МАН-ын долдугаар бага хурал болж, Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Ингээд албан ёсоор генсек болсон түүний байр суурийг хүргэж байна.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсонд баяр хүргэе. Энэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр зургаан сар орчим ажилласан болохоор хийж байсан ажлаа үргэлжлүүлээд явахад амар байх тийм үү?
-Юуны өмнө намын гишүүддээ талархаж байна. Өндөр итгэл үзүүлж, энэ албан тушаалд томилсонд талархаж байна. Энэ бол туйлын хариуцлагатай албан тушаал. Бид УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд үнэмлэхүй амжилт гаргасан. Үүнийгээ дагаад том хариуцлага ирсэн. Тиймээс миний зорьж хийх ажил бол намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Намын байгууллагаа шинэлэг байлгах тал дээр анхаарна. Мөн бодлогын судалгаан дээр суурилж шийдвэр гаргадаг улс төрийн хүчин байх болно. Ард түмний итгэлийг даасан шиг дааж, ард түмний хүсэн хүлээсэн амжилт бүтээлийг гаргаж, Монгол орныг эдийн засгийн хямралаас гаргаж, ард иргэдийн амьдрал ахуйг дээш нь татахын төлөө өөрт байгаа бололцоог дайчлан ажиллана гэж бодож байна. Өнөөдөр МАН-ын дарга улс төрийн илтгэл тавьсан. Илтгэлдээ ёс зүйн хариуцлага, хүнд суртал, авлигал гэх мэт олон асуудлыг хөндсөн. Ёс зүйтэй байж, хүнд суртлыг арилгах, ёс зүйн алдаа гаргах юм бол хариуцлагаа хүлээж сурах, авлигаас ангид амьдрах саналыг намын дарга гаргаж тавьсан. Үүнийг бүрэн дэмжиж ажиллана. МАН-аас сонгож томилогдсон улс төрийн албан тушаалтантай хариуцлагын гэрээ хийж ажиллах шийдвэрийг бага хурлаас гаргасан. Энэ асуудлыг богино хугацаанд ажил болгоно гэсэн бодолтой байна.
-Танай намынхан залуу хүнд итгэл үзүүлсэндээ сэтгэл хангалуун байх шиг байна. Нөгөө талаар ирэх дөрвөн жилд илүү шинэлэг ажиллаасай гэсэн том даалгавар танд өгөх шиг боллоо?
-МАН бол зөвхөн Монголдоо төдийгүй Азид өөрийн он удаан жилийн түүх, сонгуульд гаргаж буй амжилтаараа дээгүүрт жагсдаг улс төрийн хүчин юм. Саяхан би Европ, Германд социал демократ намуудын цуглаанд оролцсон. Социал демократ үзлэ баримтлалтай улс төрийн хүчнүүд дотор МАН нэлээн дээгүүр яваа учраас амлалтаа хэрэгжүүлэх тал дээр анхаарч байгаа. Цаашинд манай нам илүү шинэлэг, илүү залуу, олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж ажилладаг байхад анхаарна.
-Танд баярлалаа.