О.Мижиддорж “Оны шилдэг хөлбөмбөгчин” боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.12-нд нийтлэгдсэн

О.Мижиддорж “Оны шилдэг хөлбөмбөгчин” боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг-2016” ёслол өнөөдөр /2016.12.12/ боллоо. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг танилцуулъя.


ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ – О.МИЖИДДОРЖ

2016 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж тодорлоо.

О.Мижиддорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны улиралд нэг ч тоглолт өнжилгүй 18 тоглолтод оролцож, 29 гоол оруулснаар Дээд лигийн шилдэг довтлогчийн шагналыг хүртсэн юм. Түүнийг багийнхан “Хүрхрээ” үндэсний дээд лигийн мөнгөн медалийг хүртээд зогсохгүй МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээний нэг болох “Холбооны цом” тэмцээнд түрүүлсэн. Өдгөө 20 настай шилдэг довтлогч О.Мижиддорж өнгөрсөн сард Малайзад болсон “AFC Solidarity cup 2016" тэмцээнд шигшээ багийн хамт оролцож, хоёр тоглолтод оролцсон юм.


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ – А.АЛТАНТУЯА

2016 оны “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн УАШТ”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн тэмцээнд оролцож, хоёр дахь удаагаа зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга болжээ.  А.Алтантуяа дан ганц тоглогчийн бус дасгалжуулагчийн хуваарь “Арвис” клубын төлөө хүчин зүтгэж, өсвөрийн тамирчдыг бэлтгэхэд анхаарч ажилладаг юм.


“БЭЛГЭДЛИЙН 11”

2016 оны “Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчдоор дараах хөлбөмбөгчдийг нэрлэлээ. Тамирчдад алтан бөмбөг гардуулав.

“Бэлгэдлийн 11”-т багтсан шилдэг тоглогчид:

  • Хаалгач: Б.Ариунболд
  • Хамгаалагч: Г.Билгүүн
  • Хамгаалагч: Б.Гарьдмагнай
  • Хамгаалагч: Д.Төрбат
  • Хамгаалагч: О.Оюунбаатар
  • Хагас хамгаалагч: Ишино Шута /Япон/
  • Хагас хамгаалагч: М.Мөнх-Эрдэнэ
  • Хагас хамгаалагч: О.Баяржаргал
  • Хагас хамгаалагч: Э.Пүрэвдорж
  • Довтлогч: Н.Наранболд
  • Довтлогч: О.Мижиддорж

ГАНГАН ГООЛ – Д.ТӨРБАТ

2016 оны “Ганган гоол”-ын шагналыг “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбатын хүртлээ.  Д.Төрбат “Ганган гоол”-оо төрсөн өдрийн баяраараа “ШМ Баянгол” клубын хаалганд оруулсныг хөлбөмбөг сонирхогчид тод санаж байгаа биз ээ.


ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ /ЭМЭГТЭЙ/ – Л.БАНЗРАГЧ

2016 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч тодорлоо.

Түүний удирдсан “Арвис” клубын охидын баг эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод харамсалтайгаар ялагдаж, IV байрт орсон ч МХБХ-ноос зохин байгуулдаг эмэгтэй хөлбөмбөгчдийн хамгийн том тэмцээн болох “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын алтан цомыг өргөсөн юм.  Шагналыг МХБХ-ны ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллага “Пепси” брэнд, “GN Beverage” компанийн гүйцэтгэх захирал, хадагтай Эрдэнэчимэг гардууллаа.


ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ /ЭРЭГТЭЙ/ – З.БАТТУЛГА

2016 оны “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга тодорлоо.

Дасгалжуулагч З.Баттулга “Эрчим” клубыг өнгөрсөн жилээс удирдаж, ахлах дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэсэн ба “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аваргын цомыг өргөж, бахдам амжилт үзүүлжээ. Тэрбээр Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдон, 2016 онд шигшээ багийг зургаан тоглолтод удирдан оролцож, хоёр хожил, гурван хожигдол, нэг тэнцсэн амжилт үзүүлжээ. Шагналыг МХБХ-ны албан ёсны түнш “Арвайн үндэс” ХХК, “Алтан жолоо” группын ерөнхийлөгч В.Энхбаатар гардууллаа.


ШИЛДЭГ ШҮҮГЧ – Ч.ЖАВХЛАНТӨГС

2016 оны “Шилдэг шүүгч”-ээр МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч Ч.Жавхлантөгс тодорлоо.

Ч.Жавхлантөгс МХБХ-ны шүүгчээр ажиллаад найман жил болохдоо олон тэмцээний шилдэг шүүгчээр нэрлэгдэж байсны хамгийн том нь 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг шүүгчийн шагнал юм. Тэрбээр энэ улиралд МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнийг шүүснээс гадна Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тэмцээнд ажилласан дөрвөн шилдэг шүүгчийн нэг билээ. Шилдэг шүүгчийн нэрийг МХБХ-ны техникийн хэлтсээс /Олон нийтийн санал асуулгагүйгээр/ тодруулсан бөгөөд шагналыг техникийн захирал Ш.Жаргалсайхан гардууллаа.


МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг болох МХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо хүртлээ.

Дорнод аймгийн шигшээ баг 2016 оны УАШТ, “Үндэсний цом” тэмцээний алт, “Монголын бүх ард түмний XIV их наадам”-ын мөнгөн медаль хүртсэн юм. МХБХ-ны зүгээс зохион байгуулдаг аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдогийг нь тус холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өндөрөөр үнэлж, өөрийн нэрэмжит шагналыг Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоонд гардуулах шийдвэр гаргасан байна.


ХҮНДЭТ “АЛТАН БӨМБӨГ” – “ХАНГАРЬД” КЛУБ

“Алтан бөмбөг-2016” ёслолын “Хүндэт алтан бөмбөг” шагналын эзнээр  “Хангарьд” клуб тодорлоо. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шагналыг гардуулав.

“Хангарьд” клуб 2016 онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй Монголын хөлбөмбөгийн ууган клуб юм. “Хангарьд” клуб 20 жилийн туршид МХБХ-ны үндэсний дээд лигт тав, МХБХ-ны цомын тэмцээнд найман удаа түрүүлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж