Хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэнтээ сошиалаар бусдыг дайрч доромжилж суудаг нөхдүүдийг “лалар” гэж хэлснээсээ болоод олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн. Чухамдаа яагаад ингэж хэлэх болсноо тэрбээр “Яг хэн болох нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан хүмүүс өнөөдөр сошиал ертөнцөд дуртайгаа ярьж, бусдыг харааж зүхэж, хүмүүсийг хүчирхийлэлд турхирч, элдвээр аашилж байна. Тэд юуг ч харлуулан гутааж, гүтгэж, доромжилж байна. Тэд нүүрээ нуусан учраас яахаас ч буцахгүй зоригтойгоор бусдыг “алж” байна. Ичих, айх юм үнэхээр алга” хэмээн тайлбарласан бий.
Монголчуудын хувьд олон нийтийн цахим сүлжээ нийгмийн нэг салшгүй хэсэг болсон. Найман настай балчираас наян настай хөгшид хүртэл энэ орон зайнд “амьдрах” болсон нь худлаа биш. Гэхдээ үүнийг дагаад нийгэмд олон сөрөг үзэгдэл бий болж байна. Ялангуяа, твиттер, фэйсбүүкийг мэдээлэл түгээх талаас нь ашиглахгүйгээр сошиалд солиорч болно гэсэн хандлага улам газар авах тусмаа нэг талаасаа хүний эрх боловч нөгөө талаасаа бусдын нэр төр хийгээд эрхэнд бүдүүлгээр халдаж байна гэсэн үг.
Нэгэн жишээ: Иргэн Х ачийгаа тэврэн салхилуулж зогсчээ. Гэтэл үл таних нэгэн зургийг нь авч “Шил архиар солино” гэх гарчигтайгаар фэйсбүүкт нийтлэв. Үүнийг харсан иргэд Х-г элдвээр хэлж, харааж зүхэн, бусадтайгаа хуваалцсаар олны сонорт хүргэжээ. Гэвч эцэстээ твиттер дэх дагагчаа нэмэх гэсэн, лайкаа олшруулах эрмэлзэлтэй нэгний “тэнгэр харж” бичсэн мэдээлэл болж таарав. Уг нь тухайн үедээ иргэн Х-гийн нэр хүндийг сэргээж, цагдаагийн байгууллагаас бодит мэдээлэл өгсөн. Гэвч анхны мэдээлэл нь залруулганаас илүүтэй хүнд хүрчээ. Тухайн үед мэдээлэл тараасан этгээдийг шалгаж байгаа гэсэн ч сүүлдээ сураг алдрав.
Нэгэн жишээ: Нөхөртэй нь уулзаж, унтаж хэвтсэн хэмээн иргэн С-ийн зургийг нь тавьж, харааж зүхсэн мэдээллийг үл мэдэх хаягнаас “Чаднаа охидоо” гэх эмэгтэйчүүдийн группт түгээв. Хариуд нь бүсгүйчүүд “Балиар, заваан эмэгтэй”, “Садар эм” хэмээн харааж зүхэв. Гэвч 40 минутын дараа иргэн С өөрийгөө ийм зүйл хийх хүн биш, хуурамч хаягаар ийм гүтгэлэг бичсэн хэмээн өнөө группт тавьжээ. Тэрбээр хуурамч хаягийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ ч мэдэгдсэн байна. Гэвч хуурамч хаягны ард суух үл мэдэх этгээд иргэн С-ийн зурагтай өнөөх нийтлэлээ фэйсбүүк группууд рүү тараасаар байв.
Үндсэн хуулиар олгогдсон “хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх” эрхтэй нь үнэн. Гэвч таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг ардчилалын нэг зарчим. Энэ зарчим амьдрал дээр, тэр тусмаа сошиалд өдөр бүр алдагдаж буйг хүний эрхийн төлөө тэмцэгчид ч хэлж байна.
Энэ мэтээр дэлгэцийн араас хэний ч эрхэнд халдаж, хэн нэгний амьд явах эрхэнд нөлөөлж болохоор болчихжээ. Цахим гүтгэлэг, цахим доромжлол гэх энэ үйлдэл жижиг зүйл мэт авч эргээд хүний эрхтэй холбогдох ээдрээтэй асуудал мөн үү гэвэл мөн. Ингээд хэлбэл, би өөрийнхөө орон зайнд юу гэж “солиорох нь” миний эрх гэж хэлэх хүн олон байх биз.
Үндсэн хуулиар олгогдсон “хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх” эрхтэй нь үнэн. Гэвч таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг ардчилалын нэг зарчим. Энэ зарчим амьдрал дээр, тэр тусмаа сошиалд өдөр бүр алдагдаж буйг хүний эрхийн төлөө тэмцэгчид ч хэлж байна.
Яг ийм асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст нэгэн эмэгтэйгээс гомдол иржээ. Өнгөрөгч хоёрдугаар сард болсон явдал юм гэнэ. Иргэн Т-г хүний наймаачин хэмээн цоллож овог нэр, зурагтайгаар фэйсбүүк, твиттер, цахим сайтуудад байрлуулжээ. Иргэн Т-гийн хувьд цахим сайтуудад мэдээлэл нь гарсан тул гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл рүү шилжүүлсэн байна. Харин үүнтэй адилаар олон нийтийн сүлжээнд бусдын халдлага, доромжлолд өртсөн гэх гурван гомдол Хүний эрхийн үндэсний комисст энэ онд ирсэн байна. Эдгээр гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй.
Тэгвэл цагдаагийн байгууллагад ч ийм гомдол нэмэгдэх шинжтэй байна. Энэ оны эхний есөн сард цахим орчинд хохирсон гэх 27 гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулжээ. Үүний тавыг нь прокурорын байгууллагаар хянуулахаар шилжүүлсэн байна. Гэвч бодит байдал дээрээ гүтгүүлсэн хүний эрхийг хэрхэн сэргээж байна вэ, гомдлыг хэрхэн барагдуулах вэ, зохицуулах боломж хэр вэ гэдэг нь дээрх гомдлуудын бүдгэрсэн жишээнээс л харж болмоор.
Чухамдаа сошиалд юу гэж солиорох нь таны эрх мэт боловч бусдын нэр төр хийгээд амьд явах эрхэнд нь халдах хүртлээ солиорох нь гэмт хэрэг юм.
Хэдий тийм ч цахим гүтгэлэг гээч энэ зүйлийг гааруулахгүйн тулд иргэд тухай бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь үүнийг “цэцэглүүлэхгүй” байх наад захын арга хэмээн сануулж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагад Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж бий. Иргэд өөрийн харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж тухай бүртээ бүртгүүлэх нь “цэцэглэж” буй цахим гэмт хэргийг хазаарлах анхны алхам болно гэдгийг албаныхан сануулж буй. Чухамдаа сошиалд юу гэж солиорох нь таны эрх мэт боловч бусдын нэр төр хийгээд амьд явах эрхэнд нь халдах хүртлээ солиорох нь гэмт хэрэг юм. Учир нь сошиалд бусдыг гүтгэж, доромжилж, амьд явах эрхэнд нь халдаж болно гэсэн хууль байхгүй.
Б.ЗАЯА