Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд ОХУ-д албан айлчлал хийлээ. Сайдын айлчлалын ажлын хэсэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон бусад албаны хүмүүс оролцжээ.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Боловсрол, соёл урлаг, спортын сайдуудтай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлэлцээ хийсэн байна. ОХУ-ын зүгээс боловсрол, соёл урлаг, спортын салбарт манай улстай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлж манай талын тавих бүхийл санал, хүсэлтийг хүндэтгэн хүлээж авахаа мэдэгджээ.
Айлчлалын үеэр Биеийн тамир, спортын газрын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц ОХУ-ын төрийн думын дэд дарга Жуков, ОХУ-ын төрийн думын спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал хариуцсан байнгын хорооны дарга Дегтярёв Михайл Владимирович нарын албаны хүмүүстэй уулзаж, хэд хэдэн чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр жилд 40 хүртлэх тооны оюутныг ОХУ-ын их, дээд сургуульд спортын чиглэлээр суралцуулах, хоёр орны үндэсний шигшээ багийн тамирчдыг тогтмол хамтарсан бэлтгэлд хамруулах, Спортын барилга байгууламжийн бэлэн зураг төсөл авах, 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын зохион байгуулалтад хамтран ажиллахаар болжээ.
Б.ЭНХ