АН-ын даргад З.Энхболдоос бусад нь өрсөлдөх эрхтэй

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

АН-ын даргад З.Энхболдоос бусад нь өрсөлдөх эрхтэй

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын VI Их хурал Соёлын төв өргөөнд хоёр өдөр болж, намын даргаа сунгаагаар тодруулахаар болсон. Намын даргар нэр дэвшигчдийг бүртгэх бүртгэл өнөөдрөөс эхэлж, энэ сарын 17 хүртэл үргэлжлэх юм. Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ  Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, П.Цагаан, Ж.Батзандан нарын хүмүүс ил тодоор зарласан. Харин ил зарлаагүй ч Ардчилсан намын даргад өрсөлдөх сонирхолтой хүмүүс  энэ сарын 17-ны дотор нээлттэйгээр, тэгш эрхтэйгээр нэрээ дэвшүүлэх боломжтой юм.

Ардчилсан нам өнөөдрийн байдлаар 180 мянган гишүүнтэй. Үүнээс ганцхан хүн Ардчилсан намын даргад нэр дэвших эрхгүй аж. Тэр нь З.Энхболд.

УИХ-ын сонгуулиар намаа ялагдалд хүргэж, парламент дахь 35 суудлаа ес болгосны хариуцлагаа хүлээж энэ удаад Ардчилсан намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Сонгуулийн дараа Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн ч Үндэсний зөвлөлдөх хорооноос шинэ даргаа сонготол намаа удирдах байхыг түүнд даалгасан.

Хэдийгээр З.Энхболдод Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх эрх байхгүй ч харин Ерөнхийлөгчийн сунгаанд нэрээ дэвшүүлэх бүрэн боломжтой аж. З.Энхболдын хувьд 2014 оноос Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа бөгөөд түүнийг ҮЗХ-ны 228 гишүүний олонхийн шийдвэрээр намын дарга болгосон. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын хоёр дахь дүрмийн бус дарга гэж тодорхойлж болно.

Намын даргын сунгаанд оролцож, санал өгөх хүсэлтэй хүмүүс  жилийнхээ хураамжийг төлсөн байх ёстой гэнэ. Ингэснээр аль нэг фракци хайрцаглаж, намын удирдлагыг авах боломжгүй гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж. Ирэх нэгдүгээр сарын 29-нд Ардчилсан намын дарга хэн болох нь шийдэгдэнэ.

Ардчилсан нам хэдийгээр фракцигүй болсноо зарласан ч намын VI Их хурлын уур амьсгалаас харвал намын даргын сунгаанд “Алтангадас”, “Шонхор”, МҮДН нэг талдаа гарсан гэдэг оргүй ч үг биш бололтой.

Ийнхүү шинэ дүрмийн дагуу тодруулах шинэ даргын сунгаа өнөөдрөөс эхэлж, Ардчилсан намын даргад хэн, хэн нэр дэвших нь маргаашийн улс төрийн шинэ сэдэв байх нь ээ.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж