УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, мөн техникийн спиртэнд хордсон иргэдийн асуудлаар өнгөрсөн баасан гаригт гишүүдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна. Харин дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна” гэсэн юм.
НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гаригт болох юм. Иргэн та 2016 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим талбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болохыг Татварын ерөнхий газраас санууллаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн баасан гаригаас Бямба гаригийн хооронд 20 орчим удаагийн чичирхийлэлт мэдрэгдэж, 1.5-3.8 магнитутын газар хөдлөлт болсныг Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс тогтоосон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уржигдар /2016.12.03/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамыг барьж байгуулахаар туссан. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөрзамын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр салбарын яам нь ажиллаж буйгаа Ж.Эрдэнэбат сайд онцолжээ.
“Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспортын ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ нь Хятадын талаас шинэ шаардлага тавьж эхэлсэнтэй холбоотой аж. Тус улсын зүгээс Хятад-Монголын хилээр нүүрс, зэсийн баяжмалыг нэгтгэж нэг шугамаар гаргах шаардлагыг нүүрс, зэc экспортлогчдод тавьжээ.
Хар тамхины хэрэгт холбогдсон тээврийн прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн сэжигтэнг өчигдөр/2016.12.03/ шүүгчийн захирамжаар цагдан хорьжээ. Одоогоор яг аль хорих ангид хоригдсон нь тодорхойгүй байна. Тэдэнд холбогдох хэргийг прокуророос Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
НИТХ ирэх онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх хотын даргын өргөн барьсан төсвийн төслийг өнгөрсөн баасан гаригт дэмжин баталлаа. Энэ нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар нэмэгдүүлсэн дүнтэй байна. Нийслэлийн 2017 оны төсөвт төвлөрүүлэх татварын нийт орлого 471,5 тэрбум төгрөг байхаар тусгагджээ.
"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах арваннэгдүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна.
Түүний эрүүл мэнд, болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэр, ойр дотны хүмүүс "Монгол ньюс" мэдээллийн төвд өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийсэн Тэд "С.Амармандахын биед халдсан хүний нэрийг хэлэх боломжгүй. Хуулийн байгууллагууд түүнийг гадуур байцааж байгаа. С.Амармандах хэвлэлүүдэд мэдээлээд байгаа шиг Оросын Элчин сайдын яамны ажилтантай "Хай, Гитлер" гэж мэндлээгүй. Тэр хоёрын дунд өмнө нь ямар нэгэн маргаан болоогүй. Амрааг зодсон этгээд Оросын элчингийн өмнөөс энэ бүхнийг хийчихсэн зүйл биш. Тэр хүн согтуурхаж хөлчүүрхсэн байдлаасаа болоод ийм авир гаргаж, танхайрсан байх. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно" гэдгийг мэдэгдлээ.