Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт Их хурлаа хийж, намын даргыг бүх гишүүдээсээ санал аван тодруулахаар шийдвэрлэсэн бол намын даргад нэр дэвшигчийн бүртгэл өнөөдөр /2016.12.12/ эхэлж байна. Намын даргад нэр дэвшигчийн бүртгэл нь арванхоёрдугаар сарын 17-нийг дуустал үргэлжилнэ.
Мөн Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, татвараа төлсөн гишүүн нь намын даргаа сонгох сонгуульд оролцох эрхтэй байх юм.
Эл асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Их хурлаас Ардчилсан намын даргын Сонгуулийн хороог нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Үүнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр нэг төлөөлөл багтсан байна. Тус хороог Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Оюунбаатар ахалж буй. Их хурал болж өнгөрсний дараа буюу энэ сарын 8-нд тус хороо нь удирдлага зохион байгуулалтаа хийн, улсын хэмжээнд нийт 339 сонгуулийн салбар хороог байгуулжээ.
Ардчилсан намын дүрэмд зааснаар намын даргад нэр дэвшигч нь 40 хоногийн хугацаанд сурталчилгаагаа хийх бол намын даргыг тодруулах сонгууль ирэх нэгдүгээр сарын 29-нд улс даяар зохион байгуулагдах аж.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ-ны 27 жилийн ой болсон. Ач холбогдол багатай өнгөрүүллээ гэдэг зүйл яригдах. Ардчилсан нам Их хурлаараа шинэчлэл эхлүүлнэ гэсэн ч зогсох шиг. Шинэ намын даргад гаднаас орж ирсэн хүмүүс буюу Л.Гүндалай нар өрсөлдөх боломжтой байхаар дүрэмд өөрчлөлт оруулсан гэдэг асуудал хөндөгдөх боллоо?
Л.Эрхэмбаяр: -МоАХ бол өөрөө бие даасан байгууллага. Бөхөө барилдуулж, бусад үйл ажиллагаа болсон. Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөдөг, энэ уламжлалт арга хэмжээ болсон.
Шинэчлэл зогсчихов уу гэлээ, дөнгөж эхэлж байна. Их хурлаа хийнгүүт улс төрийн нам шинэчлэгдэхгүй, 2-3 жилийн туршид үргэлжилнэ. Тэр байтугай Монгол хүн бүрийн сэтгэлгээнд өөрчлөлт орж, хөдөлмөрийг шүтдэг, өөрсдөө ажлаа явуулдаг, улстөрөөс хараат бусаар ажиллаж болно гэдгийг мэдэрдэг болсон цагт л энэ бүх шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Мөн улс төрөө хийж байгаа нь ёс суртахууны хувьд, ёс зүй хувьд, эрдэм мэдлэгийн хувьд, туршлагын хувьд Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс олноор бий болж байж, явна. Шинэчлэл шат дараатай явах ажил.
Ардчилсан намд сүүлийн таван жилд гишүүн байсан хүн даргад өрсөлдөх эрх эдэлнэ. Сонгуулийн хорооноос өчигдөр гаргасан журмаар ингэж тогтсон. Намын даргад нэр дэвшигч нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн шалгуур хангасан байх. Тухайлбал, гэм буруугүй байх нь нотлогдсон гэх мэт шалгуур байгаа. Энэ шалгуурыг заавал хангасан байх ёстой.
-Ардчилсан намын даргад олон хүн өрсөлдөнгүүт сурталчилгаа хийгээд явахад хүндрэлтэй гэж байсан. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж эхэлж байгаа учраас арванхоёрдугаар сарын 17-ны 16.00 цагийн байдлаар хэдэн хүн нэр дэвшсэн нь тодорхой болно. Нэр дэвшигчид дангаараа ухуулга, сурталчилгаа хийхгүй. Сонгуулийн хорооноос нэгдсэн журмаар хамтад нь авч явж, орон даяар сурталчилгааг нь зохион байгуулна. Мөн халз мэтгэлцээнийг орон даяар нэгэн зэрэг хийхээр төлөвлөж байна.
-Л.Гүндалай Ардчилсан намд элсэнэ гээд өргөдөл бариад гүйж явсан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ч санаа байгаа. Та Л.Гүндалайг Ардчилсан намд гишүүнээр элсүүлэх боломжгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Ямар үндэслэлээр бүртгэх боломжгүй байна вэ?
-Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намын дарга. Намын даргыг чөлөөлөх асуудал Их хурлаар шийдэгддэг. Өөрөө хүсэлтээ л гаргасан болохоос биш намын даргаа өгөөгүй байгаа. Манай нам өөр намын гишүүнийг хүлээж авдаг заалт байхгүй. Дээр нь Хөвсгөлийн Ардчилсан нам болоод бусад газраас “Л.Гүндалай Ардчилсан намд элсэх ёс зүй байхгүй” гэдэг асуудлыг тавьж байгаа. Б.Жаргалсайханы хувьд одоогоор намд элсэх хүсэлт тавиагүй байна.
-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж дүрэмдээ заасан юм уу?
-Шинээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, тэр хүн Ерөнхий сайд л болох ёстой.
-Ардчилсан нам 2-3 дэд даргатай байхаар дүрэмдээ заасан юм уу. Их хурлаараа дүрмийн шинэчлэлээ бүрэн хийж чадаагүй нь ямар шалтгаантай холбоотой юм бэ?
-Намын дүрмийн шинэчлэлийг нийт гишүүдээсээ санал авсны үндсэн дээр хийх нь зөв юм гэж үзсэн. Нам 2-3 дэд даргатай байх дүрмийн төсөл явж байгаа. Мөн л нийт гишүүдээрээ хэлэлцүүлж санал авч байж, шийднэ. Их хурал 2017 оны хоёрдугаар сард болно.
-Их хурлаар намын хариуцлага алдсан гишүүдэд хариуцлага тооцсонгүй, шинэчлэл хийхэд энэ нь маш их тээг болно гэсэн асуудлыг Ардчилсан намын гишүүд тавьж байна. Их хурлын гишүүд жишээлбэл, Засгийн газраа унагасан гишүүдэд хариуцлага тооцох асуудалд ямар байр суурьтай байсан бэ?
-Намын шинэчлэлийн нэг томоохон бүлэг асуудал нь хариуцлагын асуудал байгаа. Хариуцлагыг ямар үед тавьдаг болох вэ гэхээр нийтээрээ шийдвэрээ гаргачихсан тохиолдолд. Жишээлбэл, Оюутолгойн асуудалд манай нам ийм байр суурь баримтална гээд шийдвэрлэчихсэн. Эсвэл энэ Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гээд ҮЗХ-ны хуралдаанаар гаргачихсан байхад түүнийг биелүүлээгүй гишүүнд хариуцлага тооцдог ийм тогтолцоо руу орох юм.
Засгийн газрыг огцруулсан гишүүдэд хариуцлага тооцох асуудалд манай намын гишүүд хоёр өөр байр суурьтай байна. Энэ нь одоогийн тогтолцооноос болж байна, хүнээсээ биш. Тухайлбал, ҮЗХ-ны хуралдаанаараа Засгийн газрын талаар шийдвэр гаргаагүй учраас өөрийнхөө үнэлгээгээр хандсан. Тийм учраас УИХ-ын гишүний өөрийнх нь эрхийн асуудал байсан. ҮЗХ-ноос шийдвэр гаргасан түүнийг дагаагүй бол хариуцлагын асуудал ярьж болох юм гэдэг.
-Намын даргад өрсөлдөөд унасан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй, дүрмээрээ.
Г.ДАРЬ