Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хорооноос мэдэгдэл гаргаж Л.Гүндалай Ардчилсан намд элсэх гэж буйг эсэргүүцжээ. Л.Гүндалайн энэ үйлдэл нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг илт доромжилсон үйлдэл гэж тус намын хороо үзэж буй аж.
Мэдэгдэлд “Л.Гүндалай нь “Ардчилсан намдаа эргэн орж, монголын ард түмний төлөө хүчин зүтгэх гэж байгаа” гэжээ. Л.Гүндалай нь Ард түмний нам, Ард түмнээ хайрлая гэх намуудыг үүсгэн байгуулахдаа, АН Засгийн эрхийг барьж байх үед, хувийн эрх ашгаа хангах шуналдаа хөтлөгдөн өөрөө сайд болохын тулд сөрөг хүчний намын даргатай тохирсоны үндсэн дээр АН-аас гарч байсныг та бид мартаагүй биз ээ. 2016 оны УИХ хурлын сонгуулийн 37 тойрогт Л.Гүндалай нь Ард түмнээ хайрлая гэгч намаасаа АН-ын гишүүн байсан Н гэгч хүнийг дэвшүүлэн, уг тойрогт АН-ын нэр дэвшигчээс мөнгө нэхэн “энэ хүүхдэд 200 сая төгрөг өгвөл бүртгэлийг нь болиулчина” гэсэн шантааж байдалтай үйлдэл хийж байсан нь дөнгөж саяхан билээ.
Энэ мэтчилэн Л.Гүндалай нь улс төрд орсон цагаасаа олон зүй зохисгүй үйлдэл хийж байсны цөөхөн жишээ нь энэ. Ард түмэн, улс орны төлөө биш сэтгэлгүй, сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор гурван өөр намаас дөрвөн удаа гарч байсан, зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нийлэхээс ч буцдаггүй, АН-ын босгоор ахин алхах ёсгүй, төрийн хүн байх эрхэм чанараа гээсэн нөхөр юм” гэдгийг дурдаад “Хөвсгөл аймгийн Ардчилсан нам нь өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, тогтвортой байр суурьгүй, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн хүнийг дахин дахин АН-ын гишүүнээр элсүүлэхийг эрс эсэргүүцэж байна” гэсэн байна.
Л.ХАЛИУ