С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ

  • “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд ханджээ. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ.


  • Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байгааг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тухайлбал, , “ДЦС 4” ТӨХК 13, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж. Энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих үүргийг салбарын сайд өгчээ.


  • Энэ жил нийт 45 мянга 480 малчин 9.2 тэрбум төгрөгийг арьс, ширний урамшуулал болгон хуваан авсан байна.. Нэг килограмм ноосны зах зээлийн үнэ 600-900 төгрөг. Малчин нэг килограмм ноосыг 900 төгрөгөөр үйлдвэрлэгчид борлуулаад хариуд нь төрөөс 1000 төгрөгийн урамшуулал авч буй юм. Ингээд тооцохоор малчин нэг килограмм ноосыг 1900 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг. Харин нэг үхэр, адууны шир үйлдвэрлэгчид нийлүүлсэнийнхээ төлөө малчин эргээд 18 мянган төгрөгийг, хонь, ямааны нэхий нэг тус бүрээс 3000 төгрөгийн урамшууллыг буцаан авдаг юм.


  • 2015 онд 1000 гаруй өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар тэдний 10 гаруй хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан гэж хариулжээ. Тэд энэ шалтгаанаар хүсээгүй жирэмсэлж, эцэг эхээсээ айсан, бэлгийн хавьталд орсныг үе тэнгийнхэн нь мэдэж шоовдорлосон хэмээн тайлбарласан байна. Мөн бэлгийн замын халдварын 24 хувийг 15-19 насныхан авсан гэх судалгааг ч дурьдсан юм.


  • Оюутнуудад олгох сургалтын төлбөрийн зээлийг өчигдрөөс нэр бүхий таван арилжааны банкуудаар олгоно хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн. Гэхдээ өчигдрийн байдлаар арилжааны банкууд оюутны зээлийг олгож эхлээгүй байна. Учир нь арилжааны банкууд зээлийн эх үүсвэрээ хүлээж байгаа гэх мэдээллийг өглөө. Дашрамд дуулгахад, оюутны зээлийг “Голомт”, “Хаан”, “Хас”, “Төрийн банк”, “Капитрон”, Улаанбаатар хотын банк гэсэн нэр бүхий таван банкаар олгохоор болсон. Өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-наас арилжааны банкуудтай гэрээ байгуулж, зээл олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан билээ.


  • Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоос хураамж авах шийдвэр гараагүйг Гадаад харилцааны яамнаас онцоллоо. Зөвхөн ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргажээ.  ӨМӨЗО-ны өнгөрсөн сарын 04-ний өдөр батлан гаргасан албан бичигт дээрх гурван боомтоор урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна.


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон байна. Ингэснээр Ц.Зориг нь Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр дахин зургаан жилийн хугацаатай ажиллахаар болж байна. Хуульд зааснаар Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр заасан юм.


  • Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр болсон билээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр эх орноосоо мордох болсон учраас өчигдөр хэвлэл мэдээлэл, ивээн тэтгэгч, болон спортын холбоодын төлөөлөлтэй уулзсан байна.


  • УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Өнөө жил энэ өдөр пүрэв гаригт тохиож буй бөгөөд хуульд зааснаар бүх нийтээр амарна. Энэ удаад монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиох аж.


  • Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд 1210 төлөөлөгч оролцохоор товлосон.  Энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, батлах юм. ҮЗХ-ны хуралдаанаар их хурлаар хэлэлцүүлэх болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн Их хурлаар хэлэлцэх дүрмийн төслийг хэлэлцэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж