Харин Осло хотын төв эмнэлэгт хүргэгдсэн нэгэн хохирогчийн мэдэгдэж буйгаар “Нэг залуу хүмүүст “Хүмүүсээ би та нарт нууц мэдээлэл өгөх гэсэн юм” гэж миний таамаглалаар 20-25 хүн цуглуулсан. Дараа нь ар нуруунаасаа буу гарган ирж, буудсан. Миний гуя, нурууны зүүн доод хэсэгт буудсан” гэжээ. Энэ талаар Норвегийн “VG” сонинд дэлгэрэнгүй бичсэн юм. Андерс Бревикийн гэрээс 2007 онд Пакистан найзуудтайгаа авахуулсан зураг олдсон нь террорист ажиллагаа явуулах үндэс суурь нь болсон талаар CNN агентлаг онцолжээ.
Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар “Исламын орнуудаас цагаачлалаар ирсэн хүмүүс Европын орнуудыг зорьсоор байгаа нь ийм л үр дагавар авчирдаг боллоо. Энэ талаар Европын орнууд дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдалд байх нь зүйтэй” гэсэн анхааруулгыг өгсөн. Норвегийн хүн ам тооллогын 2010 оны судалгаагаар ойролцоогоор иргэдийнх нь 144 мянга Мусульман шашинтан аж. Эдгээрийн хэд нь “Террорист ажиллагаа явуулах боломжтой вэ” гэвэл “Гуравны нэг нь” гэж мэргэжилтнүүд хариулах байсан талаар BBC агентлагийн сэтгүүлч онцолсон.
Норвегид болсон уг террорист халдлагыг зөвхөн Андерс Бревик биш, цаана нь хэн зохион байгуулсан байж болох талаар АНУ-ын Терроризмтой тэмцэх албаны мэргэжилтэн олон нийтэд асуулга тавьсан юм.
“Долоодугаар сарын бороо” нэртэй террорист халдлагууд ийнхүү зарим ажиглагчийн тааварлаж байсанчлан Европын зарим орон руу болон Азийн оронд халдлага үйлдлээ. Энэ бүхэн АНУ-ын цэргээ гаргах ажиллагаанаас болсон талаар зарим улс төр судлаачид болон мэргэжилтнүүд дүгнэсээр байна. Хэдийгээр “Аль-Кайда” бүлэглэлийн экс удирдагчийг устгасан ч талибанчууд болон Андерс Бревик мэтийн террористууд хэд байгаа бол гэхээс айдас төрсөн хүмүүс их байгаа нь тодорхой.
Өнөөдөр Норвеги улсад өндөржүүлсэн онцгой байдал зарлаад байгаа бөгөөд албаныхан шаардлагатай гэж үзвэл улсынхаа хилийг хаахаа ч мэдэгдсэн. Ямартай ч уг хэргийг үйлдсэн нь нотлогдоод байгаа Андерс Бревикийн шүүх хурал өнөөдөр болж, хийсэн зүйлийнхээ гол шалтгааныг олон нийтэд хэлнэ гэдэгт найдаж байгаа талаар BBC агентлаг мэдээлсэн. Андерс Бревикийн өмгөөлөгч “Тэрбээр өөрийн үйлдлийг тайлбарлахаа амласан” гэжээ. Харин “Яагаад Норвеги” гэдэг асуулт уншигч бидний дунд асуулт хэвээр үлдлээ. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.