Их улс төрийг хөгжөөж буй сэдэв бол яах аргагүй МАХН хэмээх нэр юм. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт улс төр сонирхогчдыг гэгэлзүүлж, маргаан өрнүүлсэн. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, ирэх сонгуулиар шуугиан тарьж мэднэ гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Улсын дээд шүүх МАХН-ыг Монголын улс төрийн 19 дэх намаар бүртгээд удаагүй байгаа. Хэдэн сар хөөцөлдөн байж нэрээ авсандаа МАХН-ынхан баяртай байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан нь саяхан. Тэдний баярыг Ардын намынхан үгүй хийхийг ч оролдов. Ардын намын Хяналтын ерөнхий хорооноос МАХН нэрийг өгсөнд эсэргүүцэн гомдол гаргасан юм. Тэд гомдолдоо “МАХН-ыг Улсын дээд шүүх бүртгэн авсан нь Иргэний хуульд “Хуулийн этгээдийн нэр… бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төстэй байж болохгүй” гэсэнтэй харшилж байна. МАХН нэрийг авах санаархал нь бусдыг төөрөгдүүлэх зорилго агуулж байгаа нь тодорхой байсан төдийгүй үүнийгээ өөрсдөө ч нуугаагүй гэдгийг баримтууд нотолно” хэмээв. Ардын намын Хяналтын ерөнхий хорооны гомдлын хариуг энэ сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өглөө. Гомдлын хариуд “Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах талаар журамд тусгаагүй. Үүнээс гадна Улсын дээд шүүх тухайн намыг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгож, нийтэд мэдээлнэ” гэсэн байдаг. Тиймээс Улсын дээд шүүхийн тогтоол гармагц биелүүлэх учиртай тул та бүгдийн гомдлоор Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, хүчингүй болгох бүрэн эрх Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” гэсэн. МАХН нэрийг өгсөн нь хууль зөрчөөгүй гэх хариулт Ардын намынхныг холбогдох байгууллагад дахин хандахад хүрэх магадлалтай. Гэхдээ цаашид юу болохыг нь хэн ч таашгүй. Ямартай ч Н.Энхбаяр МАХН-тайгаа үлдлээ. Гэхдээ бараг МАХН-тайгаа хоёулаа л үлдэх болоод байх шиг байна. Учир нь С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр, Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар албан тушаалаасаа нэгэн зэрэг огцрох хүсэлт гаргасан. Хамтдаа МАХН нэрийг авч, нам байгуулан ажиллах нэг зорилго, хүсэл, тэмүүлэлтэй байсан нөхөд Н.Энхбаяраас нүүр бурууллаа. Тэдний ингэж аашлах болсон шалтгаан нь Н.Энхбаярын “Ардын намтай нэгдсэн ч болно” гэх үг байсан юм. “Улс төрийг өөрчлөх цоо шинэ нам байгуулахын тулд ажилласан болохоос биш хуучин намтай зөвшилцөхийг хүсээгүй” гэж албан тушаалаа өгөхөөр болсон МАХН-ын дэд дарга болон нарийн бичгийн дарга нар хэлж буй. Харин тэд өөр нам байгуулахаар сэтгэл шулууджээ.
УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэлэлцэх ёстой байсан. Гэвч хуулийн дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн сунгасан 14 хоногийн хугацаа дуусаж, чуулганыг завсарлуулсан. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар АНУ, Хятад, Орос, Монголын хамтарсан консорциумд тодорсон. Үүнтэй холбогдуулан Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ёстой. Энэ мэт гацаанд орсон Тавантолгойтой холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас УИХ-ын гишүүдэд ил захидал хүргүүлэв. Уг ил захидалд “УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтэд УИХ-ын гишүүд хяналт тавина гэдэгт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөл, тэргүүлэгчид найдаж байна. Мөн Тавантолгойн орд 50 толгой болж салахгүй байх хэрэгтэй” хэмээн дурьдав.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак И Чун манай улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзсан. Энэ үеэр хөдөө аж ахуй, уул уурхай, далайд гарах гарц, боомтын чиглэл, дэд бүтэц, барилгын салбарт хамтран ажиллах боломж байгааг хоёр тал онцолсон юм. Мөн тэрбээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзаж албан ёсны хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Мөн энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна. Энэтхэг улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патилын айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, худалдаа, оюутан солилцоог эрчимжүүлэх талаар хэлэлцэх аж.