УИХ-ын Тамгын газраас өчигдрийн /2016.12.12/ ирцийн мэдээллийг гаргажээ. Үүгээр УИХ дахь МАН-ын бүлгээс Ё.Баатарбилэг Архангайд, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Д.Мурат Швейцарьт ажиллаж байна. Эмнэлгийн чөлөөтэй гурван гишүүн нь Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Б.Батзориг нар юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдээс 20 нь гадаадад, мөн зарим гишүүн орон нутагт томилолтоор ажилласан, 3-4 гишүүн өвчтэй, Ардчилсан нам Их хурлаа хийсэн зэргээс шалтгаалж, зарим өдөр Байнгын хорооны хуралдаан хойшлох, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болох зэрэг хүндрэл гарсан юм. Энэ долоо хоногт дээрх бэрхшээл харьцангуй бага гарах төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын VI Их хурал Соёлын төв өргөөнд хоёр өдөр болж, намын даргаа сунгаагаар тодруулахаар болсон. Намын даргар нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл өчигдрөөс эхэлж, энэ сарын 17 хүртэл үргэлжлэх юм. Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, П.Цагаан, Ж.Батзандан нарын хүмүүс ил тодоор зарласан. Харин ил зарлаагүй ч Ардчилсан намын даргад өрсөлдөх сонирхолтой хүмүүс энэ сарын 17-ны дотор нээлттэйгээр, тэгш эрхтэйгээр нэрээ дэвшүүлэх боломжтой юм.
Ардчилсан нам өнөөдрийн байдлаар 180 мянган гишүүнтэй. Үүнээс ганцхан хүн Ардчилсан намын даргад нэр дэвших эрхгүй аж. Тэр нь З.Энхболд.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар /2016.12.12/ Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар болон Ардчилсан намын VI Их Хурлын үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.
Бүлэг "2012 оноос дэлхийн зах зээл дээр үүссэн эрдэс, түүхий эдийн үнийн уналттай холбоотой хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар дэлхийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 300 сая ам.долларын Чингис бонд босгосноор дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа дэмжиж, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлсэн” байна.
Монгол төгрөгийн гадаад валюттай харилцах ханш суларсаар байгааг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ онцлов. Тухайлбал, Монголбанкны нэрлэсэн төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 2016 оны арванэгдүгээр сард 2434 төгрөг болж, нэг жилийн дотор 441 төгрөгөөр сулрав.
Монгол Улсад худалдаа, наймаа эрхэлдэг 200 гаруй мянган иргэдийн төлөөлөл /2016.12.12/ мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 40 гаруй худалдааны төв, зах дээр 200 мянга гаруй худалдаачин худалдаа наймаа хийдэг. Эдгээрээс 80 гаруй хувь нь хувь хүн, банк бус санхүүгийн байгууллага, банкинд их бага хэмжээний зээлтэй байдаг аж. Тэд өөрсдийн эрх ашгаа хамгаалж “Худалдаачдын холбоо” байгуулахаар болсоноо мэдэгдлээ. Энэхүү холбоог байгуулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй худалдааны төвийн 2000 худалдаачнаас судалгаа авчээ. Нийт худалдаачдын 82 хувь нь зээлтэй, зээлтэй иргэдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.
Улсын төсвийн тэнцэл 2.7 их наяд хүрч өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 575.2 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага, орлогоосоо 25.6 пунктээр давсантай холбоотой хэмээн Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ /2016.12.12/ мэдээллээ.
Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ долоон их наяд 736.7 тэрбум төгрөг давсаныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их наяд 604.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зарлага ингэж өсөхөд урсгал зардал 887.1 тэрбум, хөрөнгийн зардал 266.6 тэрбум, цэвэр зээл 450.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хотын даргын албан даалгаварт нийслэлийн төсөвт байгууллагууд шинэ жилийн болон бусад баярын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх, Өвөлжилтийн явцад гарч болзошгүй бусад хүндрэлтэй асуудалд онцгой анхаарч, зохих бэлтгэлийг хангаж ажиллах, нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулж ажиллах, баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, дулаан зориулалтын тээврийн хэрэгслээр үйлчлэхэд хяналт тавьж ажиллах, аюул осолгүй, урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох газар, албадад даалгажээ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж.