Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний супер лиг Спортын төв ордонд болж байна. Тухайн аймгаас төрсөн гарсан салбар салбарын алдартнууд нутгийн багтаа тоглож байгаа билаа. Жүдо бөхийн домогт тамирчин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ жил Увс аймгийн багтаа тоглож байна.
Түүний хувьд өнгөрсөн онд “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын "А" зэрэглэлийн тэмцээнд Дархан-Уул аймгийн багаас оролцож, аваргын алтан медалийг хүртэж байсан юм. Тэгвэл олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар энэ жил өөрийн төрсөн нутаг Увс аймгийн багт нэгдсэн байна. Түүнээс гадна энэ багт улсын аварга С.Мөнхбат аварга тоглож байгаа юм.
Ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэн явагдах 21 аймгийн Үндэсний супер лигт 12 баг оролцож байгаа бөгөөд тоглолтууд Даваа, Лхавга, Баасан гаригт Спортын төв ордны “А” зааланд болж байна.
Ч.БОЛ