УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон Монгол ардын намын VII бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлж, хоёр асуудлыг эцэслэн шийднэ. Үүний өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн Мягмар, Лхагва гаригт Ардчилсан нам VI их хурлаа хийж, намын даргаа бүх гишүүдийн оролцоотойгоор сонгохоор шийдвэрлэсэн билээ.
Монголын улс төрийн өнгийг тодорхойлдог хоёр том хүчин болох МАН болон АН-ын Их, Бага хурлаар яригдах асуудал, өөрчлөлт шинэчлэлт, үүнээс үүдэн гарах хөдөлгөөнийг улс төрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байна.
Ардчилсан намын шинэ дарга, шинэ генсек хэн болох вэ гэдгийг шинэ дүрмээрээ тодруулахаар шийдсэн бол эрх барьж байгаа Монгол ардын намын хуучин генсек нь УИХ-ын гишүүн болж улмаар Мэргэжлийн засгийн “гал тогоо”-г барих болсноор түүний орыг хэн залгах нь өнөөдрийн Бага хурлаар тодорхой болно. Түүнчлэн засгийн эрхийг авсан МАН-ынхан өнгөрсөн таван сар төр, засгийн албанд “дэвшсэн” томилогдсоноос Бага хурлын гишүүдийн орон зайг “нөхөх” асуудлыг ч давхар хэлэлцэхээр болжээ. Бага хурлын нийт гишүүдээс 40 гаруй хүн төр засгийн албан тушаалд томилогдсон гэх. Түүний оронд өөрсдийнхөө хүмүүсийг зүтгүүлэхээр МАН-ын фракциуд өөр хоорондоо сэм өрсөлдөж байгаа гэнэ.
Гэхдээ улс төрийн хүрээнийхэн болоод Монгол ардын намынхны хувьд хамгийн их анхаарал татсан асуудал нь удирдлагын босоо тогтолцоотой МАН-ын гал тогоог хэн барих вэ гэх асуулт. МАН-ын генсек бол намынхаа хоёрдугаар дарга гэсэн үг. Тиймээс МАН-ын генсекийн суудал дээр хоёр хүний нэр яригдаж байгаа юм. Нэг нь одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй, НИТХ-ын тэргүүлэгч Д.Амарбаясгалан, нөгөө нь Зам тээврийн сайд асан, “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү.
Хэдийгээр сонгуулиас хойш намынхаа “гал тогоо”-г Д.Амарбаясгалан түр барьж ирсэн ч түүнийг жинхлэх эсэхийг нь Бага хурлын 310 гишүүдийн санал хураалтаар шийднэ. Харин нам нь үнэмлэхүй олонх болсон ч ямар нэгэн эрх мэдэл, албан тушаалаас ангид хоцорсон Н.Төмөрхүүг бас басч болохгүй. Мөнгөтэй бол мөнгөтэй, туршлагатай бол туршлагатай нэгэн. Д.Амарбаясгалан улс төр судлаач, Н.Төмөрхүү эдийн засагч мэргэжилтэй. Ардчилсан намын Шийдлийн засгийн үед Зам тээврийн сайдаар ажиллаж явсан түүнд намынхаа “гал тогоо”-г барих хүсэл байгаа нь лав. Гэхдээ Тусгаар тогтнолын ордноос сэвж буй яриагаар Бага хурлын гишүүдийн олонх нь Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох боломжтой гэдэг дээр санал нэгдээд байгаа гэх.
Өнгөрсөн дөрвөн жил НИХТ дэх МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, нийслэлд МАН-ыг олон болгоход Д.Амарбаясгалангийн хувь нэмэр чамгүй байсан гэж Бага хурлын гишүүд нь үнэлбэл, түүнийг генсекийн суудлаар шагнах биз. Харин МАН-ын эзэмшлийн “Тусгаар тогтнол”-ын ордонг барьж өгсөн, намдаа их хэмжээний мөнгө хандивласан зэрэг өр ширээ тооцвол Н.Төмөрхүү ч болж мэднэ.
Ардчилсан намынхныг бодвол МАН-ынхан хувь хүнийхээ амбицыг намынхаа эрх ашгаас дээгүүрт тавьж байсан удаа цөөхөн. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгосонгүй гэж хожмоо МАХН-ын генсек болсон Ж.Сүхбаатар твиттерээр бөөн гомдол, хорсол болж байсныг эс тооцвол шүү дээ. Тэр шарандаа ч сонгуулийн өмнө МАН-аас гарч, МАХН-ын генсек болж томилогдож байлаа.
Нийслэлийн МАН-ыг НИТХ-д олонх болоход Д.Амарбаясгалангийн оролцоо их байсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд тэр өөрийгөө намынхандаа болон олон нийтэд сайн таниулсан, тиймдээ ч намынхаа “гал тогоо”-г өмнөх генсекээсээ илүү гарахгүй юм аа гэхэд дутахгүй аваад явчихна гэж намын нөхөд нь дэмжиж байгаа аж. Ялангуяа, 70, 80-аад оныхон Д.Амарбаясгаланг дэмжих магадлалтай, бараг л жинхэлчих болов уу гэсэн хүлээлт намын жирийн гишүүдийн дунд байна. Өнгөрсөн дөрвөн жил НИХТ дэх МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, нийслэлд МАН-ыг олон болгоход Д.Амарбаясгалангийн хувь нэмэр чамгүй байсан гэж Бага хурлын гишүүд нь үнэлбэл, түүнийг генсекийн суудлаар шагнах биз. Харин МАН-ын эзэмшлийн “Тусгаар тогтнол”-ын ордонг барьж өгсөн, намдаа их хэмжээний мөнгө хандивласан зэрэг өр ширээ тооцвол Н.Төмөрхүү ч болж мэднэ.
Намын генсек бол намынхаа хамаг бодлого шийдвэрийг гаргадаг, Удирдах зөвлөлөө даргалдаг гэдэг утгаараа хэнээр ерөнхий тогооч, санхүүчээ хийлгэх вэ гэдэг намын гишүүдийн анхаарлын төвд байхаас аргагүй том асуудал билээ.
Ж.ЭРХЭС