Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын дуулианд нэр холбогдсон БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үзүүлэх асуудлаар тус улсын парламент өнгөрсөн Баасан гаригт /2016.12.09/ санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй хэмээн үзсэн билээ. Гэхдээ энэ шийдвэрийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн Цэц эцэслэн батламжлах учиртай. Үндсэн хуудийн Цэц өнөөдөр дээрх асуудлаар эхний хуралдаанаа хийж, Үндэсний ассамблей болон Хууль зүйн яамнаас тус тусын дүгнэлтийг авахаар болсон байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч товч мэдээлэл хийжээ.
Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй Хууль зүйн хорооноос хэрэгтэй нь холбогдуулан Пак Гын Хэгээс тайлбар мэдүүлэг авахаар болж, ирэх Баасан гариг гэхэд бичгээр ирүүлэхийг даатгасан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн тэргүүн Пак Хан Чуль энэ хэргийн үйл явцыг хариуцан ажиллах 2-3 шүүгчийг ирэх долоо хоногт томилохоор болжээ.
Сануулахад, ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах нь зүйтэй гэж үзсэн парламентийн санал хураалтын дүнг Үндсэн хуулийн Цэц 180 хоногийн дотор баталгаажуулах ёстой юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дуулиантай холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, Өмнөд Солонгосын намууд улс орныг тогтворжуулах гурван талыг хамарсан хороо байгуулахаар тохиролцсон байна. Үүнд эрх баригч нам болон сөрөг хүчин, мөн засгийн газар багтаж буй ажээ. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, тэр тусмаа нэг хүний гарт хэмжээлшгүй эрхийг төвлөрүүлдэг ерөнхийлөгчийн засаглалтай өнөөгийн системийг өөрчлөх асуудлаар тусгай зөвлөл байгуулахаар санал нэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ