АНУ Умард Солонгостой цөмийн асуудлаар зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

АНУ Умард Солонгостой цөмийн асуудлаар зөвшилцөнө

Умард Солонгосын дипломат төлөөлөгч энэ долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотод хүрэлцэн ирж, цөмөөс ангид байх тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэх арга замын талаар АНУ-тай зөвшилцөх тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга  Хиллари Клинтон мэдэгдлээ. Өмнөд болон Умард Солонгосын талууд өнгөрсөн долоо хоногт цөмийн асуудлаар хуралдсаны дараа АНУ-ын талаас Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын орлогч Ким Кайгуаныг урьсан байна. Хоёр Солонгосын тал өнгөрсөн баасан гаригт зургаан талт хэлэлцээрийг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлэх асуудалд санал нэгджээ. 

Умард Солонгосын тал өнгөрсөн 2008 онд цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийн үеэр олон үндэстнүүдийн нэгдсэн цөмөөс ангид байх санаачлагаас нэрээ татаж, эл уулзалтыг бүтэлгүйтүүлснээс хойш анх удаа цөмийн асуудлаар шууд хэлэлцээрийг зохион байгуулах нөхцөл боломжийг судалж байгаа юм. Хурлын зорилго нь умардуудыг олон улсын болоод зургаан талт хэлэлцээрээс урган гарсан үүрэг хариуцлагыг биелүүлж, дагаж мөрдөхөд бэлэн эсэхийг мөн цөмөөс ангид байх шат дараатай арга хэмжээнүүдийг эргэлт буцалтгүй авч хэрэгжүүлж чадах эсэхийг нь туршиж сориход оршиж байгаа бөгөөд энэ удаагийн хурал нэг ёсондоо туршилтын шинжтэй болох талаар хатагтай Клинтон мэдэгдэлдээ дурьджээ.

Талууд Умардуудтай хэлцэл хийхэд бэлэн байгаа авч тэднийг уулзалтын ширээний ард суух төдийхнөөр ирэх зургаан талт хэлэлцээрт оролцохыг зөвшөөрөхгүй бөгөөд харин дорвитой шийд гаргаж, олон улсын боловсруулсан арга хэмжээнүүдэд нэгдэхийг хүлээж байна. Түүнчлэн хэлэлцээрийг дахин сунжруулах хүсэл аль аль талд нь огт байхгүй тул Умардуудын байр суурийг эхлээд олж тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж