Цөөн хүн хуулийг шүүмжилж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.25-нд нийтлэгдсэн

Цөөн хүн хуулийг шүүмжилж байна гэв

Д.Очирбат: Зохион байгуулалттай цөөн хүн хуулийг шүүмжилж байна


УИХ-ын хаврын чуулганы үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийсэн ажлаас тус байнгын хорооны дарга Д.Очирбат сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр “News” агентлагийн сурвалжлагч түүнээс зарим асуултад хариулт авсан юм.

-Танай байнгын хорооноос эрхэлж хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулсан Эрүүл мэндийн хуулийг зарим эмч эсэргүүцэж ажил хаялт зарлахаа мэдэгдэж байсан. Одоо ч шүүмжлэл гарч байгаа. Ямар учраас эмч нар хуулийг эсэргүүцэж байгаа вэ?

-Энэ хууль сайн хууль болсон. Гагцхүү эмчийн хариуцлагын тогтолцоог хэт өндөржүүлсэн байна гэж зарим хүмүүс, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа. Би өөрөө эмч хүн. Тангараг өргөсөн эмчид хариуцлагын тогтолцоог өндөр тавих ёстой. Эрүүл мэндийн стандарт мөрдөх ёстой. Эрүүл мэндийн салбарт харицлагын тогтолцоо сул байгаа. Барилгачин хүн стандарт бус хана өрлөө гэхэд буулгаад дахин засч өрж болно. Гэтэл эмч хүн бага ч гэсэн алдаа гаргавал засч залруулна гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн салбарт их, бага алдаа гэж байхгүй. Эмч нар хариуцлага үүрэхгүйн тулд алдаа гаргахгүй байх ёстой. Хариуцлага алдсан хүн л хариуцлага хүлээнэ шүү дээ. Цөөн зарим хүн санаатайгаар, зохион байгуулалттайгаар хуульд шүүмжлэлтэй хандах тохиолдол гарсан.

-Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас эрхэлж хийлгэсэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн хууль хэт ерөнхий, уян хатан биш, хувийн жижиг аж ахуйн нэгжид ажиллагчдын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн яриа гарч байсан. Төр, засгаас халамж, тэтгэлгийг хавтгай үзүүлж байгаа ч ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр юу хийх вэ.  Хөдөлмөрийн хуулийг ойрын үед шинэчлэх бололцоо бий юү?

-УИХ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль баталсан. Хэлэлцүүлгийн үед би амарч хөдөө явж байсан болохоор юу ярьсныг мэдэхгүй байна. Хуульд гишүүд санал бодлоо нэлээд өргөн тусгасан. Хувиараа хөдөлмөрийн бирж байгуулах, орон нутагт ажилгүйчүүдийг бүртгэх, ажил олдоход хүндрэлтэй иргэн гэж хэн бэ гэдгийг тодорхойлж бүртгэх гэх мэт саналыг гишүүд гаргаж тусгасан. Хуулийг саяхан баталсан тул ойрын үед нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж