд хуралдуулна гэж А.Сүхбат аварга, улсын начин Ц.Дуламсүрэн тэргүүтэй бөхчүүд мэдээлэл хийв. Түүний дараа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар “Ямар ч хурал болохгүй. Бөхчүүдээс  өдөөн турхирч, хутган үймүүлсэн зүйлд оролцохгүй байхыг хүсье” гэсэн мэдэгдлээр хариу барилаа.

МҮБХ-ны тэргүүнийг тойрсон энэ маргаан бүхэл бүтэн 14 жил үргэлжилж байна.

МҮБХ-ны

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг үл хүлээн зөвшөөрөгсөд “2002 оны арванхоёрдугаар сард болсон IV “Их Эе” албан ёсоор тэргүүнээ сонгож чадаагүй. Улсын дээд шүүх МҮБХ-г 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдахыг үүрэг болгосон. Гэвч хурал болоогүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Гэсэн ч асуудал маргаантай байсаар өнгөрсөн тавдугаар сард шүүхийн шийдвэр гарч, “Их Эе”-ийг хуралдуулах нөхцөл бүрдлээ” хэмээн байр сууриа илэрхийлж буй.

МҮБХ-ны удирдлагууд.

Харин одоогийн тэргүүн  Р.Нямдорж "Одоогийн болох гэж байгаа “Ээлжит бус Их эе”-ийн түүх 2002 оноос эхтэй. Тэр үед МҮБХ-ны тэргүүнд Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар нэр дэвшсэн. Тухайн үед 200 төлөөлөгч оролцох ёстойгоос 180 нь ирсэн. Гэхдээ санал хураахад найм нь байхгүй байсан учраас 172 хүн оролцсон. Хурлыг А.Сүхбат, Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нар даргалсан. Харин тооллогын комиссын даргаар Ж.Ганболд ажилласан. Тэргүүн сонгох санал хураахад Р.Нямдорж 90, Б.Сүхбаатар 82 хүний санал авсан гэдгийг Ж.Ганболд өөрөө тооллогын хайрцаг задлаад хэлж байгаа бичлэг байдаг. Гэтэл "Р.Нямдорж сонгогдсон" гэсэн тогтоолыг Ж.Ганболд хурлын үеэр аваад зугтаачихсан. Ингээд бид шүүхэд хандах болсноор маргаан эхэлсэн” гэж хэвлэлийн бага хурал дээр ярилаа.

Тэрбээр мөн "2017 оны хоёрдугаар улиралд буюу тавдугаар сард багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их Эе”-ийн товыг тогтооно. МҮБХ-ны ээлжит “Их Эе“-ийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, удирдлагаа сонгоно" гээд, МҮБХ-ны тэргүүний төлөө дахин нэр дэвших эсэх тухайд "Би ажлаа өгнө. Манай бөхчүүдийн 60 хувь намайг дахиад ажиллуулах хүсэлтэй байгаа. Гэхдээ одоо миний хувьд болно. 1988 онд монгол бөхийг өнөөдрийн төвшинд хүргэх төсөөллөө нийтлэл болгон бичиж байлаа. Бодит байдал дээр биеллээ олсон. Д.Данзан бид хоёр ажлаа өгнө. Өөр хийх ажил олон бий. Бид хоёр эрдэм номын улс. Харин миний ажлыг авсан хүн цаашид хугацаагүй байж болохгүй. Р.Нямдорж, Д.Данзан нарын баг 26 жил болсноор Монгол бөх хожсон. Тэргүүнээ дөрөв, найман жилээр солиод явсан бол Монгол бөх өнөөдрийн амжилтад хүрэхгүй байх байсан. Нэгэнт монгол бөхийн хөгжлийг тодорхой түвшинд хүргэчихсэн учраас дөрөв, найман жилээр солигдох ёстой" хэмээн олон нийтийг талцуулж буй эл сэдэвт албан ёсны тайлбар өгөөд байна.

Бүхэл бүтэн 14 жил нэг сэдэв мөлжин маргалдаж, түүнийхээ нэг талд гарч чадахгүй байна гэдэг цаанаа том эрх ашиг, эвдрэлийг харуулж байгаа хэрэг. Гэтэл энэ бүхний цаана бөхийн нэр хүнд, үндэсний соёлыг өөрийн биед тээж яваа бөхчүүдийн эрх ашиг ямар нэгэн хэлбэрээр хөндөгдөж байгаа. Ялангуяа А.Сүхбат аваргын Үндэсний бөхийн холбоотой зарласан “дайн” сүүлдээ түүнийг, бөхөө эрхэмд үзэж ирсэн жирийн үзэгчдийг ч залхааж байна. Чөлөөт бөхийн холбоо, Үндэсний бөхийн холбоо… Ямар хүртээлтэй юм бэ, Таны зөв байлаа ч бүгдийг орхиж хаяад, төрийн ажилдаа оч гэж, хүндэт аваргад хэлмээр санагдах боллоо.

Бүгд л халааснаасаа “шүүхийн шийдвэр” гаргаж ирдэг болсон дуусдаггүй “зодоон” дунд  хэвлэлийнхэн ч учрыг нь олохоо байж, хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгаад эргэлзэхэд хүрч байна. Тэдний үзэл бодлоо гаргаж хэлэхдээ унасан болгоомжгүй зарим үгс бөхчүүдийг бүхэлд нь гутааж эхэллээ. "Сумын заан болоход таван сая, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол 500 сая төгрөг өгдөг болсон" гэж дархан аварга А.Сүхбатын хэлснийг бөхчүүд хавтгайруулсан доромжлол хэмээн хүлээн авч болно.

МҮБХ-ны “Их Эе” тойрсон энэ үл ойлголцол дундаас “Дархан аварга А.Сүхбатыг 2002 онд допингийн зөрчил гаргасан. Энэ нь монгол бөхийн түүхэн дэх сэргээш хэрэглэсэн анхны тохиолдол” гэх мэдэгдлийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан гаргаж тавилаа. МҮБХ тухайн үед яагаад сэргээшийн дүнг зарлаагүй вэ?, БНСУ-д хадгалагдаж байгаа шинжилгээний хариуг одоо дахин шалгуулж болдог уу…? Дуусдаггүй маргаан дунд бас нэгэн хөвөх утас нэмэгдэв бололтой.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэм, допинг гээд бөхөө бодсон хүмүүст өөрчилж, шинэчлэх, сэдэх зүйлс байна уу гэвэл бий. Хэрүүлийн гал дээр тос нэмэх бүрт монгол бөхийн нэр хүнд сэвтэж, түүнийг хүндэтгэж үзэх шалтгаан бүдгэрч байгаа нь 14 жил сунжирсан энэ маргааны гол хохирол. Хохирогч нь бөхчүүд юм.   

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хэлснээр бол ирэх онд МҮБХ-ны “Их Эе” хуралдах юм байна. Тэр хурлыг ямар ч маргаангүй, алдаагүй хийхэд харин бөхчүүд, бөхийн хүрээнийхэн анхаарлаа хандуулбал зөв болох байх. Түүнчлэн МҮБХ гэдэг төрийн бус байгууллагыг ач холбогдолтой харагдуулдаг “Бөхийн өргөө”-ний өмчлөлийн асуудлыг тодорхой болгох нь цаашдын ажилд өлзийтэй байж мэднэ. Үндэсний бөхийн холбоог “Бөхийн өргөө” гэж хардгаас бас их олон зүйл шалтгаалдаг шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж