Эцэг шигээ дарангуйлагч, бас шинэчлэгч байж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

Эцэг шигээ дарангуйлагч, бас шинэчлэгч байж чадсангүй

Өнгөрч буй он олон улстөрчдөд халтай байлаа. Тэдний нэг бол Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ. Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн Баасан гаригт түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын дуулианд холбогдсон тул итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй хэмээн үзлээ. Одоо энэ шийдвэрийг тус улсын Үндсэн хуулийн Цэц баталгаажуулах юм. Тэр болтол Ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд Хван Гё Ан гүйцэтгэнэ.

Парламентын 300 депутатын 234 нь Ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгөв.

Ерөнхийлөгчийн найз эмэгтэй Чой Сун Шил ямар нэгэн тушаал эрхлээгүй мөртлөө Ерөнхийлөгчийн хэлэх үгийг засч редакторлож, өндөр тушаалд хэнийг томилох асуудлыг шийдэж байсантай холбоотойгоор энэ дуулиан мандсан нь ийнхүү импичментэд хүргэлээ. Түүгээр ч барахгүй Чой Ерөнхийлөгчид “ид шидийн” нөлөө үзүүлж байсан гэх. Тэрбээр “Мөнхий амьдрал” гэх шашныг үндэслэгч Чойе Тхэ Минийн охин, туршлагатай удган. Эцэг нь өөрийгөө христийн болон майдар бурхдын хувилгаан дүр гэдэг байсан аж.

Хамгийн сүүлийн мэдээгээр, Чой Ерөнхийлөгчид нөлөөлөн өөрийн олон тооны буяны санд хандив цуглуулж байсан нь тогтоогдоод байна. Ерөнхийлөгчийн зөвлөмжийн дагуу томоохон корпорациуд тэр сангуудад нэлээдгүй мөнгө хандивлажээ. Удган тэр мөнгийг гадаадын банкуудаар дамжуулан угааж байсан гэнэ.

Энэ хэргийг одоо прокурорын газраас мөрдөн шалгаж байгаа. Чой Сун Шил, түүний туслахууд, энэ системээс мөнгө авч байсан гэх ялыг хүртэл Ерөнхийлөгчид  өгөөд байгаа.

Өмнө нь Пак Гын Хэ өөрийн алдааг хүлээн зөвшөөрч нүдэндээ нулимастайгаар ард түмнээсээ уучлалт гуйж байлаа. “Миний хайнга байдлаас үүсэлтэй санаанд багтамгүй хүндрэл учруулсандаа би дахин уучлалт гуйя. Нутаг нэгтнүүдийнхээ зүрх сэтгэл зовлоноор дүүрснийг би харж байна. Үүний төлөө хэдэн зуун удаа уучлалт гуйх ёстой. Би намайг огцруулах парламентын шийдвэрт захирагдана” гэж тэр хэлжээ.

Хэрэв Ерөнхийлөгч өөрөө сайн дураар огцорсон бол түүнд нэр нүүрээ хадгалан үлдэхэд нь тустай байлаа. Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг 60 хоногийн дотор зарлах ёстой.

Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцэл одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Пакыг баривчлан хорихыг шаардаж байна.

ААВЫН ОХИН БИШ

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгчид парламентын шийдвэр хүчтэй  цохилт боллоо. Ерөнхийлөгч Пак Гын Хэ бол орчин үеийн Өмнөд Солонгосын зөрчилдөөнтэй намтар бүхий удирдагчийн охин юм. Авторитар удирдагч Пак Чон Хи тус орны эдийн засгийн өнөөгийн амжилтыг суурийг тавьсан хүн хэдий ч хатуу чанд аргаар өрсөлдөгчдөө мөрдөн мөшгөж иржээ. Хэрэв солонгосын ахмад үеийнхэн Пак Чон Хи-ийг сайнаар дурсдаг бол Пак Гын Хэ эцэг шигээ ажиллаж чадахгүй байна гэдэг. Харин залуу үеийнхэн Пакыг зүгээр л дарангуйлагчийн охин гэж хүлээж авдаг.

Дуулиан дэгдсэн арваннэгдүгээр сараас хойш Пак Гын Хэгийн чансаа огцом унасан. Түүнийг шүүмжлэгчид удирдах чадварыг нь “эзэнт улсын”, энгийн хүмүүсийн хэрэглээнээс хол” гэж хэлж байгаа. Эцгийнх нь сүүдэр түүний имижид сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Тэр энэ тушаалд өөрийгөө огт харуулж чадаагүй, харин эцэг нь цэргийн хатуу дарангуйлагч, эдийн засгийн шинэчлэгч гэсэн хоёр чанарыг өөртөө агуулсан хүн байжээ.

Харин охин нь дарангуйлагч ч биш, шинэчлэгч ч биш байлаа. Одоогоор Үндсэн хуулийн шүүх ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй. Үндсэн хуулийн Цэц парламентын шийдвэрийг зургаан сарын дотор хэлэлцэнэ. Хэрвээ импичментыг дэмжсэн шийд гарвал ирэх жилийн гуравдугаар сард ээлжит бус сонгууль явагдах юм. Өмнөд Солонгосын шүүх 2004  ерөнхийлөгч Му Хенд үзүүлсэн импичментыг дэмжээгүй тохиолдол бий. Гэхдээ Му Хенд 2009 онд авлигын хэрэг тулгахад тэр хаднаас үсрэн амиа егүүтгэсэн. Му Хен компьютертаа “Би хүнд цагийг туулж байна. Хэтэрхий олон хүний амьдралыг би ээдрээтэй болгожээ” гэж бичсэн байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж