АЗЗА-ын компаниудыг хувьчлах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

АЗЗА-ын компаниудыг хувьчлах нь зөв үү?

-Улсын хэмжээний зорчигч тээврийн 98,8 хувь, ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувийг авто замаар тээвэрлэдэг ажээ-

Монгол Улс нийт хичнээн км автозамтайг та мэдэх үү. Бараг л 50 мянган км /49179,4 км/  автозам улсын хэмжээнд байдаг бөгөөд 12651,4 км нь олон улс, улсын чанартай зам ажээ. Түүний 5354,6 км буюу 42 хувь нь хатуу хучилттай юм байна. Улсын хэмжээний зорчигч тээврийн 98,8 хувь, ачаа тээвэрлэлтийн 65 орчим хувийг авто замаар тээвэрлэдэг ажээ. Энэ хоёрхон үзүүлэлт автозам гэдэг манай улсын хувьд хичнээн чухал болохыг харуулна. Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон автозамын хэмжээ өмнөх 90 жилийнхтэй дүйцэж байгаа тухай олонтаа сонссон биз ээ. Гэвч зам барих нэг хэрэг, барьсан замыг арчлан аюулгүй байдлыг бүрдүүлэх нь байнгын ажиллагаа шаардсан ажил билээ. Замыг арчлалт хамгаалалтгүй орхих аваас барьж байгуулах гэж зарцуулсан өдий төдий хөрөнгө үргүй зардал болон хувирна.

АЗЗА-НУУД АШИГГҮЙ АЖИЛЛАХ БОЛЖЭЭ

Улсын хэмжээний 50 шахам мянган км автозамын (нийслэлийн замыг хасч тооцвол) бүрэн бүтэн байдлыг 20 компани хариуцан ажилладаг ажээ. Тэдгээрийн найм нь хувийн хэвшлийнх бол үлдсэн 12 компани төрийн өмчит компани юм. Төрийн өмчит Авто зам засвар арчлалтын компаниудыг /АЗЗА/ хувьчлах тухай яриа мэр сэр сонсдох болсон. Зам засварлаж арчлах үүрэг бүхий компаниудыг хувьчлах нь зөв үү, хувьчилбал ямар хэлбэрэээр хэрхэн хувьчлах, хувьчлалгүй төрд үлдээлээ гэхэд ямар менежмент, бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллуулбал зохистой талаарх хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг /2016.12.09/-т Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас зохион байгуулсан юм.

Аймгуудад бүрт ажиллаж буй АЗЗА-ын компаниудын үйл ажиллагаа, санхүү аж ахуйн талаас дүгнэлт хийж үзвэл алдагдалтай, ашигтайн аль аль нь байдаг ажээ. Дээрх компаниудын сүүлийн таван жилийн  санхүүгийн байдлыг дүгнэн үзэхэд 2013, 2015 онд алдагдалтай ажиллажээ. 2011 онд 217 сая төгрөг, 2014 онд 536 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан  бол 2015 онд 1,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн гарчээ. Хэдийгээр 8,9 тэрбум төгрөгийн авлагатай ч Кувейтийн сангаас авсан 4,6 тэрбум төгрөгийн урт хугацаат зээлээ өнөө хэр төлөөгүй гэхчилэн системийн хэмжээнд санхүү, менежментийн хувьд доголдолтой гарчээ. Дээр нь АЗЗА-ын компаниуд “хоёр эзний нэг зарц” байдаг. Төрийн өмчит компани гэдэг утгаараа ТӨБЗГ-т харъяалагдахын зэрэгцээ салбарын яам, Зам тээврийн хөгжлийн төв, орон нутаг гэсэн дөрвөн газарт харъяалагддаг хэр нь удирдлага, менежментийн хувьд төдий л сайнгүй байгаа нь анзаарагджээ. Компаниудын машин механизм, тоног төхөөрөмж нь хуучирсан, ажилтан ажиллагсад, инженер техникийн ажилтнууд нь тогтвортой ажилладаггүй зэрэг алдаа дутагдал нийтлэг байна. Энэ бүхнээс үүдэн АЗЗА-ын компаниудыг хувьчлах тухай асуудал хөндөгдсөн байх юм.

ЗАМЫГ ЭЗЭНГҮЙ ОРХИВОЛ ЗОРЧИГЧИД Л ХОХИРНО

Зам бүрэн бүтэн байна гэдэг зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Гэтэл замыг арчлах үүрэг бүхий компаниудад хуваарилж буй хөрөнгө хүрэлцээтэй биш байгааг Зам тээврийн хөгжлийн төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Р.Буд хэлж байна. Олон улс болоод улсын чанартай замын засвар, арчлалтад зориулж 87 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Азийн хөгжлийн банкнаас улсын хэмжээний  зам арчилгаанд жилд 55 тэрбум төгрөг зориулах шаардлагатай гэж тооцжээ. Ийнхүү замын засвар, арчилгаанд зориулж буй хөрөнгө нормативаас доогуур байгаа нь зорчигчдыг ая тухтай зорчуулах, тээврийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхэд хүндрэл учруулж байгааг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Төр хамгийн муу  менежер гэсэн үг бий. Тиймээс төрийн өмчит газруудыг бушуухан хувьчлах нь зүйтэй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл тархсан. Тэгвэл автозамын арчлалт, засвар хариуцсан компаниудыг хувьчлах нь дээрх бүх асуудлыг шийдэх хамгийн оновчтой гарц юм биш үү гэж асуух нь мэдээж. АЗЗА-ын компаниудын дунд хувийн хэвшлийн компани нэг биш байгаа бөгөөд тэдгээрийн хувьд зам арчлалт хамгаалалтаас бус өөр төрлийн үйл ажиллагаа давхар эрхэлж байж ашигтай ажилладаг. Барилга, дэд бүтцийн чиглэлийн ажил давхар гүйцэтгэж байж, зам засварын машин механизм, техникээ шинэчилдэг. Энэ хэрээрээ үндсэн үйл ажиллагаа болох замын арчлалт, хамгаалалт доголдох муу тал ажиглагджээ. Хувьчлагдсан компаниуд замын үндсэн ажлаа хойш тавих аваас “Монголын авто зам эзгүйрэх аюул нүүрлэнэ” гэсэн шалтгааныг авто замын туршлагатай мэргэжилтнүүд хэлж байлаа.

Нөгөөтэйгүүр замыг арчлалт, хамгаалалтгүй орхигдуулбал хамгийн түрүүн зорчигчдод хохиролтой билээ. Замын энхэл донхол, хагархай ханзархайгаас болж хэд хэчнээн осол аваар гарч байгааг тогтоосон нь үгүй. Замаа засахгүй он жилүүдийг үдсэнээс болж, зорчих хэсэг нь эвдэрч гэмтсэн газар өнөөдөр ч хаа сайгүй бий. Гэтэл хөгжингүй орнуудад замын зорчих хэсгийн эвдрэл гэмтэл, халтиргаа, гулгаанаас болж иргэд хохирвол хариуцлагыг замын засвар, арчлалт хариуцсан компаниуд үүрдэг байх жишээтэй. Нийслэлд л гэхэд аж ахуй нэгж, байгууллагын ойр орчмын 50 метр газрын цэвэрлэгээ, арчилгааг тухайн байгууллага хариуцдаг бөгөөд хэрвээ цас мөсөө цэвэрлээгүйгээс иргэд бэртэж гэмтвэл хариуцлагыг байгууллага үүрдэг жишиг тогтоогоод байгаа. Энэ туршлагыг улсын болон олон улсын чанартай авто замд нэвтрүүлбэл ямар вэ. Анхнаасаа стандартын дагуу барьж байгуулаагүйгээс болж осол аваар гарч буй нь ч цөөнгүй. Тэр хариуцлагыг зам барьсанд нь оноодог, ашиглалтын үеийн доголдлыг АЗЗА-нууд үүрдэг жишиг тогтоовол ямар вэ.

АЗЗА компанийн хариуцсан замын урт харилцан адилгүй. Зарим нь 111 км-ыг арчилж байхад Дорнод АЗЗА-гийн арчлах замын урт 1553,7 км хүрч байх жишээтэй. Гэтэл олон улсын стандартын дагуу 50-100 км-ын алслалтайгар зам арчлалтын нэгжийг байгуулах нь хамгийн оновчтой гэж үзжээ. 2020 он гэхэд хатуу хучилттай замын урт 7140 км-т хүрнэ гэхчилэн ирээдүй хэтээ тооцвол одоогийн 20 компани хичнээн хичээгээд ч хүрэлцэхгүй юм. Энэ бүхнийг бодолцон авто замын арчлалт, хамгаалалтын компаниудыг яаран хувьчлахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж