Ж.ДАШДОНДОГ: НАДТАЙ ХАМТ ХҮҮХДҮҮД ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт хүүхдийн зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төрийн соёрхол хүртээлээ. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн морин цагт болов. Төрийн соёрхлыг түүний “Аав, ээж, би” номонд олгожээ.
Төрийн соёрхолт яруу найрагч Ж.Дашдондог шагналаа гардахдаа
-“Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс морин цагт төрийн дээд шагнал гардаж авч байхад их олон зүйл бодогдож байна. Юуны түрүүнд миний 17 настайдаа гаргасан анхны номыг шүлгийн моринд мордуулсан Д.Содномдоржийгоо дурслаа. Миний анхны номын тухай захиа бичиж, урмын сайхан үг хайрласан Л.Түдэв гуай дурсагдаж байна. Төрийн их соёрхолыг миний “Аав, ээж, би” гэж номонд олголоо. Энэ номыг би аав, ээж, дүүтэйгээ хамтарч зохиосон, гэр бүлийн ном юм.
“Аав, ээж, би” ном бол Монголын олон гэр бүлийн ширээний ном болсонд би их баяртай байдаг. Ээж минь надад “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж хэлж байсан. Миний ээж ямар холыг харж хэлж байв, ээжийн минь хэлсэн үг өнөөдөр биелж байгаад баяртай байна. Өнөөдрийн энэ шагнал надад уран бүтээлийн морио нэг сайн гуядаж аваад шинэ бүтээлдээ ор гэсэн урам өглөө гэж бодлоо. Монголын төр, Монгол Улсын Ерөнхийлөгчид баярлалаа. Надтай хамт хүүхдүүд Төрийн соёрхол авлаа. Миний зохиолыг уншиж, олон жил урам өгсөн Монголын үе үеийн хүүхдүүдэд баярлалаа” гэлээ.
Тэрбээр 17 настайгаасаа утга зохиол, яруу найрагт хөл тавьж, өдгөө 100 орчим хүүхдийн ном бичжээ. Мөн 30 гаруй хүүхдийн ном нь Өмнөд Солонгос, Японд хэвлэгдэж, түүний уран бүтээлүүдээс Англи, Халимагийн сурах бичигт багтсан нь Монголын төдийгүй дэлхийн хүүхдийн зохиолч гэдгийг нь тодотгосон үйл явдал юм.
Төрийн соёрхолыг шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн оновчтой шийдэл, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн онцгой амжилт гаргасан, үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын шилдэг бүтээл, түүний бий болгож, туурвисан эзэнд олгодог билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх жилүүдэд Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Буриадын уран барималч, зураач Даши Намдаков /2015 он/, ардчиллын сүлд дуу “Хонхны дуу” /2014 он/, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарам болон суурин соёл иргэншил, хотжилт, түүнээс үүдсэн нийгмийн оюун санааны өөрчлөлтийн түүхийг анх удаа судалгаан дээр түшиглэн уран сайхнаар илэрхийлсэн "Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин" бүтээл, мөн "Ерээд оны Тунгалаг тамир", "Төрийн чих", "Хаврын 17 зочин" зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн Бямбажавын Цэнддоо нарт /2010 он/ Төрийн соёрхол хүртээж байсан юм.
Ш.ЧИМЭГ