Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийг шинэчлэн найруулна

Хөдөлмөрийн харилцааны асуудал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, түүнийг зохицуулсан хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Хөдөлмөрийн хууль нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжид хэрэглэх боломжгүй, хамрах хүрээ явцуу, жижиг аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалж чаддаггүй, тэдгээр байгууллагад хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй юм байна. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг өнөөгийн хөдөлмөрийн харилцааны хэв шинжид гарч буй өөрчлөлтөд зохицуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Нээлттэй хэлэлцүүлгээр хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоод өөрсдийн байр сууриа тус тус илэрхийлжээ. Хэлэлцүүлгийн дүнд, Хөдөлмөрийн тухай хуульд дараах үндсэн чиглэлийг баримтлан өөрчлөлтийг оруулан шинэчлэн найруулахаар төлөвлөсөн байна. Үүнд,

1.    Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв шинжүүд, бүрэн бус цагаар ажииллах, гурвалсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа шинэ өөрчлөлтүүд, хөгжлийн хандлагад нийцүүлэн хуулийн хамрах хүрээг өргөтгөх;

2.    Хуулиар зохицуулж байсан хэт нарийвчилсан зарим зохицуулалтыг уян хатан болгох, нийгмийн түншлэлийн механизмын хөгжлийн түвшинг харгалзан хамтын болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах асуудлын хүрээг нэмэгдүүлэн хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрлөх нөхцлийн наад захын хэм хэмжээг заавал хангуулж, түүнээс илүү сайн нөхцлийг хамтын гэрээний үндсэн дээр анхан шатандаа тогтоох соёл, эрмэлзлийг бий болгох;

3.    Хөдөлмөрийн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэн Иргэний хуулиас хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх зэрэг иргэний гэрээгээр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа иргэдтэй холбоотой заалтуудыг Хөдөлмөрийн хууль руу шилжүүлэх үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.    Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шүүхийн шатнаас өмнө шийдвэрлэх асуудлын хүрээг өргөтгөх, үүнд чиглэсэн зохистой механизм бий болгох;

5.    Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох үндсэн дээр ажиллагчдын хөдөлмөрийн таатай орчинд тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх,

6.    Хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг шинээр зохицуулах, насанд хүрээгүй хүн, эмэгтэйчүүд, залуучууд, ахимаг настны хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох;

7.    Ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын үүргийг нэмэгдүүлэх, тэдний тэгш оролцоог хангах, харилцан итгэлцэл бий болгох, нийгмийн түншлэлийн хоёр ба гурван талт зарчмыг салбарын болон орон нутгийн түвшинд хөгжүүлэх;

8.    Хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шаардлага, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцүүлэх;

9.    Хөдөлмөрийн харилцааны асуудлыг хариуцах байгууллагын эрх үүрэг, зохион байгуулалтыг тодорхой болгох, хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан "Иргэний тухай", "Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай", “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай” хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа гэнэ. 

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж