Худалдааны эрх зүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Худалдааны эрх зүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо

"Худалдааны эрх зүйн сургагч багш бэлтгэх сургалт” 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сургалт Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулсан "Худалдааны эрх зүйн чиглэлээр Монгол Улсын шүүгчдийг сургах хөтөлбөр II шат, Өмнөх үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу болсон юм.

Сургалтад худалдааны эрх зүйгээр мэргэшсэн шүүхийн сургагч багш болох Улсын дээд шүүх, иргэн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, хуулийн зөвлөх, экспертүүд, МУИС-ийн багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын чадавхи бэхжүүлэх эксперт Катерин Перригоу удирдан явуулсан бөгөөд шүүхийн сургагч багш нарт сургалтын дизайн гаргах, боловсруулах, сургалтын зорилго тодорхойлох, сургалтын арга зүй, сургалтыг насанд хүрэгчдэд хэрхэн хүргэх зэрэг шинэлэг агуулга, арга зүйг тусгасан сэдвийн хүрээнд хичээл заалаа.

Цаашид сургагч багш нар ашигт малтмалын эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, татварын эрх зүй, олон улсын иргэний эрх зүйн гэрээ, хувьцаа эзэмшигчийн гэрээ, зээлдүүлэгчийн эрх, дампуурлын эрх зүй, даатгалын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй сэдвээр сургалтыг удирдан явуулах бөгөөд сэдэв тус бүрээр гарын авлагыг шинэ хууль тогтоомж, шүүхийн шийдвэр зэрэг агуулгаар баяжуулж, шинэчлэн боловсруулах юм.

Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл нар тус сургалтад амжилттай хамрагдсан шүүхийн сургагч багш нарт "Худалдааны эрх зүйн сургагч багш” сертификат гардуулж, сургагч багшаар ажиллах үйл хэрэгт нь амжилт хүссэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ШЕЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж