“Хүүхдийн хувцас хийх нь эерэг энерги дагуулдаг”

Хуучирсан мэдээ: 2016.12.06-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн хувцас хийх нь эерэг энерги дагуулдаг”

-Өнгөрсөн жил хагасын хугацаанд 3000 гаруй хүүхдэд хувцас хийж өгсөн байна лээ. Үнийн хувьд 2500 төгрөгөөс 25 мянган төгрөгийн ханштай-

Цэнхэр, ягаан, цагаан…гэх мэт өнгө өнгийн нэхмэлийн утсаар бяцхан охидын өхөөрдөм дэгжин гоёлыг урладаг нэгэн бүсгүйг онцолж байна. Түүнийг Хасбаатарын Энхтүвшин гэдэг. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. Дөрвөн хүүхдэдээ цаг гаргахын хажуугаар гэрээрээ гар урлалын бүтээгдэхүүн хийдэг байна. Х.Энхтүвшин гэртээ хүүхдүүдээ харж суухдаа өөрийн сонирхлоор энэ бүхнийг хийсэн бөгөөд өдгөө түүний нэхсэн малгай, цамц, өмд, бүр ороолт болон үсний хавчаар нь бяцхан охидын гоёл болж, цахим ернтөнцөд эрэлттэй байгаа ажээ.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Х.Энхтүвшин гэдэг. Би нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Одоо том хүү маань долоон настай, дараагийн хүү нь гуравтай, дараагийн охин маань нэг ой 10 сартай. Хамгийн бага охин гурван сартай.

-Охидуудад зориулан эгдүүтэй хослол нэхсэн байсан. Анх хүүхдийн хувцас хийх санаа хэзээнээс төрсөн бэ?

-Би 2015 оны гуравдугаар сараас гэртээ гар урлалын бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Анх туузан урлал буюу охидын үсний боолт, хавчаар, үсний гоёл хийдэг байлаа. Тэр үед гурав дахь хүүхдээ гэдсэндээ тээж байсан юм. Гурав дахь хүүхэд маань охин л доо. Охиныгоо гарахаар нь гоёж гангалах зорилгоор үсний хавчаар хийж эхэлсэн. Тэрнээс хойш санаагаа улам баяжуулж, бизнесийн санаа болгосон. Би гурван сарын турш туузан урлалаар охидын толгойн гоёл хийж байгаад нэхмэлээр хувцас хийдэг болсон. Одоо би нэхмэлээрээ дагнан хувцас хийдэг болсон.

-Өнгөрсөн долоо хоногт ажилгүй ээжүүдэд зориулан сургалт явуулсан гэж дуулсан. Энэ сургалтынхаа талаар ярихгүй юу?

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Манай хорооны ээжүүдэд сургалт явуулах боломж байна уу? Нэхмэлээр юм хийж сурахыг хүссэн олон ээж байна. Хорооны маань ажилгүй ээжүүдэд зааж өгөөч ээ” гэсэн  хүсэлтийг надад тавьсан. Би энэ хүсэлтийг нь дуртайяа хүлээн авч, зургаан ээжид үнэ төлбөргүйгээр анхныхаа сургалтыг явууллаа. Сургалтад маань хамрагдсан зургаан ээж хоёр цагийн дотор бойтог нэхэж сурсан.

-Анхныхаа сургалтыг зохион байгуулсан гэлээ. Өмнө нь сургалт зохион байгуулах хүсэлт хэр ирдэг байв?

-Өмнө нь олон ээж “Нэхмэлээр хувцас нэхэж суръя” гэсэн хүсэлтийг надад ирүүлдэг байсан. Тэр болгонд сургалт зохион байгуулах боломж бүрддэггүй байлаа. Харин анхны сургалтад хамрагдсан ээжүүдэд маань нэхмэлээр юм хийх нь их таалагдсан. Бид хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Өмнө нь нэхмэлийн утас, зүү барьж үзээгүй хүнд энэ хугацаа маш богино. Гэтэл ээжүүд маань  энэ хугацаанд хийхийг хүссэн зүйлээ хийж дууссан болохоор сэтгэл хангалуун байсан.

Ээжүүдийн сайн үйлсийн аянд нэгдэх үзэсгэлэн худалдаа “Mint” клубт болсон бөгөөд энэ үеэр ээжүүдэд сургалт явуулж байгаа нь

-Бас гарын бугуйвч, үсний боолт хийдэг гэсэн үү?

-Ерөнхийдөө нэхмэлтэйгээ хослуулж, охидын үсний гоёл, хавчаар, боолт хийдэг. Жишээ нь, өмд цамцаа нэхэж, дуусаад туузаараа чимэглэнэ, толгойн гоёл хийнэ. Би аль болох бүх хувцсаа хосоор нь гаргадаг. Хүн харахад ч гэсэн хөөрхөн, дэгжин харагддаг. Тийм учраас хүмүүст их таалагддаг байх.

-Энэ хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болов уу. Захиалга хэр ирж байна вэ?

-Хүмүүс захиалга их өгч, хийж байгаа зүйлийг минь их дэмждэг. Би өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүүхдэд хувцас хийж өгсөн байна лээ. Үнийн хувьд 2500 төгрөгөөс 25 мянган төгрөгийн  ханштай.

-Айлын олон хүүхдэд хувцас хийж өгчээ. Тэгвэл өөрийн хийсэн анхны хослолоо охиндоо өмсүүлсэн үү?

-Хүмүүс надаас энэ асуултыг их асуудаг. “Загасчны морь усгүй” гэдэгчлэн анхны захиалгаа айлын хүүхдүүдэд зориулан хийж байсан. Тэр үед би жирэмсэн байсан. Би жил гаруй хугацаанд бойтог л нэхдэг байсан. Хүн илүү юм хийе гэж бодохгүй болохоор тэр л хэвээрээ байдаг юм билээ. Тэгсэн өнгөрсөн зун нэг хүн “Өмд, цамц нэхэж чадах уу?” гэсэн. Би чадахгүй хэрнээ “Чадна чадна” гээд хэлчихсэн. Тэгтэл би цамц, өмд нэхэж чадсан. Нөгөө хүнд ч өмд, цамц маань маш их таалагдсан. Дараа нь “Даашинз захиалгаар хийх үү” гэхээр нь хийсэн чинь бас таалагдсан. Ер нь хийсэн хувцас маань хүмүүст таалагдахаар надад их урам болдог.

-Гэрийн эзэгтэйн үүргээ амжуулахаас гадна ажлаа хэдийд нь амжуулдаг вэ?

-Хүн хийж байгаа зүйлдээ сэтгэлтэй, дуртай байх хэрэгтэй. Хэрэв сонирхолгүй байвал хийхэд ч хэцүү санагдана шүү дээ. Хүн өөрөө дурлаж байж цаг зав гаргана. Өдрийн цагаар бол хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлээд ажил хийх цаг гарахгүй л дээ. Харин оройн цагаар хүүхдүүдээ унтуулчихаад шөнө хоёр, гурван цаг хүртэл сууна. Сүүлдээ шөнө сууж, ажлаа амжуулсаар байгаад сурчихсан.

-Дөрвөн хүүхэдтэй залуу ээжийн нэг өдрийг дэглэмийг сонирхож болох уу?

-Би өглөө 07.00 цагт босч, нөхөр болон хоёр хүүгээ ажил, сургуульд нь явуулна. Тэгээд л хоёр охинтойгоо 11.00 цаг хүртэл унтана. Дараа нь хоол унд, гэр орноо цэвэрлэнэ. Тэгж байтал хоёр хүү маань цэцэрлэг, сургуулиасаа ирнэ. Хөвгүүдийнхээ хичээл номыг хийлгэнэ. Нэг мэдэхэд л оройн хоолны цаг болчихно. Ажлын өдрүүдээр хүүхдүүдээ орой 21.00 цагт унтуулчихаад ажлаа эхэлнэ. Хамгийн эртдээ шөнийн хоёр цагт унтдаг. Захиалга ихтэй үед өглөөний тав, зургаан  цаг хүртэл сууна даа.

-Шөнөжин сууж нэхсэн хувцсаа эзэнд нь өгөх мөч үнэхээр сайхан биз?

-Нэхсэн хувцасыг минь хараад хүмүүс бүгд л их сайхан хүлээж авдаг. Хүүхдийн хувцас үргэлж сайхан энерги дагуулдаг шүү дээ. Түүнийг хийж буй би  хүртэл сайхан юм бодож хийнэ. Би бүр хийж буй хувцсыг минь өмсөөд явж байгаагаар нь төсөөлдөг. Сүүлд өөрийнхөө охиндоо нэг хослол нэхэж өгсөн чинь их хөөрхөн харагдаж байсан. Тэгээд би “Хүмүүс хөөрхөн гэж хэлэх нь аргагүй юм байна”  гэж нөхөртэйгээ ярилцаж байлаа.

-Хань нь хэрхэн дэмждэг бол?

-Миний хань намайг сайн дэмждэг. Заримдаа ядарчихна гээд утас, зүүг минь хураачихна. Би тэсэхгүй нүдийн хариулж байгаад утас, зүүгээ бариад суучихдаг. Би бүр ажилдаа “хорхойсчихсон”. Дэлгүүртэй болох хүсэлтэй байгаагаа хэлсэн, нөхөр маань санхүүгийн талаас нь судалж байгаа.

-Дуртай зүйлээ хийж, бизнес эрхлэхийг хүссэн залуу ээжүүдээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн гол нь зорилготой байгаарай. Хүссэн зүйлдээ тууштай хөдөлмөрлө гэж хэлмээр байна. Ямар ч зүйл бэлэн байхгүй. Хөдөлмөрлөсний үр дүнд л амжилт гарна.

-Таны мөрөөдөл, зорилго юу вэ?

-Манай бага охин одоо гурван сартай. Охиныгоо жаахан том болохоор нь өөрийн нэрийн дэлгүүрээ нээхийг хүсч байна. Нэхмэлийн чиглэлээр төрөлжсөн урлан ч гэж хэлж болно. Тэндээ өөрийн хийсэн хувцасаа ч худалдаална, сургалтаа ч явуулна. Мөн сүүлийн үед нэхмэлийн утас зардаг болсон байгаа. Цаашдаа хүүхдүүдээ жаахан томрохоор хийхээр бодсон зүйл их байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж