Хүлгээ сүлдэндээ залж хүнээ хөсөр хаясан Монгол

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Хүлгээ сүлдэндээ залж хүнээ хөсөр хаясан Монгол

Монгол Улсын Шадар сайдын "Миний бие Сүлдэндээ залсан МОНГОЛ АДУУГАА хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулж байхыг тэвчихгүй…” гэсэн мэдэгдэл олон нийтийн сүлжээнд багагүй хандалт авчээ. Монгол хүн морио молор эрдэнэтэй зүйрлэж, Монгол төрийн сүлдэндээ залдаг болохоор Шадар сайдын мэдэгдэл хүчтэй сонсогдож, хүмүүст хүрч “үйлчилсэн” байх. Гэвч, морио сүлдэндээ залсан Монголын төрд монгол хүний үнэлэмж морины дайтай үнэлэгддэг бил үү. Эрдэнэт хүлэг гэх. Гэвч, эрдэнэт хүнээ Монголын төр ингэтлээ хамгаалдагсан билүү.

Энэ удаад адуу амьдаар нь экспортлохын зөв буруу, эдийн засгийн ач холбогдлын тухай бичих гэсэнгүй. Морио сүлдэндээ залсан Монголын төрд монгол хүний үнэлэмж хаана гээгдсэнийг л асуухыг хүслээ.

Монголчууд олон мянгаараа ажил хөдөлмөр эрхэлж, авдаг цалингаа өсгөж, амьдрал ахуйгаа залгуулах гэж гадаадын улс орныг зорьж байна. БНСУ-ын Элчин сайдын яамны ачаалал өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс өссөн бөгөөд энэ нь Монголын эдийн засгийн хямралтай холбоотой гэж дипломат ажилтнууд нь шулуухан хэлж байна. Дипломат албаныхан барагтайд ийн ил цагаан мэдэгддэггүй билээ. Визний мэдүүлэг өгч буй хүмүүсийн тоо төдийгүй хүний газарт хар бор ажил хийхээр хууль бусаар хүний нутагт үлдэж буй монголчуудын тоо улам бүр нэмэгдсээр байна. Малайз, Хятад руу суралцах нэрээр хил гарч, хууль бус үйлдэлд уруу татагдан, гүний хошууны шорон гянданд орчихоод гансарч суугаа хичнээн хүн байгааг Шадар сайд маань яг таг мэдэх болов уу. Тэдний төлөө шархирах зүрх, шаналах сэтгэлтэй дарга даамал байна уу, манайд. Гадаад харилцааны яамны Консулын газрын даргаар Ш.Сүхбаатар ажиллаж байхдаа монголчуудын эрх хамгийн ихээр зөрчигддөг Малайз, БНХАУ болон Европын орнуудад ажиллаж, тэр хэрээрээ хэвлэлийнхэнд гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын талаарх мэдээллийг түгээдэг байсныг сайн санаж байна. Тэр үед захын сэтгүүлч хаана хэдэн монгол хүн ямар хэргийн улмаас хоригдож байгааг, тэднээс хэд нь хэзээ суллагдахыг цээжээр мэддэг байв. Гадаадын улс орнуудад эрх нь зөрчигдсөн, аврал эрсэн иргэдийн ар гэрийнхнийг тухайн улс руу очиход зуучилж, амиа алдсан, сураг алдарсан заримынх нь араас нүд, чих тавьж байсан нь саяхан. Түүнийг үүрэгт ажлаас нь халснаас хойш Консулын газар өмнөх шигээ таг чиг, төр засгийн удирдлагууд ч монгол хүнээ биш малаа ярьдаг урьдын жишигтээ оржээ.

Эцэст нь эрхбаригчдаас асуух асуулт байна. Молор эрдэнээр морио өргөмжилсөн, монгол хүний амьд явах эрхийг хэн хамгаалах вэ?

Монгол Улсад энэ өвөл л гэхэд 60.8 сая мал өвөлжиж байгаа ажээ. Өнгөрсөн баасан гариг /2016.12.09/-т гаргасан мэдээллээр 13 аймгийн 110 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрснийг ОБЕГ-аас мэдээлэв. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон учраас улсын хэмжээнд долоон сая мал отроор өвөлжих болсныг олон нийтэд дуулгалаа. Харин сая саяар тоологдох малыг хэдэн малчин хариулж, адуулж байгааг, тэдний хэд нь нялх балчир хүүхэдтэйг, хэдэн ахмад настан, жирэмсэн эх байгаа тухай мэдээлсэнгүй. Мэргэжлийн байгууллага ч, салбарын яам, сайд нарын хэн нь ч малчдынхаа төлөө сэтгэл чилээсэнгүй нь хачирхалтай биш гэж үү. Муухай монгол араншин гэж үүнийг л хэлнэ.

Ганц, хоёрхон жишээгээр монгол хүний үнэ цэнийг илэрхийлэх гээд үзье.

…Одоогоос хоёр жил гаруйн өмнө ( 2014 оны долдугаар сарын 26-ны өдөр) Архангай аймгийн Хашаат суманд болсон шуурга, мөндрийн улмаас есөн хүн бэртэж, нэг хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Шуурганд 200 орчим мал хорогджээ. Тухайн үед шуурга, мөндрийн улмаас гэмтэж хохирсон болон амиа алдсан хүний ар гэрт ямар нэгэн тусламж дэмжлэг, нөхөн төлбөр олгоогүй бол малаа даатгуулсан байсан учир хохирлыг нь барагдуулжээ…

…Өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд 18.168 эмэгтэй үр хөндүүлжээ. Улсын гэх тодотголтой эмнэлгүүд буюу аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд үр хөндөх мэс ажилбарыг 40-60 мянган төгрөгөөр хийдэг бол хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүд 60-150 мянган төгрөгөөр үр хөнддөг байна. Гэтэл мал эмнэлэгт нохой, муур гэх мэт гэрийн тэжээмэл амьтдад энэ төрлийн мэс ажилбарыг 200 мянган төгрөгийн үнээр хийж гүйцэтгэдэг байна…

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн тавд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Даяар олноо тунхаглан зарласан Үндсэн хуулиндаа монгол хүнийхээ тухай тунхаглан зарласан үг өгүүлбэр алга. Угтаа бол Монгол Улсын үнэлж баршгүй баялаг бол монгол хүн баймаар. Хил хязгаар, газар нутаг, хэл соёл, бичиг үсэг гээд бүхнийг багтаасан Үндсэн хуулинд маань хаягдаж гээгдсэн ганц заалт нь монгол хүний тухай зүйл заалт юм. Хүний эрх, эрх чөлөөг тунхагласнаар монгол хүн үнэ цэнэтэй болж чадсангүй. Тиймээс “Монгол хүн Монголын хамгийн үнэтэй баялаг учраас бүхнээс эрхэмд үзнэ” хэмээн тунхаглан зарлах цаг болсон мэт. Эс тэгвээс хуулинд заагаагүй, сүлдэндээ дээдлээгүй гэдгээрээ байнга гээгдсээр, малаасаа доорд үзэгдсээр байх бус уу.

Эцэст нь эрхбаригчдаас асуух асуулт байна. Молор эрдэнээр морио өргөмжилсөн, монгол хүний амьд явах эрхийг хэн хамгаалах вэ?

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж