-Хөвсгөл аймгийг хөгжүүлэхэд Хөвсгөлөөс гаралтай хүн бүрийн нутгаа гэсэн сэтгэл, оролцоо чухал гэж үзэж байна-
Улаанбаатар хотноо болж буй зөвлөгөөнөөр Хөвсгөл нутгаа хөгжүүлэх хөгжлийн ямар гарц, шийдэл, боломж байгаа талаар бизнес эрхлэгчид харилцан санал солилцлоо. Өмнө нь энэ үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаа Улаанбаатар хотод зохион байгуулж нутгийн гаралтай эрдэмтэд, гавьяатууд, бизнес эрхлэгчдийг хамруулан зохион байгууллаа. Аймгийн засаг даргын 2020 он хүртэлх Хөгжсөн хөвсгөл үйл ажиллагааны хөтөлбөр, 2030 он хүртэлх аймгийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үр дүнг тооцон ажиллаж байна. Хөвсгөл аймгийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрт тулгуурлан хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ингэхдээ орон нутгийн шинжтэй нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийг барих, ойн баялагтаа тулгуурлаж мод боловсруулах үйлдвэр, МАА -гаа тулгуурлан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг барих зэрэг олон санал дэвшүүллээ. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв. Тэр ч утгаараа аялал жуулчлалын үйл ажиллагааны хүрээг тэлж шинэ шинэлэг санал санаачлагыг дэмжин төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн томоохон цогцолборуудыг бий болгож ажиллах олон санал гаргалаа. Цаашид хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж Хөвсгөлчүүд улам ойртон ажилласнаар форумаас гарсан санал төслүүд хэрэгжиж үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм.Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж хагас бүтэн жилээр үр дүнг хэлэлцэж байхаар боллоо. Энэ жилийн бизнес эрхлэгчдийн форумыг Аймгийн ИТХ, засаг дарга, түүний тамгын гааазар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Б.ТУЯА