МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд СТО-д боллоо. Одоо багууд плей-оффын дайралтаа эхлүүлсэн тул тоглолт бүр өрсөлдөөнтэй, өгөө аваатай болж байна.
Ингээд өчигдөр/2016.12.05/ болсон тоглолтын мэдээллийг хүргэе.
- Архангай Алтан Дорнодын Дайчид 94:97 Хөвсгөл Нэг Үе
- Увс Нуур 107-98 Ховд Алтайн Аргаль
Өчигдөр Баруун бүсийн хүчирхэг баг Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” тэмцээнээс эхэлсэн цагаас хойш ямар багтай шилдэг өрсөлдөөнийг үзүүлж буй Увс аймгийн “Увс Нуур”-тай оноолт таарлаа. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд эхний хагас Увс аймгийн залуус багаараа жигд тоглолт үзүүлсэн юм. Улмаар хоёрдугаар үе 53:50-аар өндөрлөв. Гуравдугаар үед Увс аймгийн баг тэргүүллээ хадгалсаар байлаа. Төгсгөлийн 12 минутад хоёр баг хожил авахын төлөө бүхнээ дайчлав. “Увс Нуур” бага зэрэг давамгайлж, есөн оноогоор илүү гарлаа. Энэ мөчөөс эхлэн Ховд аймгийн залуу бүтэн талбайн хамгаалалт авсан юм. Тэр нь ч үр дүнгээ өгч “Ховд Алтайн Аргаль” зургаан оноо дараалан авлаа. Тоглолт өндөрлөхөөс 40 секундын өмнө “Увс Нуур” багийн холбогч Зоригт алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, Ховд аймгийн багийг “нуман тулгуур”-т оруулан тоглолтын ялагчийн хувь заяаг шийдсэн юм. Улмаар тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Мөнхбаяр мөн алсын шидэлтээ амжилттай болгож, “Увс Нуур” өрсөлдөгчөө 107:98-аар буулган авч, улирлын хоёр дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод “Увс Нуур” багаас Баяртулга 20 оноо, 7 самбар авсан бол Мөнхбаяр 15 оноо, 15 самбар, Билгүүн 13 оноо, 6 оновчтой дамжуулалт, Т.Мэндбаяр 13 оноо, 13 самбар, Ц.Баянмөнх 12 оноо, 7 самбар авч багаараа жигд тогложээ. Харин Ховдоос Д.Мөнхтүвшин 33, Ц.Азбаяр 19, Болдбаатар 18, Болортулга 15 оноо авсан ч ялагдал хүлээв. “Увс Нуур” багаараа 63 удаа самбараас бөмбөг авсан бол Ховд аймаг 42 удаа самбараас бөмбөг авчээ.
Баруун бүсийг тэргүүлж буй Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид”, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Нэг Үе” багтай улирлын долоо дахь тоглолтоо хийлээ. Нэгдүгээр үед архангайчууд тун жигд тоглолт үзүүлсэн бөгөөд залуу тоглогч Энхбаясгалан гайхалтай байж 12 оноо авсан юм. Улмаар баг нь онооны давамгайлал авч чадсан. Эхний хагаст Архангай аймгийн баг тэргүүллээ хадгалав. Харин гуравдугаар үед “Хөвсгөл Нэг Үе” баг онооны зөрүүг арилгаж чадсан юм. Улмаар шийдвэрлэх дөрвөдүгээр үед хоёр баг ширүүн өрсөлдөөн үзүүлсэн юм. Тоглолтын тооны харьцаа 94:92 байхад Хөвсгөл аймгийн тоглогч Оюунболдын Цэлмэг алсын зайн шидэлтээ амжилттай болгож багтаа тэргүүлэл авчирсан. Улмаар “Хөвсгөл Нэг Үе” эцсийн мөчид өрсөлдөгчөө 97:94-өөр буулган авч улирлын гурав дахь хожлоо байгуулав. Тус тоглолтод О.Цэлмэг 18 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд тэрбээр зөвхөн дөрөвдүгээр үед 14 оноо авсан аж. Мөн Б.Наранбаатар 14, ОУХМ Г.Наранбаатар 13 оноо авчээ. Архангайгаас О.Энхбаатар 15 оноо, 8 самбар, Э.Цэвэлдорж 15 оноо, Энхбаясгалан 14 оноо авсан байна.
МҮБСХ