Эман Ахмед хэмээх египет бүсгүй дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй гэгдэж буй. Гэр бүлийнх нь хэлснээр тэр 500 кг жинтэй гэнэ. “Эман хэзээ ч жирийн хүн шиг амьдарч үзээгүй. Бага балчир, залуу насны сайхныг мэдэрч байгаагүй. 36 жилийн турш тэр өвчинтэйгээ тэмцэж байна” хэмээн түүний охин дүү Шаимаа Ахмед ярьжээ.
Эман өнгөрсөн 20-иод жилийн турш унтлагынхаа өрөөнөөс ч бараг цухуйгаагүй гэнэ. Хөдлөх, бусадтай харилцах чадваргүй учир өдөржингөө гэртээ тааз ширтэж суудаг ажээ.
Хоёр жилийн өмнө саа дайрсны улмаар ярих, хөдлөх чадвараа алдсан тул өнгөрсөн хоёр жил түүний хувьд үнэхээр хүнд хэцүү өнгөрчээ. Азаар дүү Шаимаагийнх нь сошиал ертөнцөд өрнүүлсэн аяны ачаар Эман бүсгүйд амьдрах, амьд үлдэх итгэл найдвар төржээ. Эманы талаар олж мэдсэн Мумбайн алдартай мэс засалч Муффазал Лакдавала түүнийг Энэтхэг авчирч, эмчлэхээр хандив цуглуулах санаачилга гаргасан байна. Тэрбээр Эманд хэд хэдэн удаагийн мэс заслаар жинг нь 100 кг хүртэл буулгах боломжтой гэж үзэж байгаа юм. “Тэр өдөр бүр амьдралынхаа төлөө тэмцэж байгаа. Яг л хэзээ мөдгүй дэлбэрч мэдэх тэсрэх бөмбөг шиг л байдалд байна” хэмээн Лакдавала эмчийн ярьсныг CNN мэдээлжээ.
Сонирхуулахад, Гиннесийн амжилтын номд бүртгэгдсэнэр дэлхийн хамгийн хүнд жинтэй эмэгтэй АНУ-д амьдардаг, 291,6 кг жинтэй Паулин Поттер гэгч байдаг гэнэ.
ТЭР ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨӨГҮЙ
Эманы гэр бүлийхний ярьснаар тэр бага байхаасаа л бамбай булчирхайн асуудалтай байжээ. Эхээс төрөхдөө 5,0 кг жинтэй төрсөн бөгөөд 11 наснаасаа огцом жин нэмэх болсон байна. Өвчний улмаас үхмэл байдалд орсон тул Эман тавдугаар ангиасаа сургуульд явж чадахаа болжээ. Хөлийн булчин нь биеийн жингээ дийлэхгүй, хөл дээрээ зогсож чадахгүй учир ойр зууртаа өвдөглөж явдаг байж. Өөрөө алхаж чадахгүй, гэтэл хэтэрхий хүнд жинтэй учир түүнд таарах тэргэнцэр ч олддоггүй байсан гэнэ.
Хэдий өвчтэй ч Эман үргэлж уужуу тайван, хүлээцтэй, хөгжилтэй байдаг. Жингээ хасаж, бие нь сайжирна гэдэгт үргэлж итгэдэг байсан тухай дүү нь ярьжээ. Харамсалтай нь, хэдэн жилийн өмнөөс байдал дордож эхлэв. Эманы жин нэмэгдсээр 300 кг-д хүрч, хооллолтын хатуу дэглэмд оржээ. Цусан дахь холестерины хэмжээ огцом нэмэгдэж, эрүүл саруул сэтгэхээ ч болив. Томограф шинжилгээ хийлгэх гэхээр түүний хэмжээнд тохирсон аппарат хэрэгсэл олдохгүй нэлээд цаг хугацаа алдаж, эцэст нь саад дайруулсан гэх онош гарчээ.
Угийн хязгаарлагдмал хөдөлгөөнтэй байсан Эман хөдлөх нь битгий хэл ярьж ч чадахаа больж, гэрийнхэн нь дохио зангаа төдийхнөөр ойлголцох болжээ. Эмч мэргэжилтнүүд, гэр бүлийнхэн нь ч өвчний уг үндсийг олж эмчилж чадалгүй улам бүр дордсоор Эманы өөдрөг хүсэл, баяр баясгалан ч унтарсан байна.
СААД БЭРХШЭЭЛ
Эманг Энэтхэгт аваачиж, мэс засал хийх боломжтой гэсэн эмчийн үг тэдэнд гэрэл гэгээ нэмэх шиг болжээ. Гэвч 36 настай бүсгүй Энэтхэгийн Элчин сайдын яаманд биеэр очиж чадаагүй тул виз олгохоос татгалзсан хариу авсан байна. Эмч Лакдавала нөхцөл байдлыг тайлбарлаж, асуудлыг дахин авч хэлэлцэхийг хүссэн захиа Элчин сайдын яаманд илгээжээ. Асуудлыг нааштай шийдэхийн тулд Лакдавала эмч Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Сваражид хандан өөр сонголт байгаагүй тухайгаа твиттерээр бичсэн гэнэ. Гэтэл ердөө хоёр цагийн дараа хатагтай сайдаас хариу ирж, виз олгох асуудлыг нааштай шийдэж өгөхөө уламжилжээ.
Саад тотгор үүгээр дууссангүй. Түүнийг Энэтхэгт аюулгүй хүргэх тээвэрлэлтийн асуудал маргаантай болов. Эман шиг том биетэй хүнийг онгоцонд суулгана гэдэг амаргүй ажил байлаа. Уг нь түргэн тусламжийн аврах онгоцнууд дамнуурга багтах том хаалгатай байдаг ч Эман энгийн дамнуурга дээр багтахгүй, тэгээд ч онгоцонд сууж явах боломжгүй гэнэ. Тиймээс түүнийг хэвтээгээр нь авч явах хувийн нислэг шаардлагатай болсон байна. Мөн Эман лалын шашинтай учир мэс засал хийх үеэр Лакдавала эмчээс бусад нь эмэгтэй хүн байх ёстой болжээ.
Эман маш өндөр эрсдэлтэй өвчтөн учраас шаардлагатай бүгдийг урьдаас бэлтгэнэ гэдгээ эмч Лакдавала хэлжээ. Хэрэв мэс засал амжилттай болсон тохиолдолд Эман хэдэн сарын хугацаанд Мумбайд байнгын хяналтад байх шаардлагатай гэнэ.
Ямартай ч Шаимаа Ахмед өнгөрсөн долоо хоногт виз болон бусад шаардлагатай бичиг баримтыг цуглуулсан бөгөөд ирээдүйг гэгээлгээр харж буйгаа хэлжээ. Эман тун удахгүй амьдралынхаа төлөө Энэтхэгийг зорихоор болжээ.
С.ЦЭЛМЭГ