Нью-Йоркт ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Нью-Йоркт ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрлөө

АНУ-ын Нью-Йорк хотод ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн хууль ням гаригт батлагдсаны дараа анхны ижил хүйстэн хос гэрлэлтээ батлуулсан талаар CNN агентлаг мэдээлжээ. 76 настай Филлис Сигал болон 84 настай Конни Копелов нар тус хотын гэрлэлтийн товчоонд бүртгүүлж, хосын тангаргаа өргөсөн бөгөөд товчооны гадна тэдэнд чин сэтгэлээсээ баяр хүргэхээр олон зуун хүмүүс цугласан байжээ. Тэд 23 жил хамт амьдарсан бөгөөд хатагтай Копелов сүмээс гарахдаа тэргэнцрээр гарч явсан нь цугласан олны сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Сигал, Копелов нар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлагдсаны дараа гэрлэсэн анхны хос болсон бол тэднээс гадна хэдэн зуун ижил хүйстэн хосууд мөн ням гаригт гэрлэлтээ батлуулах хүсэлтээ гаргажээ. Нью-Йорк хотын гэрлэлтийн товчооны онлайн бүртгэлийн хэсэг ердөө нэг өдрийн дотор 2600 гаруй ижил хүйстэн хосын гэр бүл болох хүсэлтэнд дарагдсан бөгөөд сүйт залуу, сүйт бүсгүй гэж бичдэг байсан өргөдлийн загвар өөрчлөгдөж, гэрлэхийг хүсэгч А болон гэрлэхийг хүсэгч В гэж бичих болсон нь хүмүүсийн нүдэнд дасахгүй байгаа бололтой.

Гэрлэлтийн товчоо дээрх 2600 гаруй хүсэлтийн гуравны нэг хувь орчмыг ням гаригт шийдвэрлэж, азтай 764 хосын гэрлэлтийг албан ёсоор бүртгэхээр төлөвлөж эхнээс нь баталгаажуулж байна. Эдгээрээс анхны хос нь Буффало хотын иргэд Китти Ламберт, Шерил Руд нар болж, бямбаас ням гаригт шилжих шөнийн 12:01 цагт хосын тангаргаа өргөсөн байна. Ням гаригт төлөвлөсөн гэрлэлтийг бүртгэх ёслолын ажиллагаа эхлээгүй байхад гэрлэлтийн товчооны гадна олон зуун хосууд цуглаж, эмэгтэйчүүд нь хуримын даашинз өмсч, эрэгтэйчүүд нь костюм өмссөн байв. Хэрэв дээрх 764 хосын гэрлэлтийг ням гаригт амжиж баталгаажуулбал энэ нь Нью Йорк хотын хувьд нэг өдрийн дотор хамгийн олон гэр бүл төрсөн амжилтыг тогтоох юм.

Нью-Йорк хотод өнгөрсөн зургадугаар сард хэд хэдэн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг баталгаажуулсан явдал нь хотын захиргааны хувьд ням гаригт баталсан “Эрх тэгш гэрлэлтийн тухай акт”-ыг баталгаажуулах анхны алхам болжээ. Уг хуулийг Бүгд Найрамдах нам тэргүүтэй Сенат хэлэлцэхээс цааргалан хэдэн өдөр хойшлуулсны эцэст ийнхүү баталсан байна. Гэвч уг хуулийг Нью Йорк, Албани, Рочистер, Буфалло зэрэг хотуудын гэрлэлтийн үндэсний газрууд эсэргүүцсээр байгаа ба ням гаригт Манхаттанд цуглаж, эсэргүүцлийн жагсаал зарласан байна. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж