Бэлчээрийн доройтол 368 тэрбум төгрөгийн алдагдлаар хэмжигдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн доройтол 368 тэрбум төгрөгийн алдагдлаар хэмжигдэнэ

Сүүлийн хорин жилийн дотор Монгол Улсын бэлчээр нутгийн 65 хувь нь доройтолд орсныг судлаачид онцолж байна. Бэлчээрийн доройтол цаашид энэ эрчээрээ үргэлжилвэл монголчууд хэдхэн жилийн дараа идэх эрүүл махгүй, үйлдвэрлэх малын түүхий эдгүй, уургаа нөхөх уламжлалт цагаан идээгүй болохын зэрэгцээ эрүүл хөрсгүй болох аюултай юм. Иймээс бэлчээрээ хамгаалж, байгалийг тэнцвэржүүлэх шимтэй ховордсон ургамал, ногоогоо хайрлан хамгаалах одоогийн бэлчээрийг хамгаалах тусгай хууль баталж, зохицуулах шаардлагатайг судлаачид хэллээ.

Бэлчээрийн тухай хуультай болбол, одоогийн бэлчээрийн доройтол буурч, малчид малынхаа тоонд бус чанарт нь анхаардаг болно. Мөн малчид отрын нөөц нутагтай болж, малчин бүрт бэлчээрийн газрыг тэгшээр хувааж авах боломжтой аж. Үүнээс гадна уул уурхайн хайгуул, олборлолтод бэлчээрийн газар нутаг нь өртсөн бол малчид нөхөн төлбөр авдаг байх зохицуулалтыг ч хийх юм байна.  Дээрх зохицуулалт бүгд бэлчээрийг доройтлоос аврах гарц нь болох юм. Малаас гарах түүхий эд үнэгүйдэж, зах зээлийн бодитой эргэлтэд орж чадахгүй байгаа нь бэлчээрийн доройтолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг уналтад орж, хөдөө аж ахуйгаас олох орлого буурсан нь бэлчээрийн доройтол эдийн засгийг хямраах нэг шалтгаан болжээ.

Бэлчээр хаагуур хэрхэн доройтсон талаар улсын хэмжээний хангалттай статистик мэдээлэл бий. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн ухаалгаар хөтлөх, үйлдвэрлэлийн гол суурь болсон бэлчээрийн ашиглалыг хэрхэн зохион байгуулах технологийн зөвлөмж, сайн туршлагуудыг эрдэмтэд гаргасаар байна. Нөгөө талдаа бэлчээрээ хайрлан хамгаалж ашигладаг малчид, менежмерүүдийг урамшуулдаг, бэлчээр нутгаа цөлмөн доройтуулдаг хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирдлага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм юу юунаас илүү чухал болжээ. Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар энэхүү хариуцлагажуулах механизмыг ажиллуулах боломж байгааг судлаач ярилаа.  

Малын чанар муудсанаас байгаль баг уурын бэрхшээлд малын дасан зохицох чадвар мөхөсдөх болжээ. Бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж шарилж, лууль давамгайлснаас Монгол малын үндсэн давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлөөд эхэлсэн байна. Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гурван үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөгийн алдагдалд хүрсэнийг судлаачид тооцжээ.

Малын тооны хяналтгүй өсөлтөөс бэлчээрийн ачаалал улам бүр нэмэгдэж даацаас хол хэтэрсэн өнөөгийн нөхцөлд хаяа багтахаараа буух байдлаар зохицуулж буйгаа малчид тодотголоо. Цаашид доройтол үргэлжилсээр байвал малчид мал аж ахуйгаа тогтвортой хөтлөх ирээдүй бүдгэрч, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болох аж.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж