-Антарктид тивийн Винсон Массиф ууланд авирахаас гадна цаг уур, орчны судалгаа, цас мөсний хэмжилт зэрэг судалгаа, шинжилгээний ажлыг хийнэ-
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр болсон билээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордох бөгөөд өчигдөр /2016.12.05/ хэвлэл мэдээлэл, ивээн тэтгэгч, болон спортын холбоодын төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө долоон тивийн долоон ноён оргилд гарах таны зорилго биелэхэд тун ойрхон байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Мэдээж сайхан байна. Өнөөдөр бэлтгэл ажил маань бүрэн хангагдаж, аялалдаа гарахад бэлэн боллоо. Уулчин бүрийн гарахыг хүсдэг дэлхийн долоон ноён оргилд хүрэх цаг хугацаа улам бүр ойртлоо. Санхүүгийн хэцүү байгаа энэ үед ивээн тэтгэсэн ард түмэндээ, ивээн тэтгэгч байгууллага, төрийн байгууллагын хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Би Винсон Массиф ууланд гарсны дараа нэгэн түүхэн амжилтыг бичих болоод байгаа. Мэдээж энэ амжилтад монгол хүн анхлан хүрэх гэж байгаад сэтгэл өндөр байна. Энэ ууланд авирахын тулд экспедицийн бүрэлдэхүүнд 42 мянган ам.долларыг өгч, бусад зардалтай нийлээд 48 мянган ам.долларыг олох ёстой байсан. Гэхдээ өнгөрөгч есдүгээр сараас олон нийтийн сүлжээгээр хандивын аяныг зарлахад ард иргэд, төр засгийн байгууллага идэвхтэй оролцлоо. Энэ аян маань олон улсын хэмжээнд хүрч гадаадын олон байгууллагууд дэмжлэг үзүүллээ. Дэмжсэн бүх хүнд талархаж байна. Мэдээж би бусад орны том экспедицийн бүрэлдэхүүн шиг том багтай явахгүй ч гэлээ өөрийнхөө хийж чадах бүхнээ хийгээд ирнэ гэдгээ амлаж байна.
-Антарктид тивийн цаг уурын орчин одоо ямар үе нь таараад байгаа вэ? Цаг уурын таагүй нөхцөл байдал хэр байх вэ?
-Антарктид тивд одоо зун болж байгаа. Уг тивийн ноён оргил Винсон Массиф ууланд гарахын тулд уулчид аравдугаар сараас нэгдүгээр сарын хооронд очдог. Одоо тэнд +10-аас -30 хэмийн хүйтэн байгаа. Гэхдээ ууландаа бол -35 хэмтэй. Антарктид тив салхи, шуурга их болдог. Би ОХУ-ын “7 Summits” клубийн сонгосон. Бид цаг уурын хамгийн таатай үед очиж байгаа. Гэхдээ туйл бол туйл. Цаг агаарын ямар ч таагүй нөхцөл таарахыг үгүйсгэхгүй. Уулны авиралт цаг агаараас шууд хамааралтай байдаг. Винсон Массиф дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын цорын ганц нэг цагаан тив. Тэнд зөвхөн өвс, ургамал байхгүй гэдгийг бүгд мэднэ. Тиймээс цөөхөн монгол хүн очоод байгаа өмнөд туйлд очих хүсэл маань удахгүй биелэх гэж байна.
-Таны хувьд ууланд авирахаас гадна судалгаа, шинжилгээний ажлыг давхар хийхээр боллоо?
-Би Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хийсэн гэрээний дагуу энэ удаа Антарктид тивд цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх, дээж авах зэргийг хийх үүрэгтэй яваа. Энэ тивд Монголын цаг уурч, судлаачид 1972 оноос хойш ажиллаж байсан түүхтэй. Гэхдээ өнөөг хүртэл ердөө долоон хүн л ажиллаж байсан. Тэгэхээр миний хувьд ууланд авирахаас гадна судалгаа, шинжилгээний ажлыг давхар хийх юм. Та бүхэн намайг гайхаж магадгүй. Гэхдээ би цаг уурын албанд таван жил орчим ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэ удаа өмнөд туйлыг зорьж байгаагийн хувьд давхар хийх ажил оногдсон.
-Таниас өмнө Винсон Массиф /4897 м/ ууланд Г.Ганхүү авиралт хийсэн шүү дээ. Харин таны хувьд энэ ууланд гарах анхны монгол эмэгтэй болох гэж байна?
-Тиймээ. Винсон Массиф ууланд Г.Ганхүү анх гарсан. Бид түүнийг “Шар айраг” хамтлагийн ахлагч, чөлөөт аялагч гэдгээр нь сайн мэднэ. Тэр бидэнтэй аяллынхаа тухайн сайхан зөвлөгөө өгсөн. Мэдээж тэр бол өмнөд туйлыг зорьсон найман монголын нэг болсон. Харин би тэнд очвол ес дэх нь болно.
-Таны хувьд яагаад уулын спортыг сонгох болов? Анх ууланд гарч байсан тэр үеэ дурсахгүй юу?
-Би хүүхэд байхын энэ спортыг сонгосон. 1989 оноос хойш өнөөг хүртэл уулын спортоор хичээллэж байна. Анх Очирваань хайрхандаа хөл тавьж байсан түүхтэй. Тэр үед хүүхэд байсныг хэлэх үү. Гэхдээ уулнаас авсан тэр эрч хүч маань намайг улам их хурцалж чадсан. Эхний 10-аад жил ахмадуудаа дагаж, монголынхоо олон ууланд гарсан. Харин сүүлийн 10-аад жил энэ спортод зүрх сэтгэлээрээ холбогдсон хүний хувьд илүү их зорилгыг өөртөө тавин өнөөдөр ийм амжилтанд хүрлээ. Түүнийхээ үр дүнд төрийн далбаагаа дэлхийн ноён оргилуудад гаргаж чадлаа.
-Хэдийнээс долоон тивийн ноён оргилд гарахыг зорьсон бэ?
-Үнэнийг хэлэхэд эхэндээ долоон ноён оргилд гарна гэсэн хүсэл байсангүй. Дэлхийн зулай Эверестид гарсны дараа гэнэт “The Seven Summit”-г хийж магадгүй юм байна шүү гэсэн бодол төрсөн. Ингээд хөдөлмөрлөж эхэлсэндээ. Энэ хугацаанд маш олон хүний дэмжлэг байлаа. Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Д.Сүрэнхорлоо дарга нар гээд надад үнэхээр их дэм болж байсан олон бий. Өнөөдрийн миний энэ амжилтад спортын холбоодын үе үеийн удирдлага их дэм өгсөн гэдгийг хэлмээр байна.
-Та ууланд явахдаа юу авч явдаг вэ? Мөн уулнаас юу авчирдаг вэ?
-Анх намайг Эверестид гарахаар явж байхад аав маань Очирваань бурханыг хүзүүнд зүүж өгч байсан. Тухайн үед “Энэ бурхан монголчуудын бурхан. Монгол хүнийг даатгах бурхан” гэж хэлж байсан. Хожим нь аавынхаа тэр хэлснийг санаад их баярлаж байсан. Би төрийн далбаагаа л авч явдаг. Хэдийгээр олон ивээн тэтгэгч нарынхаа бэлэг тэмдгийг авдаг ч тэр бүр бүгдийг аваад явж чаддаггүй. Харин хоолны хувьд борцоо л авч явна. Борцтой хоолоо идэхэд амархан тэнхэрдэг. Бусад орны иддэг тэр нь ч сайн энэ нь ч сайн гэдэг зүйлд тэр бүр автдаггүй. Монгол хүний биеийн онцлог өөр шүү дээ. Би уулнаас амжилт авчирдаг. Төрийн далбаандаа уулын салхийг шингээгээд ирдэг. Гэхдээ санамсаргүй авмаар зүйл байдаг.
-Юу?
-К-2 уулнаас бууж явахад гэнэт Монголын газрын зурагтай чулуу олсон. Энэ бол санамсаргүй зүйл болж, би чулууг авчирч байсан. Гэхдээ авсан зүйлийнхээ оронд заавал юм тавих ёстой. Би энэ удаа Антарктид тивээс чулуу авчирч чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ мэдээж тэнд ууланд гарахаас гадна судалгааны ажилд хэрэг болох зүйлийг авчрах болно.
-Таны хувьд хэзээ зодог тайлах вэ?
-Надад энэ асуултыг олон хүн тавьдаг. Намайг бүр К-2 ууланд авираад ирсний дараа зодог тайллаа гэж хэвлэлээр мэдээлсэн байсан. Үнэндээ энэ авиралт миний сүүлийн авиралт биш.
Европ тивийн ноён оргил Эльбурс, Ази тивийн ноён оргил Эверест, Африк тивийн ноён оргил Килиманжаро, Хойд Америкийн ноён оргил Денали, Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа болон Австрали /Далайн/ ноён оргил Карстенз пирамид гэсэн зургаан тивийн ноён оргилд хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулсан уулчин Б.Гангаамаа Антарктид тивийг зориход бэлэн болжээ.
Б.Гангаамаа энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордож, 15-ны өдрөөс ОХУ-ын багтай авиралтаа эхлүүлэх юм. ОХУ-Монгол улсын хамтарсан экспедицийн Винсон Массиф ууланд хийх авиралт арванхоёрдугаар сарын 15-30-ны хооронд болохоор төлөвлөгдсөн байна.
Б.Гангаамаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан анхны монгол эмэгтэй уулчин юм. Мөн уулчдын гарахыг хүсдэг долоон тивийн долоон ноён оргил “Seven summit”-ын зургаад нь гараад байна.
Тэрээр,
- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
- 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
- 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
- 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
- 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
- 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ гэсэн зургаан тивийн ноён оргилд хөл тавьж, Монголынхоо далбааг мандуулаад байна.