МАН-ын долдугаар бага хуралд 121 гишүүн хүрэлцэн ирснээр 54,5 хувийн ирцтэй эхэллээ. Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даргалж, орлогч даргаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь томилогдсон юм.
МАН-ын долдугаар Бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан. Түүний илтгэлээс товчхон дурдвал. “Намын Бага хурлын VI хуралдаанаас хойших хугацаанд манай орны болон Монгол Ардын Намын амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ удаагийн Бага хурлын хуралдаан Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин болсон үед болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлог юм. Манай намд Монголын ард түмэн бүрэн итгэж байгаагаа өнгөрсөн сонгуулиудаар батлан харууллаа.
Улсын Их Хурлын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа. Энэ бол Монгол Ардын Намын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байлаа. Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7296 мандатаас 4401 буюу 60.3 хувийг нь манай намынхан авчээ.
Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Нам гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа.
Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм.
Нөгөө талаар чамлахааргүй он цагийг элээсэн ч төлөвшөөгүй, төр барих, түмнийг удирдах үйл хэргийг улс төрийн ашиг хонжоо хайх, эрх мэдэлдээ эрдэн дураар авирлах, хэсэг бүлгийн эрх ашгийг гүйцэлдүүлэх төдийгөөр ойлгодог, нийт Монголын төлөө үүрэг хариуцлага үүрч сураагүй улс төрийн хүчний мөн чанарыг монголчууд маань танин мэдсэн нь ялалтын бас нэг үнэ цэнэ юм” гэж илтгэлийнхээ өмнө онцолсон юм.
Ингээд түүний илтгэлийн хэсгээс онцлох эшлэлийг хүргэж байна.
Дөрвөн жилийн өмнөх Монгол, дөрвөн жилийн дараах өнөөдөр хоёрын хооронд тэнгэр газар шиг, тэмээ ямаа мэт ялгаа гарч, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд бараг бүхлээрээ огцом уналтын муруй зааж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.
Эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь болох, зарим тооцоогоор хасах руу ч орж мэдэх, эдийн засагт үнийн өсөлт биш дефляц бий болж байгаа талаар судалгааны байгууллагууд анхааруулж байна.
Өнгөрсөн 4 жилд засаг, төрийн эрхийг барьсан улс төрийн хүчний алдаатай бодлого өнөөгийн хямралт байдлын гол үндэс болсон.
Байн байн, хэтэрхий ил шууд хэлж байна гэж Ардчилсан Намынхан дургүйцэж байгаа. Одоо тэдэнтэй маргаж, мэтгэлцэхээ больё. Зөвхөн урагшаа харъя. Цаг алдаж, алгуурлан алмайрч огт болохгүй түүхэн мөч бидэнд тулгараад байна.
Унаж өвдсөн эдийн засгаа өөд татан босгох, Монголынхоо нэр хүндийг олон улсын тавцанд сэргээх, байгаа боломж бүхнийг ашиглах, нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлтэй байх, эцэст нь иргэд олон түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх гарцаагүй тулгамдсан, нэн амаргүй энэ зорилт бол бидний хувьд энэ цаг үед тулгарсан нэг ёсны тулаан гэж хэлж болно. Гэхдээ ялагдаж болохгүй тулаан. Энэ тулаанд бид ялснаар Монгол ялах болно.
Эдийн засгийг тогтворжуулах шаардлагын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоол гарсан билээ.
Бодлогын томоохон арга хэмжээнүүдийг ийн авч хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0 хувьд, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө гэж бид тооцож байна. Дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болохоор байна.
Аль ч улс төрийн хүчин олонхи болж чадаагүй парламентад бодлого тодорхойлж, хууль батлахын тулд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх гэсээр гацаанд ордог, улмаар улс орны хөгжлийг урагш нь биш хойш нь уллан чангаадаг гашуун сургамжийг Та бүхэн бэлхнээ мэдэж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна.
Зарчмаа ягштал баримталж, хууль тогтоох байгууллагын чадавхийг бүрэн дүүрэн дайчлах нь бидний үүрэг мөн.
Нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэх засаглалынхаа жийрэг, хавсарга мэт байж таарахгүй.
Засгийн газарт болон Засгийн газрын танхимын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ үүрэг хариуцлагад нь байнгын хяналт тавьж, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчим баримтлах нь Монгол Ардын Намын бодлого байх болно.
Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал байх болно.
Намын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль биелүүлэх, төрийн албыг чадварлаг, мэргэшсэн байлгах, салбар, байгууллага бүрийн өмнө тавигдсан үүрэг зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа, эсэхэд намын Удирдах зөвлөлөөс үнэлэлт өгч, ажил үүргээ биелүүлээгүй, намын нэр хүндийг сэвтээсэн, төрийн хүний ёс зүйгээ умартсан, авлига, хууль бус аливаа үйлдэлд нэр холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцож ажиллах нь чухал байна.
Бид өндөр хариуцлагатай, чанд сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого хэрэгжүүлж байж л ард иргэдийнхээ амьдрал, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг хамгаалан дэмжиж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж чадна.
Мэдээж эрх барьж байгаа нөхцөлд Монгол Ардын Намын хариуцлагыг намаас томилогдож, сонгогдсон төрийн болон улс төрийн ажилтнууд хүлээх ёстой. Бид дараа дараагийн бүх шатны улс төрийн сонгуулиудад “Монгол Ардын Нам” гэсэн хаягаар оролцохоо хэзээ ч мартаж болохгүй. Тийм учраас Монгол Ардын Нам эрх баригч боллоо гээд төрд уусаж, хүч нь сулрах учиргүй.
Намаа төвхнүүлж чадахгүй байж, төрийг төвхнүүлэх гээд бүтэлгүйтэж буй зарим улс төрийн хүчний жишгээс бид ангид байх учиртай.
Манай намын төв аппарат хүчтэй байх шаардлагатай байна.
Тухайлбал, Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн.