Тивийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд хувийн барилдаанд М.Хоролсүрэн, О.Өсөхбаяр, Д.Нацагдорж нар мөнгөн медаль хүртсэн бол Х.Сүнжидмаа алтан медалийн төлөө Япон, Тайванийн сумочидтой хоёр удаа нэмэлт барилдаанд барилдаж, хүрэл медаль хүртсэн байна. Түүний жинд нийт зургаан сумоч барилдсан юм.
Багийн барилдаанд Монголын баг тамирчид нэг хүн дутуу барилдсан нь өндөр амжилт гаргах боломжийг бууруулж байсан ч /нэг ялагдалтай барилдааныг эхлүүлж байсан/ эрэгтэй баг боломжоо бүрэн ашиглаж, зөвхөн Японы багт ялагдсанаар мөнгө медаль хүртсэн байна. Харин эмэгтэй баг медалийн тавцанд гарч чадсангүй.
Багийн бүрэлдэхүүнд барилдсан М.Хоролсүрэн, Д.Нацагдорж нар залуучуудын дэлхийн аваргын медальтангууд бол Х.Сүнжидмаа нь дэлхийн аваргаас таван медаль хүртсэн туршлагатай сумоч юм. Харин О.Өсөхбаяр нь Японд суралцдаг бөгөөд Улсын арслан Сосорбарамын зээ хүү ажээ.