Сошиал ертөнцөөр хээр машинаар адуу хөөн, дайрч байгаа бичлэг цацагдсан нь багагүй хүмүүсийн бухимдлыг төрүүлжээ.
Энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс учрыг нь ойлгохоосоо өмнө сохроор муулж, өөрсдийн төсөөллөөр тайлбар хийж түгээсээр байна. Тэгвэл энэ хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гараагүй аж. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт гарсан хэрэг гэнэ. Өвөрмонголд 1990-ээд оноос эхлэн иргэдэд газар өмчлүүлэх болсон бөгөөд түүнээс үүдэн бэлчээр, газрын маргаан их гарах болжээ. Хамгийн сүүлд гарсан энэхүү хэрэг гэхэд л газрын эзэн малаа өмчилж авсан газраасаа хол бэлчээхийг удаа дараа шаардсан гэнэ. Гэвч шаардлагыг нь биелүүлээгүй учраас ийм үйлдэл хийжээ. Хятадын “we chat”-д иргэдийн мэдээлж байгаагаар энэ хэргийг Хөлөнбуйрын цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ.
Монгол хүний байтугай хүний ёсноос балмад гэмээр авир гаргасан энэ хэрэгт олон нийт бухимдалтай байгаа учраас хэргийн эзнийг тогтоосон ч нэрийг нь нууцалж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Малчдын бэлчээрийн асуудал, газар өмчлөлийг нарийн зохицуулахгүй бол газар өмчлөгч, малчдын хооронд энэ мэт маргаан гарч, хүний аминд хүрсэн хэрэг хүртэл гарсан учраас Хөлөнбуйрын засаг захиргааныханд асуудлыг тавиад буй гэнэ.
Л.ХАЛИУ