Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоос хураамж авах шийдвэр гараагүйг Гадаад харилцааны яамнаас онцоллоо. Зөвхөн ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргажээ. ӨМӨЗО-ны өнгөрсөн сарын 04-ний өдөр батлан гаргасан албан бичигт здээрх гурван боомтоор урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна. Урд хөршийн зүгээс энэхүү хил нэвтрэхэд авах хураамжаа нэмэгдүүлсэн эсэхээ одоог хүртэл Гадаад харилцааны яам /ГХЯ/-д албан ёсоор мэдэгдээгүй буй юм. Гэхдээ дээрх гурван боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачаа тутмаас нь энэ сарын 01-нээс эхлэн хураамжаа авч эхэлжээ. Одоо ГХЯ-д БНХАУ-ын талаас мэдэгдээд ч Монгол Улсын талаас ямар хариу арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь Монгол, Хятад хоёр улс аль аль нь боомтуудаар нэвтэрсэн автомашинаас
- Авто зам ашигласны төлбөр
- Ариутгалын хураамж
- Бүрдүүлэх материалын гаалийн хураамж
- Ачааг хэмжсэний хураамж
- Хорио цээрийн хураамж
- Хилээр гарч буй нүүрснээс тонн тутамд нь 5.2 юанийн хураамж авдаг байсныг салбарын яамнаас нь онцолж байна.
Монгол Улс урд, хойд хөрштэйгээ хиллэсэн 46 боомттой. Үүнээс “Замын-Үүд”, “Бичигт”, “Булган” гэсэн гурван боомт нь олон улсын статустай. Үүн дээр нэмээд “Сүмбэр рашаан” боомт нь улирал харгалзаж ажилладаг олон улсын чанартай юм. Цаашид “Гашуун сухайт”, “Шивээхүрэн” зэрэг уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог хилийн боомтуудаа олон улсын статустай болгохоор хөөцөлдөж буйг ГХЯ-наас мэдэгдлээ. Албаны эх сурвалжийн тайлбарласнаар, боомтууд олон улсын статустай боллоо ч нэгэнт тогтоосон хураамж, татварыг адилхан дагаж мөрдөх аж.
Ийнхүү боомтуудаар нэвтэрч буй бараа болгоноос хураамж авахаар болсон нь Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой юм байна. Хэдийгээр энэ дунд Хятад, Оросын хилийн зарим боомт багтсан ч Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятадтай холбогддог боомтоор гаргадаг учир эдийн засгийн уналтын үед том дарамт болно гэсэн болгоомжлол байна.
Зураглаач Н.БАТМӨНХ