Байгалийн цогцолборт зарим газрын хилийн заагийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Байгалийн цогцолборт зарим газрын хилийн заагийг өөрчилжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайланг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга П.Алтангэрэл танилцууллаа.

Хаврын чуулганы үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн зарим хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нараас өргөн мэдүүлсэн  Байгалийн заримцогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамтатган хэлэлцүүлж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Уг тогтоолоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1470 га, Ханх сумын төвийн 5960 га, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хэнтий аймгийн Дадал сумын төвийн 1938 га газрыг чөлөөлж, эдгээр сумын төв, тосгоны эдэлбэрт хамаарах нийт 9369 га газрыг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас чөлөөлсөн байна. Ингэснээр үе залган тус нутагт амьдарсан ч байгалийн цогцолбор газар гэдэг үндэслэлээр өрхийн эзэмших ёстой 0,07 га газраа өмчилж чадалгүй өдий хүрсэн иргэд газартай болох нөхцөл бүрджээ.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолоор Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын 869,1 мянган га газрыг Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын, Булган аймгийн Хутаг- Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сумдын нутгийн 611,3 мянган га газрыг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ангилалд шинээр хамруулж, Улаан тайгын байгалийн цогцолборт газрыг 326,3 мянган га–гаар өргөтгөн ангилал дээшлүүлж дархан цаазат газрын ангилалд багтаасан байна. , Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг 342,2 мянган га-гаар, Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрыг 234,3 мянган га-гаар, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрыг 191,5 мян. га-гаар өргөтгөж, Булган голын байгалийн нөөц газрыг Их, бага Онгогын 80.0 мянган га-гаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн Булган гол- Их Онгогын байгалийн цогцолборт газар болгож, нийт 2,6 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад шинээр авсан байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж