Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй аймгийн удирдлагууд арваннэгдүгээр сарын 20-ны өдөр малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцсан юм.
Хонгор сумын 2 дугаар багийн Зулзага, Адуунтолгой, Бухаар, Углуу, Сонинхангай, Цавын гуу, Шийр, Аргалын гарам, Хустайн давааны ард өвөлжиж буй 50 гаруй айл өрхөөр орж, санал хүсэлтийг нь сонслоо. Мөн аймгийн Улаан Загалмайн хороо хандив, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн эмийн багц, өрх бүрт тус бүр нэг шуудай хивэг, нүүрс, элгэвч, нэмнээ, бээлий зэргийг хүргэлээ. Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн их эмч малчдад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, цаг уурчид малын бэлчээр дэхь цасны зузаанд хэмжилт хийв.
Энэ онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. Аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306.4 тонн өвс, 69 тонн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 95 хувьтай байна.
Малчдын аж амьдралтай танилцсаны дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нийт Дарханчууд, ААНБайгууллагуудад хандан “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-ыг санаачилан эхлүүлээд байна.
Цугларсан мөнгөн тусламж, эд материалыг 2017 оны 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчин түмэндээ хүргэх юм.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN