Н.Энхбаяр, М.Энхсайхан нар шинэ үлгэр зохиож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, М.Энхсайхан нар шинэ үлгэр зохиож байна

Ш.ТӨМӨРСҮХ: Н.ЭНХБАЯР, М.ЭНХСАЙХАН НАР ШИНЭ
ҮЛГЭР ЗОХИОЖ БАЙНА

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийг “Ярилцах танхим”-даа урилаа.
 
-Сүүдрийн парламентынхан өнгөрсөн долоо хо­ногт Улсын Дээд шүүхэд хандсан. Ямар шалтгааны улмаас Улсын Дээд шүүхэд хан­дах болсон талаар яриагаа эхлэх үү?

-Дээд шүүхэд хэд, хэдэн байгууллага хамтраад сүүд­рийн парламентын нэрийн өмнөөс хандсан. Сонгуулийн тухай хуулийн 5.1 дэх заалтад “Бүх нийтээрээ чөлөөтэй, шууд сонгоно” гэсэн байдаг. Гэтэл энэ заалтыг улс төрийн намууд,  эрх баригчид өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн байдлаар тайлбарлаад байгаа юм. Тэгээд өөрсдийн тайлбарт нийцүүлж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр зүтгэж, парламентыг гацаанд оруулан, Монголын ард түмнийг төөрөгдүүлээд байна шүү дээ. Тиймээс Улсын Дээд шүүхэд аливаа хуулийг тайлбарлах эрх байдаг учир “Нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгоно” гэдгийг үнэн зөвөөр нь тайлбарлаж өгөөч” хэмээн бид Улсын Дээд шүүхэд хандсан юм. Улсын Дээд шүүх бидний хүсэлтийг хүлээж авсан учир үүргийнхээ дагуу энэ бүхэнд тайлбар хийх ёстой. Харин бид Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намын хувьд Монголын ард түмэнд бүрхэг байгаа асуудлыг тодорхой болгож өгөх үүрэгтэй учир ийм үйлдэл хийсэн юм. 

-Сүүдрийн парламент гэсэн нэрийн дор чухам ямар хүмүүс нэгдчихээд юу хийгээд яваад байна вэ. Нэрнийхээ “Ид шид”-ийг гаргаж чадаж байна уу?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам буюу Сүүдрийн парламент үйл ажиллагаагаа өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж явуулсан. Сүүдрийн парламентад УИХ-д суудалгүй намууд, төрийн бус байгууллагууд багтдаг. Бид  Сүүдрийн парламент байгуулсныхаа да­раа­­хан “Сүүдрийн парламент” гэсэн хэлэлцүүлгийг долоо хоног бүр телевизээр өрнүүлдэг болсон шүү дээ. Одоо ч гэсэн энэ хэлэлцүүлгийг хийж л байгаа. Ер нь “Сүүдрийн парламент одоогийн парламентаас дутахааргүй үйл ажиллагаа явуулдаг” гэж бодож байгаа. Телевизийн хэлэлцүүлгээс гадна бид “Ногоон эвсэл” мэдээллийн төвд долоо хоногт хоёр удаа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг. Хэлэлцүүлгээс гарсан үр дүн, саналыг УИХ-д хүргүүлэх тохиолдол ч бий. Цаашид сүүдрийн парламентын хамрах хүрээг өргөжүүлэх санаатай байна.

-Сүүдрийн парламентад ямар намууд нэгдсэн бэ?

-Одоогоор Сүүдрийн парла­ментад Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ногоон эвсэл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шударга иргэдийн фронт, Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн нэгдсэн холбоо нэгдсэн. Монголын чөлөөт ахмадын холбоо албан ёсоор нэгдээгүй ч гэсэн үйл ажиллагаанд маань оролцдог. Цаашид хамтарна гэж бодож байна.  

-Та бүхэн сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байгаа вэ?

-Монголд сон­гуулийн пропор­циональ тогтолцоо хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол Улс нэг тойрог болох хэрэгтэй. Гэхдээ сонгогчид намын нэрийг биш, хүний нэрийг л сонгодог байх ёстой. Ингэж чадвал илүү шударга сонгууль болох юм. Түүнээс бус мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэдэг бол Сонгуулийн тухай хуульд бараг л өөрчлөлт орохгүй гэсэн үг шүү дээ.

-Н.Энхбаяр МАХН хэмээх нам байгуулчихсан жижиг намуудыг эгнээндээ нэгтгэж байгаа. Тэгэхээр пропорциональ хувилбараар сон­гууль явуулахаар болбол намын нэр дугуйлах нь жижиг намуудад ашигтай биш үү. УИХ-ын гишүүн болох бодит боломж гарч ирээд байхад та пропорциональ хувилбар дотроо хүний нэр дугуйлах ёстой гээд эсэргүүцээд байх юм?

-Ардын намынхан анхнаасаа пропорциональ хувилбар давам­гайлсан тогтолцоогоор сонгууль явуулна гэж ярьж байснаа гэнэт мажоритари хувилбарыг дэмжээд байгааг намынхаа нэрийг сольсон, МАХН хэмээх нам байгуулагдсантай холбож тайлбарлаж байгаа. Энэ нь ч үнэний ортой. Гэхдээ пропорциональ хувилбар бол ганцхан намын нэрийг сонгоно гэсэн үг биш шүү дээ. Хүний нэрийг ч сонгож болох л хувилбар. Пропорциональ гэдэг нэр  Монгол Улсын Үндсэн хуулинд нийцэж байгаа ч манайхан наана нь холион бантан хутгаад “Заавал намын нэр сонгоно” гэж Үндсэн хууль зөрчсөн хувилбар гаргаж ирээд байгаа учир дураараа хууль тайлбарлаж, өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль батлуулах асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Тэгээд ч би Н.Энхбаярыг нам байгуулахаар хөөцөлдөж байх үед “Хулгайч бол хулгайч л байдаг. Бид хулгайч нартай нэгдэхгүй” гэж хэлж байсан. Одоо ч тэр байр сууриа хадгалж байгаа. Заавал хүний халааснаас хулгай хийсэн хүнийг хулгайч гэхээ больчихсон биз дээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар арав гаруй жил төрийн толгойд байсан уу, байсан. Гэтэл тэр үедээ хийгээгүй зүйлээ одоо хийнэ гэдэг үлгэр. “Би туршлагагүйтэж, алдаж байжээ. Би одоо л сайн ажиллая” гэж байгаа нь юу гэсэн үг юм  бэ. Үүнд итгэж болох уу. Энэ бол ард түмнийг хуурах гэж дэглэсэн жүжиг, дэндүү шившигтэй асуудал. Нөгөөтэйгүүр Н.Энхбаяр яах аргагүй жижиг намуудыг нэр хүндээ өсгөж, эдийн засгийн арга хэрэглэх замаар түр зуур өөртөө татаж байгаа нь үнэн. Энэ бол тэр хүний нийгэмд байр сууриа бэхжүүлэх гэсэн аргын нэг хувилбар нь юм. Харин эцэст нь түүний булхайг мэдсэн хамтран зүтгэгчид нь татгалзаж эхэлсэн шүү дээ. Мэдээлэл хийхгүй л байгаа болохоос ихэнх хамтрагчид нь түүнийг орхисон. Уламжлалын нэгдсэн намынхан МАХН-аас татгалзсан тухай дарга нь надад хэлсэн. Ер нь улс төр хийж байгаа хүмүүс холыг харах ёстой гэж боддог.

-Гэхдээ та бүхнийг МАХН-ынхантай нэгдэхээр очиж уулзаж байсан гэж сонссон?

-Бид очиж байсан уу гэвэл очсон. Гэхдээ Н.Энхбаярын хийж буй улс төрд оролцохоор биш Үндэсний шинэ намынхны урилгыг хүлээж авч очсон юм. Тухайн үед өөрсдийн үзэл бодлыг тууштай хамгаалж байсан учир байдал цаашид нэг л биш болох нь гэдгийг мэдээд өөрсдийн замыг хөөж байсан юм.

-“Одоо баггүй бол улс төрд орно гэдэг хэцүү” гэж олон хүн ярихыг сонслоо. Та энэ багтайгаа үлдэх үү. Аль эсвэл МАХН-аас өрх тусгаарлаж байгаа хүмүүстэй нэгдэх үү?

-Мэдээж хүчээ нэгтгэвэл ямар ч үйл амжилтанд хүрдэг. Гэхдээ хүчээ нэгтгэхдээ хэзээ, хэнтэй, хаана гэдэг хамгийн чухал. МАХН шиг жишээ бидэнд хэрэггүй. Сүр дуулиантай гарч ирсэн хэрнээ одоо задарч байна шүү дээ. Ер нь түр зуурын хувийн амбиц хөөх нь удаан наслахгүй. Бидний хувьд бусадтай нэгдэхгүй байгаа шалтгаан нь  нийгэмд шударга үнэний төлөө гэж явдаг субьектыг хайж байгаад л оршино. МАХН-аас өрх тусгаарлаж байгаа хүмүүс үнэхээр шударга байгаад, биднийг шударга гэж үзээд зам нийлэх эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Бидний үйл ажиллагаа нэг нэгэндээ таалагдвал нэгдэхийг үгүйсгэх аргагүй.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Яаж яваад улс төрд хөл тавив?

-Би  хөдөө  аж  ахуйн  био тех­нологич мэргэжилтэй хүн л дээ. ОХУ-д энэ мэргэжлээрээ сурч байхдаа хуульч мэргэжил эзэмшихээр ший­дээд хуулийн сургуульд давхар суралцсан юм. Амралтаараа хааяа Монголд ирэхэд хүмүүс бухимд­чихсан хэцүү байдалтай байсан л даа. Тиймээс 1999 онд  “Бухимдалтай тэмцэх нийгэмлэг” гэж байгуулж байлаа.  Тухайн үед “Бухимдалтай тэмцэх гэж юу яриад байна вэ. Монголд ийм нийгэмлэг хэрэггүй” гэх зэргээр нэлээд зэмлэл, шүүмжлэл хүлээж байсан юм. Бухимдал яагаад үүсдэг юм бэ гээд судлаад явж байхад аливаа нэг хүний заяагдмал эрх чөлөө нь зөрчигдөхөөр л үүсдэг юм байна гэсэн гаргалгаанд хүрсэн. Тэгээд эрх чөлөө гэдэг зүйлийг бид гаргаж ирэх ёстой гэж ойлгоод 2005 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас намынхаа нэрийг авч байлаа. Намаа байгуулж байхад ч ийм нэртэй нам байгууллаа гэж мөн л зэмлэл хүлээж байсан. Энэ үеэс эхлээд улс төр рүү эргэлт буцалтгүй орсон.

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэхээр тухайн үед зарим хүнд ойлгомжгүй санагдаж байсан байх л даа. Одоо ч гэсэн сонин л байгаа шүү дээ?

-Үүнийг тайлбарлахад амархан л даа. Таны барьж байгаа дуу хураагуур дээр жишээлэхэд энэ дуу хураагуурт заяагдмал эрх чөлөө, үүрэг байгаа.  Ярилцлагыг тань сайхан бичиж, бэлэн болгох нь нэг талаас  дуу хураагуур тань үүргээ биелүүлсэн гэсэн үг. Нөгөө талаас амьгүй зүйл ч гэсэн өөрийн эдлэх ёстой заяагдмал эрх чөлөөг эдэлж байгаа юм. Харин дуу хураагуур тань гэмтэлтэй байвал эрх чөлөө нь үгүй болж, үүргээ биелүүлж чадахаа болино. Яг үүнтэй ижилхэн асуудлаас болж Монгол оронд бухимдал бий болж байгаа юм шүү дээ. Гэхдээ эрх чөлөө гэж хэт туйлшралыг хэлэхгүй Монгол Улсад мөрдөж байгаа хууль, эрх зүйн орчинд ажиллаж амьдрахыг хэлнэ. Бид үүнийг бий болгохын  төлөө явдаг юм.  

-Та бүхний хийж буй үйлдэл зорилгодоо хүрч байгаа юу. Үүний тулд улстөрчид үгийг тань сонсож, боловсруулж буй бодлогодоо саналыг тань тусгадаг байх ёстой байх л даа?

-Бидний дуу хоолойг сонсож байгаа гээд хэлчихвэл эрх баригч нар амбиц гаргах магадлалтай. Гэхдээ бидний дуу хоолойг тодорхой хэмжээгээр ажил хэрэг болгосон тохиолдлууд бий л дээ. Төрийн ордны хажуугийн замыг хоёр урсгалтай болгох санаачилгыг бид анх гаргаж байсан юм. Тухайн үед бид “Монголчууд гэрээсээ гарахдаа нар зөв тойрч явдаг байтал төрийн ордноо өдөр бүр нар буруу тойрч байна” гэсэн жишээ авч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Одоо үүний үр дүн гарсан гэж бодож байна. Үүнээс гадна Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд хуучин авто машины албан татварыг асар их хэмжээгээр нэмэх шийд гаргаж байсныг бууруулахад бидний оролцоо тодорхой хэмжээгээр байсан. Тухайн үед энэ талаар улс төрийн намуудын оролцсон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэг дээр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хуучин авто машины албан татварыг нэмэх нь зүйтэй. Юм хийж чадахгүй бол машин унахаа болиод морин тэргээр л явна биз” гэх маягийн үг хэлж байсан. Харин бид хөл дээрээ зогсох гэсэн нэгнээ эдийн засгаар нь дарамтлах ёсгүй гэсэн байр суурин дээр зогсож, тууштай эсэргүүцсэн. Дараа нь Сүүдрийн парламентаар дахин хэлэлцүүлэг өрнүүлж,  УИХ-д бичиг хүргүүлж байсны үр дүнд татвар нэмэгдээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Ер нь эрх баригчдын сэтгэхүй хэтэрхий хоцорчихсон. Компьютераар бол “Пентиум-1, 2” болчихсон байгаа учир бидний ярьж байгаа асуудлаас санаа авдаг нь үнэн шүү дээ. Тиймээс энэ улстөрчид ухамсраараа зайгаа тавьж өгч, юм хийх гэсэн эрмэлзэлтэй шинэ залуусыг гаргах нь зөв. 

-УИХ-ын 2008 оны сонгуульд та бие дааж нэр дэвшиж байсан. Харин одоо өөрийн багтай болсон байна. Бэлтгэлээ бүрэн хангасан гэж үзэж байна уу?

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болоогүй учир ямар байдалтай сонгуульд оролцохоо мэдэхгүй байна. Би 2008 онд Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшиж байсан. Ирэх жил ч тухайн тойрогт л нэр дэвших байх. Сонгуулийн бэлтгэл гэхээсээ илүүтэй Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд бэлтгэлээ хангасан. УИХ-ын гишүүн болохын тулд нэр дэвшиж байгаа хүн Монгол Улсын хөгжлийн бодлогыг барих учиртай. Тэгэхээр аливаа зүйлд анализ хийж, бусдыг сонсож, сонсгож тэр бүхэндээ дүгнэлт хийж чаддаг байх ёстой. Тийм чадвар суулгахын төлөө өөрийгөө бэлдэж байна. Гэтэл манай улстөрчид дөрвөн жил өөрийгөө сурталчилах ажил хийгээд байх юм. Ард түмэн ч гэсэн сонгуулиас сонгуулийн хооронд л амьдарч байна шүү дээ. Энэ хооронд улстөрчид ил, далд байдлаар сонгууль хийгээд ард түмнийг ажил хийлгэхгүй байх юм. Ардын нам, Ардчилсан намынхан хөдөө орон нутгаар хэлэлцүүлэг нэртэй сурталчилгаа хийгээд байгаа нь нууц биш шүү дээ. Үүний үр дүнд ард иргэд нь ажлаа хийж чадахгүй байдалд хүрчихээд байна. Тэгэхээр сонгогдсон хугацаандаа улстөрчид ажлаа хийж, ард түмнийг ажиллах боломжоор нь хангах хэрэгтэй байна.

-Гэхдээ таны бэлтгэлээ хангах энэ арга ч гэсэн өөрийгөө олонд таниулж буй нэг хэлбэр байх л даа. Монголд ургах боломжгүй цагаан будаа тарьсан гээд л телевизээр гарч байсан. Сонгуулийн ерөнхий хороонд санал хураах машин танилцуулж байхад хөндлөнгийн хянагчийн үүрэгтэй оролцож байсныг тань санаж байна л даа?

-Монголд сайн чанарын цагаан будаа ургуулах ажлыг би сүүлийн таван жил судалсан. Судалгааныхаа үр дүнд цагаан будаагаа ургуулж ч чадсан. Энэ талаар анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд хэлэхэд “Япон, Өмнөд Солонгосчууд ургуулж чадаагүй” гээд авч хэлэлцдэггүй байсан л даа. Үүнээс хойш гадныхан төсөл нэрийдлээр мөнгө идэх зорилготой л энэ ажлыг идэвхгүй хийдэг байсан байх гэж бодох болсон. Үүнээс гадна төр засгийн ажилд хяналт тавих зорилгоор уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцдог юм. Энэ бүхэн нь сурталчилгаа гэхээсээ илүүтэй ард түмний хяналтыг ямар нэгэн байдлаар төр засагт хүргэх гэсэн л нэг оролдлого юм.

-Энэ мэт зүйлээс болоод таныг хүмүүс тодорхой хэмжээгээр таньдаг болсон. Тэгэхээр манай уншигчдад гэр бүлийнхнийгээ  танилцуулахгүй юу. Та хаана амьдарч байна вэ?

-Би хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань оюутан, бага хүүхдүүд маань дунд сургуульд сурдаг. III, IV хороололд амьдардаг даа.

-Ярилцсанд баярлалаа

Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж