Мэдээллийн технологийн дэвшлийн үрээр дэлхий нийт интернэтийн сүлжээнд суурилсан олон нийтийн сүлжээг шимтэн хэрэглэж байгаа. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Facebook хэрэглэгчийн тоо нэг тэрбум 79 сая байгаа бол Twitter хэрэглэгч 317 сая хүн байна. /Эх сурвалж: www.statista.com/
Дэлхийн даяарчлалыг, эрх чөлөөтэй хамт бодитоор мэдрүүлж буй зүйл бол олон нийтийн сүлжээ. Харин сүүлийн үед энэ орчны эрх чөлөө хэтрээд байгааг шүүмжлэн ярих боллоо. Нэн ялангуяа арваннэгдүгээр сарын 8-нд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа халуун сэдэв болоод байна. Энэ сонгуулийн санал хураалтын болон сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нийгмийн сүлжээний идэвх нэн өндөр байсны хажуугаар энэ сүлжээнд тархсан худал, хуурамч мэдээллийн эзлэх хувь төдий чинээ өдөр байжээ. Тиймээс энэ худал, хуурамч мэдээллийн “байлдан дагуулалт”-аас хэрхэн сэргийлэх вэ, ямар гарц байгаа талаар ид ярьж байна. Нэн ялангуяа АНУ-ын хэвлэлийнхэн, улс төрийн ажиглагчид, пиарчид илүүтэй энэ сэдвийг хөгжүүлж байна.
Энэ сонгуулийн үеэр АНУ-ын хэвлэлийн томоохон редакциуд өмнө хожид байгаагүй олон тооны баримт нягтлагчийг ажиллуулах шаардлага гарчээ. Тэдгээр хүмүүс Дональд Трампын бараг үг нэг бүрийг шалгах хэрэгтэй болж, үнэн бодит эсэхийг нягталсан мэдээллийг хэдэн мянгаар түгээжээ. CNN сувгийн "Найдвартай эх сурвалж" нэвтрүүлгийн хөтлөгч Брайан Стелтер энэ үзэгдлийг “хүнд өвчин”-ий шинж хэмээн тодорхойлоод "Энэ өвчин Трампын сонгуулийн кампанит ажлаас өмнө эхэлсэн, одоо өвчин бүүр сэдэрч байна. Бид мэдээллийн дайны аймшигтай эрин үе рүү орлоо. Дайны эхний золиос үнэн бодит байдал байдаг гэсэн эртний үг санаанд орж байна” хэмээн ярьсаныг эш татаж байна.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ хоёр “гар барьсан” нь чөтгөртэй нөхцсөн хэрэг боллоо гэж хүртэл бичиж байна. Илүү олон уншигчдад мэдээллээ хүргэх, шинэ зах зээлийг бий болгох талбарыг олон нийтийн сүлжээ гэж харан энэ платформ руу идэвхтэй орсоныг шүүмжлэгчид ийнхүү “чөтгөртэй нөхцсөн” явдал болсон хэмээн дүгнэж эхэллээ. Гэтэл олон нийтийн сүлжээний гол хөдөлгөгч хүч нь хүмүүсийн сэтгэлийн хөөрөл, эмоц дээр суурилж байгаа нь баримт, эх сурвалжид түшиглэдэг сэтгүүлчийн хөдөлмөрийн гол үнэ цэнийг бууруулсан хэмээн үзэж байна. Тиймээс Facebook, Twitter сүлжээндээ цацагдаж байгаа баримтыг нягтлалж, хуурамч, худал мэдээллийг сүлжээнээс устгах ёстой гэсэн хандлага сүүлийн үед, ялангуяа АНУ-д давамгай болж ирж байна. Гэтэл энэ нь олон нийтийн сүлжээний анх бий болсон мөн чанартай харшилна. Гэсэн ч Facebook-ийн зүгээс сүлжээнд тархсан худал мэдээлэлтэй ямар нэг байдлаар тэмцэхээ Трампын ялалтын дараахан мэдэгдсэн. Google, Twitter ч мөн энэ чиглэлд анхаарал хандуулж эхэллээ. Хэдэн сая хэрэглэгчийг дагаад эдгээр сүлжээ зар сурталчилгаанаа ихээхэн ашиг олж байгаа. Тиймээс худал, хуурамч мэдээлэл тарааж байгааг зар сурталчилгааны орлоготой нь холбон хариуцлага тооцож болох юм гэсэн санаанууд ч явж байна.
Энд яригдаж буй бүх зүйл Монголд мөн тохиолдож байгаа. Олон нийтийн сүлжээг тархи угаах, бодит байдлыг гуйвуулах, өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгон ашиглах нь улам бүр ихэсч байна. Олон нийтийн сүлжээг үзэл бодол, байр сууриа илэрхийлэх талбар болгон ашиглахаас илүүтэй худал мэдээлэл түгээх талбар болгон ашиглаж байгаа хүмүүс зөвхөн нэг болоод хэсэг хүний эрх ашгийн төлөө ёс зүйгүй, хүндэтгэлгүй аашилж байгааг хэрэглэгчид ойлгож, цацагдаж байгаа мэдээлэлд өөрийн цензуртай хандахыг цаг үе шаардаж байна. Мэдээллийг ялгаж, ангилж, боловсруулж, хэрэглэж чаддаг байхыг шаардаж байна. Үүнийг Media literacy хэмээн томъёолдог.
Үнэндээ эх оронч байхаас илүүтэй мэдлэгтэй, боловсролтой, үнэн худлыг ялгаж салгаж, өөрийн байр суурин дээр зогсч чаддаг, энэ байр сууриа илэрхийлж чаддаг чадварыг энэ зуун монголчуудаас шаардаж байна. Попчид олширч, бүүр төрийн эрх барих түвшинд хүртэл сонгогдон гарч ирж байгаа нь иргэдийн мэдлэг боловсрол, соёлтой холбоотой. Чадваргүй хүмүүс үржих хөрс суурийг бид өөрсдөө л бэлдэж өгч байгаа.
Бодит байдлаас тасарсан, иргэдийн мөнгөөр орлогождог хэвлэлүүд иргэдээ үзэн яддаг, үл тоомсорлодог, хариуцлага хүлээдэггүй хэвлэл мэдээлтэй болоод АНУ олон жил болсон нь сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээнд ялагдах болсон шалтгаан гэж үзэх байр суурьтай хүмүүс байгаа нь бидэнд нь мөн нэгийг бодуулах учиртай. АНУ-ын судалгааны Pew төвийн мэдээгээр насанд хүрсэн америкчуудын 62 хувь нь нийгмийн сүлжээнд итгэж байгаа нь дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм.
Холбоотой мэдээ