News агентлаг 2017 оны IX сард “Эрх зүйт ёс” сангаас монгол хэл дээр хэвлэн гаргах гэж буй Массачусэтсийн Их сургуулийн философийн профессор Робэрт Пол Вольфын “Философийн тухайд” номын 10 дахь удаагийн хэвлэлээс философи хийгээд философичидтой холбоотой нийтэд төдий танил бус баримтуудыг түүвэрлэн, 5 цуврал өгүүллийг “Философийн булан”-даа нийтэлсэн. Энэ удаад “Философи гэж юу вэ?” хэмээх I бүлгээс толилуулъя. Цуврал нийтлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулуун хөтөлж байна.
Философич & нацист. Мартин Хайдеггер (1889-1976 он)
Абеляр, Элойз хоёрын янаг амрагийн явдлаас хойш философичидтой холбоотой гарсан ихээхэн дуулиант “хэрэг” бол ХХ зууны маш нөлөө бүхий философич Мартин Хайдеггер Адольф Гитлерийг дэмжигч, нацист байсан нь илэрсэн явдал юм. 1889 онд төрсөн Хайдеггер өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Ахуй ба цаг хугацаа” номоо 1927 онд хэвлүүлжээ. Хайдеггер бол Дэлхийн II дайны өмнөх ба дараа үеийн Герман, Францын сэтгэлгээ, ялангуяа философийн экзистенцианист урсгалын хөгжилд үлэмж нөлөө үзүүлсэн хүн юм. 1960, 1970-аад оноос англи руу хөрвүүлэгдэж эхэлсэн бүтээлүүд нь Америкийн философичдод ч хүчтэй нөлөөлсөн. Америкийн Их сургуулиудад онцгой ач холбогдол өгөн судалж ирсэн экзистенциализм, пост-модернизм, деконструктивизм гээд философийн олон урсгал, чиглэл Хайдеггерийн сургаалаас санаа авч хөгжиж ирсэн байдаг.
Гэтэл Хайдеггер нацист үзэлтэн байж. Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайнаас өмнө Германы Үндэсний социалист намд гишүүнээр элсчээ. Тухайн үед энэ нам зургаан сая жүүд, түүнээс гадна цыган, ижил хүйстэн хүмүүсийг үй олноор нь хорих лагерьт хөнөөсөн юм. Хүмүүсийг арьс өнгө, үндэс угсаагаар нь ялгаварлан үй олноор нь хөнөөсөн ХХ зууны энэ эмгэнэлийн талаар сонссоор байгаад хүн төрөлхтөн дөжирч гүйцсэн боловч түүхийн хуудсыг сөхөх бүрд Адольф Гитлер шиг хүмүүс, нацизмыг дэмжигчид адгийн муу муухай бүхний тод жишээ болон дурсагдсаар байх болно.
Нөгөөх гайхалтай сэтгэгч Хайдеггер маань нацист хүн байжээ.
Тэгэхээр одоо яах вэ? Нацизмтай нягт холбоотой байсан гээд Хайдеггерын философийн онол сургаал, ном зохиолыг тэр чигт нь үгүйсгэх үү? Эсвэл түүний үг, үйлдлийг тухайн үеийн Германы нэг л иргэний хийсэн зүйлс гэж үзээд хувь хүнийх нь мөн чанарыг философиос нь ялгаж, салгаж ойлгох уу?
Энэ мэт ар араасаа урган гарах туйлын ээдрээт асуудлыг авч үзсэн гурван хүний өөр өөр бүтээлээс та бүхэнд толилуулах гэж байна. Гэхдээ юуны өмнө аливаа философич, түүний бүтээл хоёрын уялдаа холбооны талаар бага ч гэсэн ойлголттой болсон байх хэрэгтэй. Эхний өгүүллийг Алекс Штайнэрын 2000 онд хэвлүүлсэн гурван бүлэг эссэнээс хэсэгчлэн авав. Энэ нийтлэлд Хайдеггер нацист намд ямар үүрэгтэй, түүний философийн үзэл баримтлал улс төрийн үйл ажиллагаатай нь хэрхэн холбогдож байсан тухайд анализ хийжээ. Мөн Хайдеггерыг өмгөөлсөн Катерин Цукертийн бүтээлээс хэсэгчлэн орууллаа. Хайдеггертай холбогдох хамаг дуулиан, шуугианыг эхлүүлсэн Виктор Фариасын номд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн философич агсан Ричард Рортигийн бичсэн шүүмжээс гуравдах нийтлэлийг сонгосон болно.
Алекс Штайнэр
Мартин Хайдеггерын хэрэг явдал: философич бас тэгээд нацист
Олон хүн Мартин Хайдеггерыг (1889-1976 он) ХХ зууны философийн томчуудын нэг гэдэг. 1927 онд хэвлүүлсэн “Ахуй ба цаг хугацаа” ном нь Хайдеггерыг алдар хүндийн оргилд аваачсан билээ. Энэ номыг залуу Юрген Хабермас “Гегелийн Феноменологи-оос хойш гарсан философийн хамгийн аугаа бүтээл …” гэж тодорхойлжээ.
“Ахуй ба цаг хугацаа” хэвлэгдсэн даруйдаа амжилт олж, алдаршсан юм. Сүүлийн 70 жилд хөгжсөн орчин үеийн сэтгэлгээний олон урсгал, чиглэл Хайдеггерын бүтээл дээр тулгуурласан эсвэл шууд түүнээс санаа авсан байдаг. Жишээ болгож экзистенциализм, герменевтик, постмодернизм, эко-феминизм ба психологи, теологи, уран зохиолын төрөл бүрийн урсгал чиглэлийг нэрлэж болно. Түүнчлэн Герберт Маркюзэ, Жан-Поль Сартр, Жак Деррида, Пол Тилич гэх мэт философийн хоорондоо ялгаатай урсгал чиглэлийн маш олон төлөөлөгчдөд Хайдеггерын бүтээл нөлөөлсөн юм. Гэвч Фрайбургийн Их сургуулийн философийн гялалзсан профессорын нэр хүндийг амьдралд нь тохиосон нэг үйл явдал хэзээ ч арилшгүйгээр сэвтээжээ. Дэлхий даяар нэрээ дуурсгасан философич Хайдеггер 1933 онд Адольф Гитлер засгийн эрхэнд гарсны дараа “нацист-Хайдеггер” гэдэг нэртэй болсон юм. Нацист намын гишүүний үнэмлэхний дугаар нь 312589.
Гэхдээ түүнийг Виктор Фариасын “Хайдеггер ба нацизм” номд бичсэнээс илүү хүчтэй, ширүүн шүүмжлэх аргагүй байх. Чилид төрсөн Фариас 10 гаруй жилийн хугацаанд 1933-1945 оны хооронд Хайдеггерын хийж байсан зүйлстэй холбогдох бүх бичиг баримт, мэдээ сэлтийг цуглуулжээ. Фариас өөрөө Хайдеггерын оюутан байсан юм.
Хайдеггер өнөөгийн Германы өмнөд хэсэгт орших эдийн засгийн хувьд бусад бүс нутгаасаа хоцрогдмол, хөдөө аж ахуй зонхилж, аж үйлдвэр бага хөгжсөн, хүн амын ихэнх нь тариачдаас бүрддэг Сваб мужийн Месскирч хотод төрж өсчээ. Сваб мужийн улс төрд Германы национализм, ксенофоби (гадаадын хүнийг үзэн ядах үзэл. Орч.), анти-семитизмтай (жүүдүүдийг үзэн ядах үзэл. Орч.) гүн холбогдсон популист католик сүмийн нөлөө нэвт шингэсэн байж. Түүнчлэн орчин үеийн соёлд дайсагнах хандлага багагүй, үүнийгээ дагаад либерализм, социализмын үзэл санааг ёс суртахууны доройтол, аюул гэж хүлээж авцгаана. Герман даяар хүчээ аваад байсан Социал Демократ Намыг “дотоодын дайснаа” гэж үздэг байв. Тийм дээ ч, энэ муж нацизмын Германы хүчирхэг хэрэм цайзын нэг болжээ.
Баримт сөхвөл, Хайдеггер аль 1932 оноос нацизмд талархалтай ханддаг байсан нь илт харагддаг. Төрж өссөн нутгаас нь харахад үүнд гайхаж, эмзэглэх зүйл алга. Гитлерийг төрийн эрхэнд гармагц Хайдеггер нацист намд элсэн, 1933-1945 онд тус намын идэвхтэй гишүүдийн нэг байжээ. Гитлер төрийн эрхэнд гараад 3-хан сар болсны дараа буюу 1933 оны дөрөвдүгээр сард Хайдеггер Фрайбургийн Их сургуулийн ректор болсон байна. 1933 оны 5-р сарын 27-нд тэрээр олны дунд муу нэрээрээ алдаршсан үгээ хэлжээ. Хайдеггерыг өмгөөлөгчид үүнийг нь шинжлэх ухааныг өөрсдийн хувьсгалт онолоос доогуур тавих гэсэн нацист оролдлогыг эсэргүүцэж, Их сургуулийнхаа автономи байдлыг хамгаалах гэсэн санаа байсан хэмээн тайлбарладаг.
Үнэндээ, Хайдеггер оюутнуудыг армид элсэж, шинэ нацист дэглэмд зүтгэхийг уриалсан үг хэлсэн юм. Тэрээр “[бид] ирээдүйг бүтээх түүх рүү алхан орж байна” хэмээн нацизмыг магтан, цааш нь “Германы ард түмний, төрдөө итгэх түүхэн үүргийн” тухай шүлэглэжээ. Түүнчлэн “[ард түмний маань] цусаар бордсон хөрсөнд ургасан сүр хүчийг хадгалж үлдэх эрх мэдэл” хэмээн зоологийн детерминизмтэй холбоотой фашист үзэл ханхлуулав.
1933 оны зургадугаар сарын 30-нд Хайдеггер Хайделбергийн Их сургуулийн Оюутны Холбооны хурал дээр шинэ байгуулагдсан нацист дэглэмд их, дээд сургуулиуд ямар үүрэг гүйцэтгэх талаар илтгэл тавилаа. Дараах эшлэлүүд тус илтгэл юуны тухай байсныг тодоос тод хэлээд өгнө. Цус, арьс өнгөний тухай нацист сургаал хийгээд зөвхөн фюрерт үнэнч байх ухуулгыг Хайдеггер яаж дэмжиж байсныг хараарай.
“Үүнийг [Их сургуулийг] Фолькшгемайншафт-тай, улмаар төртэй нэгтгэж …”
“Өнөөг хүртэл судалгааны ажил хийх, боловсрол олгох тогтолцоо хэдэн арван жилийн өмнө яаж явагдаж байсан яг тэр хэвээр байна… Судалгаа, шинжилгээний ажил улам бүр хяналтаас гарч, тодруулж, нээж чадахгүй байгаа зүйлээ олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлын ахиц дэвшил гэсэн үгээр халхлах болов. Олигтой зааж сургаж чадахгүй байгаагаа оюутнууд шалгалтад тавигдах шаардлагад тэнцэхгүй байна гэж тайлбарлаж байна.”
“Энэ мэт байдлын эсрэг Үндэсний социалист хандлагаар эрс тэмцэх ёстой. Гол нь, ямар ч нөхцөлд, юунд ч буулт үл хийж болох энэ хандлагыг хүмүүнлэг, христэч гэх мэт үзэл санаагаар боомилж болохгүй …”
“Төрийн төлөөх үйл хэрэг аюул дагуулдаггүй. Харин үл тоомсорлол, эсэргүүцэл л аюул эрсдэлийг дагуулдаг. Тийм болохоор эрх мэдлийг дуртай дургүй зүтгэж байгаа нэгэнд бус жинхэнэ улс төрийн хүчинд өгөх ёстой …”
“Их сургууль гэдэг хулчгар амьтдын хоргодох байр биш эрсдэлээс үл айгчдын сурах ёстой газар. Энэ тулаанд амьд үлдэж чадаагүй нь унасан газраа үүрд үлдэнэ. Улс, эх орныг маань удирдах хүмүүс боловсрох ёстой энэ институцийн төлөө удаан хугацааны турш үргэлжлэх тулаанд тууштай, хатуу чанга эр зориг хэрэгтэй. Канцлер Гитлерийн бүтээн байгуулахаар зорьж буй шинэ Рэйхийн сүр хүч тэрхүү эр зоригийг олгоно. Өөрийн биеийг умартан зүтгэх хүчтэй, чадалтай, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө байнгын шалгуурыг давж чадах ард түмэн энэ тулаанд хүч үзэж чадна. Энэ бол хэн Их сургуульд багшилж чадах, чадахгүйг шийдэх тулаан”.
Энэ мэтчилэн Хайдеггер нацист үзэл суртлыг илээр магтахын зэрэгцээ жүүд гаралтай эсвэл нацизмаас өөр улс төрийн үзэл бодолтой байж болзошгүй олон оюутан, багш нарын ажил амьдралыг далдуур хорлож байсныг гэрчлэх баримт олон байдаг. Хараал идсэн гайтай гэмээр тэр баримтуудаас сөхвөл:
1953 онд Нобелийн шагнал хүртсэн, Фрайбургийн Их сургуулийн химийн ухааны профессор Херман Штаудингерыг Дэлхийн I дайны үед пацифизмыг (аливаа асуудлыг хүчээр тэр тусам дайнаар шийдэхийг эсэргүүцэх үзэл. Орч.) сурталчилж байсан гэж Хайдеггер нууцаар муулж байжээ. Түүний энэ мэт матаасаас болж, 1934 оны 2-р сарын 10-нд мужийн боловсролын сайдаас Штаудингерыг эрхэлж буй ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаснаар тэрээр цалин, тэтгэвэр тэтгэмжээ алдахад хүрчээ. Хэдэн долоо хоногийн дараа Хайдеггер боловсролын сайдыг ятгаж, Штаудингерт арай зөөлөн шийтгэл оноохыг гуйсан байна. Гэхдээ Хайдеггер хүн чанар, өрөвч зөөлөн зандаа хөтлөгдсөн бус ердөө олноо хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтнийг зайлуулсан гэж олон улсад нэр нүүрээ барна хэмээн айсандаа ийн гуйсан байна. Хайдеггер сайдад хандан ийнхүү бичжээ: “Энэ асуудалтай холбогдон гарсан шийдвэрийг өөрчлөх аргагүй гэдгийг би ойлгож байна. Гэвч манай гадаад бодлогод шинэ саад тотгор учрахаас аль болох зайлсхийх нь зөв болов уу”. Хайдеггерын гуйлтыг харгалзан үзсэн сайд Штайдингерт сайн дураар албан тушаал хүлээлгэн өгөх болзол тулгасны дараа зургаан сар туршилтын орон тоон дээр ажиллуулж байж, хуучин ажилд нь томилжээ.
Эдуард Баумгартенд тохиолдсон явдал ч Хайдеггерын өчүүхэн бодолд хөтлөгдсөн, хонзогнуур үйлдлийн жишээ болдог. Баумгартен бол 1920-иод онд АНУ-ын Висконсинын Их сургуульд лекц уншиж байсан Америкийн философиор мэргэшсэн хүн байлаа. Баумгартен Хайдеггерын удирдлага доор сурахаар Германд эргэн ирж, тэр хоёр дотно нөхөрлөх болжээ. Гэвч 1931 онд Америкийн прагматизмын талаар Баумгартенын ажлыг Хайдеггер хувийн шалтгаанаар эсэргүүцсэнээс болж, тэр хоёрын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Удалгүй Баумгартен Фрайбургийг орхиж, Готтингенын Их сургуульд Америкийн философи заах болжээ. Гэтэл 1933 оны 12-р сарын 16-нд Хайдеггерын матаач зан дахин хөдөлж, Готтингенын Их сургуулийн нацист намын гишүүн профессоруудын ахлагч руу дараах захидлыг бичив: “Угсаа гарал, боловсролын чиг хандлагыг хөөвөл Др. Баумгартен, Макс Веберийг тойрон хүрээлэгч либерал демократ үзэлтэй Хайделбергийн хүрээллийн сэхээтнүүдийн нэг. Тэр энд [Фрайбургт] байхдаа Үндэсний Социализмыг муулахаас өөр зүйл хийдэггүй байсан. Тийм хүнийг Готтингенд багшилж байна гэхэд би үнэхээр гайхаж байна: тэр хүн эрдмийн ямар ажил хийж бүтээсэн гэж багшлах эрх авсныг ойлгохгүй байна. Баумгартен хамтарч ажиллаж чадахгүй, надад гологдсоноосоо хойш Готтингенд багшилж байгаад саяхан халагдсан [арьс өнгөний тухай нацист хуулиар] жүүд Франкельтэй маш дотно байх болсон”.
Эцэст нь, Хайдеггер өөрийн багш Эдмунд Гуссерльд хэрхэн хандсан талаар ярья. Феноменологийг үндэслэгч Эдмунд Гуссерль олон улсад Хайдеггераас дутахгүй нэр хүндтэй нэгэн бөгөөд жүүд хүн байжээ. Тиймээс арьс өнгөөр ялгаварлах нацист хуулийн дагуу Фрайбургийн Их сургуулийн номын санд суух эрхгүй болсон байна. Хайдеггер зөвхөн намын гишүүн фюрер-ректорын хувиар Нацист намын баталсан ийм зарлигийг биелүүлж байсангүй. Тэрээр иймэрхүү үүрэг даалгаврыг туйлын баяртай биелүүлж байсныг нотлох баримт хангалттай олон бий. Философич Эрнст Кассирерын бэлэвсэн эхнэрийн мэдүүлснээр Хайдеггер угаас анти-семитик (жүүдүүдийг үзэн ядах. Орч.) үзэлтэй нэгэн байж. Дайн дууссаны дараа ч Хайдеггер анти-семитик үзлээ орхиогүй гэдгийг нотлох баримт олдсоор байна. 1950-иад онд олноо хүндлэгдсэн Хайдеггер Германы Их сургуулиудын философийн тэнхимд жүүдийн нөлөөлөл сэргэж байна хэмээн тун чиг түгшин ярьж байсан тухай Райнер Мартен хэмээх гэрч мэдүүлсэн байдаг.
Виктор Фариасын ном худалдаанд гармагц, Франц дахь Хайдеггерын шүтэн бишрэгчид тэр доор нь хариу үйлдэл үзүүлж эхэлсэн байна. Хайдеггер ба нацизм 1987 оны 10-р сард Францад хэвлэгдсэнээс хойш 9 сарын дотор энэ сэдвээр зургаан ч судалгааны ажил, ном зохиол хэвлэгджээ. Үүнд нэг их ч гайхах зүйл алга. Дайны дараах жилүүдэд Хайдеггерын философи хамгийн бат, гүн шингэсэн улс байсан болохоор аргагүй л дээ. Дайны дараахан Сартрын экзистенциализмаас авахуулаад Клод Леви-Стросс, Мишель Фуко, Жак Деррида зэрэг сэтгэгчдийн боловсруулсан структурализм, пост-структурализм, деконструктивизм гээд сүүлийн үеийн урсгалууд Хайдеггерын нөлөөг авсан бөгөөд Францын философийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэр үнэхээр их аж. Жан-Франсуа Лиотарт, Жан Будрияр нарын постмодернистууд ч Хайдеггер нацизмтай ямар холбоотой байсан талаар өөр өөрсдийн тайлбарыг хийв.
Хайдеггерыг шүүмжилсэн Фариасын шүүмжийг хүмүүс ерөнхийдөө гурван янзаар хүлээж авдаг гэж хэлж болно. 1-д, Хайдеггерт ямар ч хир халдаадаггүй хамгийн үнэнч дэмжигчид. Өөрийн багш Франсуа Бофрэныг нас барснаас хойш Хайдеггерын Франц дахь үнэнч хамгаалагч болсон Франсуа Фидиер энэ бүлгийн гол төлөөлөгч. Тэрээр Хайдеггер нацизмтай холбоотой ямар ч асуудал гаргаж байгаагүй, Фрайбургийн Их сургуулийн ректор байхдаа хийсэн зүйлс нь зүгээр залуу насны шохоорхол, түүний сэтгэлгээ, сургаал номлолтой ямар ч холбоогүй гэж зүтгэдэг. Гэвч Фариасын ном ба үүнтэй холбогдуулж бичсэн олон ном зохиол хэвлэгдсэний эцэст Фидиерийн хэлсэн үгийг тоох хүн Хайдеггерыг шүтэн бишрэгчдийн хүрээнээс хэтрээгүй юм.
Фариасын шүүмжийг Фидиерээс арай өөрөөр хүлээж авдаг дараагийн бүлэг хүмүүсийн тоонд Деррида болон түүний дагалдагчид багтана. Зааж сургадаг бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд нацист намын гишүүн болохоос өөр аргагүйд хүрснийг бодоход Хайдеггерын философид асуудал байна гэж тэд үздэг. Тэгснээ 1933 оны үед Хайдеггер ялангуяа рационализм, гуманизм гэх мэт хайдеггерээс өмнөх сэтгэлгээнээс бүрэн салж чадаагүй байсан нь нацист намд элсэх үндсэн шалтгаан болсон хэмээн Фариасын шүүмжийг няцаах гэж оролддог. Тэгэхээр Дерридагийн ойлгоход хэцүү, зовлонтой логикоор бол Хайдеггер 1935 онд “өөрчлөгдсөнийхөө” дараа “метафизик”-ээс өөрийгөө бүрэн чөлөөлж чадсан учраас түүний философи анти-нацизмын шилдэг бэлгэ тэмдэг болох нь байна.
Дерридагийн оюутнуудын нэг Лаку-Лабарт энэ гаж ойлголтыг өөрийн талд ашигтайгаар мушгин гуйвуулж “Нацизм бол гуманизм” гэсэн юм. Үүгээрээ тэр бүхнийг агуулагч универсал-тоталитарианизм дахь гуманизм соён гэгээрлийн уламжлалын тулгуур багана болсон философийн суурь зарчмуудад агуулагддаг гэсэн санааг илэрхийлэх гэж оролджээ. Энэ бол Деррида, Лаку-Лабарт ба тэдний дагалдагчдын дунд ихэд газар авсан хандлага. Нацизм бол гэгээрлийн универсализмын олон илрэлийн нэг гэдэг үзлийг Америкийн сэтгэгч Алан Милчман, Алан Розенберг нар дараах байдлаар тайлбарлав: “Ийм оюун ухааны суурь зарчим, тооцоот сэтгэлгээний үндэс бүхэлдээ түрэмгий хэлбэртэй бөгөөд холокастын (жүүдүүдийг аймаглан устгах явдал. Орч.) метафизик шалтгаан болж харагддаг”7.
Асуудалд энэ өнцгөөс хандвал Лаку-Лабарт Хайдеггерыг тун ул суурьтай өмөөрчээ. Тэр Хайдеггерыг муйхраар шүтэн бишрэгчдээс ялгаатай нь Хайдеггерын үзэл бодол нацизмтай нийцдэгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн хэр нь метафизик, гуманизмыг ялан дийлсэн Хайдеггер 1935 оноос хойш нацизмын муу муухайгаас бүрэн ангижирч чадсан гэж өмөөрчээ. Шинэ Хайдеггер аливаа фашист хир толбоос бүрэн цэвэрлэгдсэн төдийгүй түүний номлол-сургаал анх удаа биднийг жинхэнээсээ “Холокастын талаар эргэцүүлэн бодоход” хүргэсэн гэж зүтгэдэг бусад деконструктивист үзэлтнүүд ийм этгээд үндэслэл бүхий логик дүгнэлт хийжээ. Уншигч таныг тэдний хийсэн дүгнэлтийг зүгээр нэг хэт чамирхсан, эргэлзээтэй дүгнэлт гэж эндүүрэх вий гэж болгоомжилсондоо Милчман, Розенберг нарын үгийг нэмж орууллаа: “Хайдеггерын үзэл бодол заримдаа аймаглан устгах явдлын аймшиг ба Освенцимд юу болсон талаар эргэн санахад хүргэдэг ч холокаст өөрөө “шинэ” Хайдеггерын олонд танигдаагүй үзэл бодлыг ойлгоход тус болдог”.
Дорхи нийтлэлийн автор
Нотр-Дамын Их сургуулийн профессор Катерин Х.Цукерт
Мартин Хайдеггер, түүний философи ба улс төрийн бодлого
Виктор Фариасын Heidegger et le Nazisme (Хайдеггер ба нацизм) ном Францад хэвлэгдсэн даруйдаа бөөн шуугиан тарьж, нөгөөх л асуулт сөхөгджээ: хэрэв Хайдеггерын философи ба улс төрийн нацист үзлийн хооронд уялдаа байгаа бол тэр нь яг ямар шижмээр холбогддог вэ?
Хайдеггер өөрөө нацизмд үнэнч байсан гэдгээ үгүйсгээгүй нь түүний философи хийгээд улс төрийн үзэл ямар ч холбоогүй, тэрээр ердөө түр зуурын төөрөгдөлд автан, нацист болсон гэж боддог хүмүүсийг гайхширалд оруулж, хэлэх үггүй болгосон юм. Тэгсэн хэр нь улс төрийн үзэл баримтлал нь Хайдеггерын философийг тэр чигт нь буртагласан гэж үздэг шүүмжлэгчид “мөн чанар” буюу “оршихуй”-н тухай Өрнийн уламжлалт “метафизик” ойлголт бол түүхэн бүтээгдэхүүн хэмээн үздэг философич хүн яаж яваад улс төрийн расист үзэл баримтлалыг халуун дотноор хүлээж авав гэдгийг тайлбарлаж чадаагүй л байна. Харин би Хайдеггерын философи ба улс төрийн үзлийн холбоо хэлний тухай ойлголтод нь оршдог гэж боддог. …
Нацистууд түүний оюун санааны манлайлах чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй тул Хайдеггерын философи өнөөдөр үзэл суртлын, олон улсын, улс төрийн маргааны сэдэв болчихоод байна. Хүн төрөлхтөнд зогсолтгүй хөгжих техник-технологийн нөлөөлөх хөнөөлт үр дагаврын жишээг Хайдеггерын биологизм тод харуулдаг хэмээн хэлж болох байх. 1949 онд Бременд тавьсан, өнөө цагт бузар муухайгаараа дуудуулах болсон илтгэлдээ Хайдеггер ингэж хэлжээ:
Өнөөдөр хөдөө аж ахуйн салбар механикжсан хүнсний аж үйлдвэр болжээ. Энэ нь мөн чанараараа хүмүүсийг үхлийн хорих лагерь, хорт хийгээр утах танхимд хөнөөх, улс орнуудыг бүслэн хааж, ард иргэдийг нь өлсгөлөнд нэрвэгдүүлэх, устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэхтэй утга нэг зүйл.
Германчууд чухам герман учраас жүүдүүдийг чухам жүүд болохоор нь устгаж байсанд гайхаж цочирдох зүйл байхгүй гэдэг бодолдоо Хайдеггер тууштай үнэнч байсан гэж олон шүүмжлэгч буруушаадаг. Тэрээр өөртэйгөө зөрчилдөөгүй, өмнө нь итгэж байсан үзэл бодлоосоо татгалзаагүй учраас л энэ бодолдоо үнэнч байсан юм. Хайдеггер тэнгэрлэг эрхийн тухай Христийн шашны ойлголт эсвэл өөрөө шүүмжилж байсан жам ёсны зүй тогтлын тухай ойлголтод тулгуурласан ёс суртахууны хэм хэмжээг бодолцож үзэлгүй үхлийн хорих лагерьт өрнөж байсан зүй бус явдал, хүмүүн бус үйл, адын муу муухай бүхнийг буруутгаагүй. Улс, эх орон нь хоёр фронт дээр дайтан үйлээ үзэж, орших уу эс орших уу гэдэг дээрээ тулчихсан байхад хүн амынхаа ямар ч гэмгүй хэсгийг устгаж, үүний тулд асар их хүн хүчний нөөцийг зарцуулдаг туйлын тэнэг, ямар ч бүтээмжгүй бөгөөд үр ашиггүй бодлогын зөв бурууг ч тунгааж чадаагүй юм. “Рациональ байдал” ба техникийн “бүтээмжит байдал” гэдэг бол ердөө л “метафизик” хүчнүүд хоорондын бүхий л ялгааг адилтгадаг арга хэрэгсэл аж. Ийм үед бодит байдал дээр үнэнхүү тэвчишгүй, хүлээж авамгүй зүйл үндэсний социализмд байна гэж ойлгосон хүн л дэлхийг захирах өрсөлдөөнд хүч үзэж буй их гүрнүүдийн ялгаа юунд байгааг ойлгох байв; тухайн үеийн их гүрнүүд бүгд “нэгэн адил технологийн хэнээтэй” байсан хэмээн адилтгаж болохгүй. Харамсалтай нь, Хайдеггерын улс төрийн үзэл бодол хийгээд сэтгэлгээ хоёр маш бүдүүн шижмээр холбогдсон байж.
Хайдеггер механикжсан хөдөө аж ахуй, холокаст хоёр мөн чанарын хувьд ялгаагүй гэж хэлсэн нь “хүн”-д өөрт нь ямар ч үнэ цэнэ, бусдаас ялгарах чанар байхгүй гэж хэлснээс ялгаагүй мэт санагдаж магадгүй. Гэвч Хайдеггер хэлсэн үгээ Өрнийн метафизик үзлийн илэрхийлэл болсон техникийн зогсолтгүй өргөжин тэлэх процессын үр дагавар болохоос өөрийн “бодол”-ыг илэрхийлсэн хэрэг биш гэж тайлбарласан байдаг. Хайдеггер улс орнуудын техник-технологийн хөгжил адил түвшинд байгаа эсэхийг “хүсэл зориг”-оор эсвэл хүчээр шалгах боломжгүй гэдгийг философийн түүхэнд хийсэн судалгаа ба Дэлхийн II дайны үр дүнгээс ойлгосон. Найз Эрнст Юнгер нь уншигчиддаа хандан, орчин үеийн амьдралын нигилист хэв маягт автахгүй байхыг уриалж байсан болохоор Хайдеггер ч гэсэн шинэ түүхэн эхлэлийг “бүтээхийн” тулд Өрнийн “метафизик” шинжлэх ухааны логик ололт амжилтуудыг мөрөөдөх бус биелүүлэх ёстой гэж үзэж байв. …
Хайдеггер дайны дараа бичсэн “Гуманизмын тухай захидал” эссэндээ өөрийгөө гуманизмыг доош хийх бус харин өөд нь татах гэж оролддог байсан гэж мэтгэсэн байдаг. Хэл яриагаар ойлголцох чадвар хүнийг амьтдаас ялгадаг гол ялгаа гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй цагт “хүн” бол “рациональ амьтан” хэмээх уламжлалт тодорхойлолт шаардлага хангахгүй. Гэвч “амьтан” болоод “амьд байгалийн” ач холбогдлыг үгүйсгэснээрээ Хайдеггер нийгэм, улс төрийн ёс суртахууны үндэс болсон “бусдын зовлонг ойлгож”, “өрөвдөж нигүүлсэх” сэтгэлийг үгүйсгэсэн хэрэг (“хүн”-ийг шинээр, өөрийнхөөрөө тэгж тодорхойлсон Хайдеггер хорих лагерьт амиа алдсан хүмүүсийг өрөвдөж, гашууддаггүй нь нэг талаар арга ч үгүй юм болов уу). Хайдеггер ёс суртахууны үндэс суурийн тухай уламжлалт ойлголтыг ил цагаан үгүйсгэхдээ арай л дэндүүлсэн. Тэрээр “ёс зүй”-г “метафизик”-ийн дэд салбар гэж үзсэн байна; метафизик ойлголтод “ахуй” гэж “амьд биесийн оршихуй”-г хэлнэ, оршин буй бүх юмс бусдаас ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлоггүй, байдаг л нэг “субстанци” болохоор тэднийг хүссэн үедээ хувирган өөрчилж болох эд материал гэж тооцож болох юм гэнэ. Тэгснээ Хайдеггер жаахан ч гэсэн хүн чанарын үнэр ханхлуулах гэсэн үү, (яасан юм бол) ингэж хэлжээ: “хүнлэг ёсыг” илүү өргөн хүрээтэй, илүү олон зүйлийг хамарсан жам ёсны зүй тогтлын нэг хэсэг гэж үздэг метафизик ойлголтыг “хоосон орон зай”-г хүн бий болгодог хэмээх түүхэн үзэл санаагаар солих ёстой гэв (Хайдеггерт хүмүүс “нэгэн бүхэл болж орших” тухай хоорондоо ялгаатай олон үзэл санаанууд байсан нь цагийн аясаар илэрсэн билээ). …
“Хүн” ба “үнэн”-ий тухай түүхэн үзэл нь Хайдеггерыг нинжин сэтгэлээр хомс, бас тэгээд дээр нь идэвхгүй байр суурь баримтлахад хүргэжээ. Хорвоо дэлхий тухайн цаг үе, орон зайд хүнд ямар харагдаж байна тэр хэвээр нь хүлээж авах, эс бөгөөс даян дэлхийд мөрдөж болохуйц зарчимд тулгуурласан гэгдэх сэтгэлгээ, үйл ажиллагааны технологижсон системийн ижилсэх хандлагын үр дагавар болж өөрийгөө гээх гэсэн хоёрхон сонголт хүн төрөлхтөнд байсан аж. Метафизикийн талаарх Хайдеггерын шүүмжийн улс төрийн үр дагаврыг уншиж судалсны эцэст “хүний мөн чанарын” тухай geistlich (оюуны хийгээд түүхэн) санаа багахан, холимог санаа ихээр агуулагдсан үзэл баримтлал сайн зүйлд эс хүргэх магадлал бий юү гэж асуухгүй бол үнэхээр болохгүй байгаа биз?
Дорхи нийтлэлийн автор АНУ-ын
нэрт философич Ричард Рорти (1931-2007 он)
Философийг нухацтай авч үзэхүй
(Виктор Фариасын Хайдеггер ба нацизм номын шүүмж)
1933 он гэхэд Мартин Хайдеггер Герман оронд хамгийн их алдаршсан, философийн хүрээнд хүндлэгдсэн, хүмүүс номыг нь нухацтай судалдаг философич болоод байлаа. Тухайн оны 1-р сарын 30-нд Гитлер канцлер болов. Улс төрийн идэвхтэй, залуухан Лео Левенталь мэтийн олон жүүд эрдэмтэн тэр шөнө гэртээ харьсангүй. Левенталь явган явсаар, үүрээр хил давах галт тэргэнд амжиж суужээ. Томас Манн 2-р сарын 21 гэхэд Германаас гарсан бол 3-р сарын 21 гэхэд Фридрих Эберт (Дэлхийн I дайны дараах Германы анхны канцлер) хорих лагерь руу ачигдчихаад байв. 4-р сарын 7-нд бүх жүүдийг төрийн албанаас хөөлөө (Германы Их сургуулиудад багшилж байсан жүүдүүдийг ч гэсэн). Энэ бүх үйл явдлаас жил орчмын өмнө Фрайбургийн Их сургуульд ажиллаж эхэлсэн социал-демократ намын нэгэн гишүүн 4-р сарын 16-нд тус сургуулийн ректороор томилогдсон боловч хэдхэн хоногийн дараа нацист удирдлагуудын тушаалаар албан тушаалаасаа хусагдаж, оронд нь Хайдеггер 4-р сарын 22-нд ректор болов.
Хайдеггер 5-р сарын 1-нд нацист намын гишүүн болж, 5-р сарын 26-нд “Германы анхны үндэсний социалист цэрэг” гэж өргөмжлөгдөөд удаагүй байсан анхны нацистуудын нэг Альберт Шлагетерын дурсгалд зориулж, хүндэтгэлийн жагсаал зохион байгуулжээ. Хайдеггер оюутнууддаа хандан “эрэлхэг цэрэг Шлагетер өсөж торнисон Хар ойн (Германы баруун өмнөд хэсэгт байдаг ой мод, уулархаг нутаг. Хайдеггер ч гэсэн энэ нутагт төрж өсжээ) боржин чулуунаас Германы төлөө амиа золих хүч чадлыг олж авсан” хэмээв. Түүнчлэн Хайдеггер 5-р сарын 27-нд ректорын хувиар илтгэл тавьж “Германы Их сургуулийн өөртөө засан тогтнох эрхийн” тухай ярьсан байна. Гэхдээ өөртөө засан тогтнох эрх гэдгийг Хайдеггер “академик эрх чөлөөтэй” ямар ч холбоогүй, ердөө тохуурхсан утгаар хэлжээ. Түүний тодорхойлсноор өөртөө засан тогтнох эрх бол “мөн чанар, утга учраа өөрөө олж тогтоох гэсэн Их сургуулиудын өнө эртнээс эхтэй нийтлэг хүсэл эрмэлзэл” бөгөөд “визеншафт-д [шинжлэх ухаан ба боловсролд] хүрэх, төрдөө зүтгэж ухамсар суусан Германы ард түмний түүхэн хийгээд оюун санааны эрхэм зорилгоо биелүүлэх хүсэл” ажээ.
Ректор өөриын тавьсан илтгэл дэх визеншафт гэдэг үгээр космополитан (Аль нэг үндэстэн, улс-орныг дээдлэхгүй, тэгэхээр “дэлхийн иргэн” гэсэн утга зөөдөг үг. Орч.), универсаль (түгээмэл) далд утгыг үгүйсгэхийн сацуу нэгдмэл байдлын ач холбогдлыг сурталчилж, энэ нэгдмэл байдлыг хадгалж үлдэхийн төлөө философич хүн юу хийх ёстойг таниулах зорилго тавьжээ. Хайдеггер “Хүссэн ч, эс хүссэн ч визеншафт бол тэр чигтээ философи” гэжээ. Түүний илтгэлд Гитлер болон нацистуудын талаар үг дурдаагүй боловч нацист-оюутнуудын хувьд шүтэж явдаг уриа лоозонтой нь адилхан сонстож болохуйц үг хэллэгийг олонтоо хэрэглэв: тухайлбал, “герман оюутнууд жагсаж байна”, “тэд хөдөлшгүй үнэний төлөө зүтгэх зүрх сэтгэлийг нь хөглөх удирдагчаа хайж байна”. Цааш нь “Германы ард түмний заяа төөргийг хамгаалах удирдагчид” гэж дахин, дахин хэлэхдээ Гитлерийн тухай биш өөрийнхөө тухай ярьж байсныг нацистууд ойлгоогүй. Ректорын илтгэл бүхэлдээ зөвхөн өөрийнх нь философи л Германы Их сургуулиудыг гэрэлт ирээдүй рүү хөтөлнө гэсэн утга агуулж байж. Тэгэхээр Хайдеггер философи болоод өөрийгөө хэчнээн өндөр үнэлж байсан нь илт байна.
1933 оны үлдсэн саруудад Хайдеггер Үндэсний социалист хөдөлгөөний албан ёсны философич, оюун санааны удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө ёстой л арслан барс шиг тэмцжээ. Түүний мөрөөдөл бол эхлээд Германы бүх Их сургуулийг өөрчлөн зохион байгуулж, дараа нь удирдан хянах үйл ажиллагаа эрхэлсэн төрийн байгууллагын дарга болох байлаа. Тэрээр Их сургуулийн хичээлийн хөтөлбөрт явган аялах, хөдөө хээрээр хоноглох, бэлтгэл офицерын сургуулилт хийх, ойд нөхөн сэргээлтийн ажил хийх (насанд хүрэгчдийн боловсрол олгох хичээл, дээд боловсрол эзэмшээгүй хүмүүст үндэстнээ гэх шинэ оюун санаа, эрч хүчээр дүүрэн сэтгэлгээ эзэмшүүлэх хөтөлбөр) зэрэг оюутнуудыг бүгдийг хамарсан сургалт явуулах том санаа өвөрлөж байв. Хайдеггер Германы ард түмний хувь тавиланг хамгаалах ирээдүйн удирдагчдын үндэс язгуурыг эртний грекчүүдийн эзлэн захирч байсан боржин чулуу, ой мод ихтэй уулархаг газар нутагт дахин төрүүлэхийг хүсчээ.
Хайдеггерын “ахуйн мөн чанарыг мартахад нөлөөлсөн” гол хүчин зүйлс хэмээн үзэж, үл итгэдэг байсан хоёр феномен болох христийн шашин хийгээд шинжлэх ухааны “ачаар” (гайгаар) орчин үеийн ертөнцөд энэ үндэс язгуур үгүй болчихоод байж. Гэвч нацист хөдөлгөөн үүнийг сэргээх боломж олгосон байна. Илбэнх агнаж үзээгүй хүн жинхэнэ Өмнөдийн нийгмийн (хэчнээн арьс өнгөөр ялгаварладаг ч гэсэн) “органик” мөн чанарыг хэзээ ч ойлгохгүй гэж сургаж байсан 1930-аад оны “Өмнөдийн Тариаланчдын” (Өмнөдийн 12, Оргодол тариачид, Теннесигийн тариачид гэх мэт олон нэрээр алдаршсан, АНУ-ын өмнөд мужуудад төрсөн, 12 зохиолч-яруу найрагч. Тэд хамтарч хотын нийгмээс илүүтэй хөдөөгийн нийгмийг дээдэлсэн “аграриан философийн” тунхаг бичгийг үйлдсэн. Орч.) нэгэн адил Хайдеггер жинхэнэ Герман улстай ямар ч холбоогүй, язгуур гарвалгүй, космополитан, академик боловсролтой гэсэн нэр зүүсэн албан тушаалтан, сэхээтнүүдээс эх орноо цэвэрлэх ёстой гэж үзэж байв. Сократаас өмнөх “балар эртний мөн чанар” хэмээх ойлголтын амьд биелэл гэгддэг Европын тэргүүлэгч философич, Хар ойгоос гаралтай Хайдеггер Германы оюун санааны удирдагчийн байр сууринд өөрийн нэрийг ийнхүү дэвшүүлжээ.
Ийм гуншин зүүхийн тулд тэр үнэхээр хамаг хүчээ дайчилсан. 1933 оны турш Хайдеггер эрдэмтэд, оюутны хурал цуглаанд үг хэлж, төрийн түшээдэд тунхаг бичиг илгээн, сонин хэвлэлд нийтлэл бичиж, ёстой л хаа сайгүй гүйсэн байдаг. 11-р сард Фрайбургийн Их сургуулийн сонинд хэвлүүлсэн өөрөөс нь огт гарамгүй санаа бүхий нийтлэлд Хайдеггер ийн өгүүлэв: “Хэзээ ч зарчим болон ‘үзэл санаанд’ захирагдан амьдарч болохгүй. Ганцхан Фюрер л өнөөгийн болон ирээдүйн Герман орны бодит байдал. Ганцхан Фюрер л бодит байдлын хууль … Хайл Гитлер!”. Үүний дараа 12-р сард тэр Германы визеншафт Гитлерийн удирдлага доор нэгдсэн гэдгийг бусад улсын эрдэмтдэд таниулах зорилготой номыг таван хэл рүү орчуулах ажилд гар бие оролцсон байна.
Гэвч 1934 оны эхээр эрч хүч нь шавхагдаж эхлэв. Өөрийнх нь хаана нь ч хүрэхгүй атлаа ов мэх, танил тал ихтэй, дээд тушаалтны бөгс долоосон, жүүдүүдийг ил цагаан доромжилдог философийн профессорууд түүний дээр гарах болжээ. Бас өдөржин уул хадаар хэсэж, оройдоо түүдэг гал тойрч суунгаа сократаас өмнөх философийн ойлголт, үзэл санааны талаар ярилцаж мэтгэлцэх нь зарим дарга, өндөр албан тушаалтанд Германы дээд боловсролын тогтолцоонд хийж буй шинэчлэл, өөрчлөлт, зохион байгуулалт шиг харагдахгүй байлаа. Түүнчлэн Хайдеггер хэдийгээр Соёлын Яамнаас үүрэгдсэн анти-семитик агуулга бүхий үүрэг даалгаврыг дуулгавартай биелүүлж байсан ч заримдаа шүүмжилдэг байсан нь өрсөлдөгчдөд нь том олз болсон байна. Энэ мэт шалтгаанаар Хайдеггерыг 1934 оны 2-р сард ректорын албан тушаалаас татан буулгаснаар улс төрийн хувьд мартагдан, мөрөөдөл нь мөрөөдөл хэвээр үлджээ.
Үүнээс хойш 11 жилийн дараа Дэлхийн II дайн дууссан хойно Фрайбургийн Их сургуулийн диНацификацийн хороо (Холбоотнуудын санаачилсан Герман, Австрийн нийгэм, соёл, хэвлэл мэдээлэл, эдийн засаг, шүүх тогтолцоо, улс төрийг нацистуудын үлдэгдлээс цэвэрлэх бодлого. Орч.) Хайдеггерыг цагаатгасан боловч эзлэгдсэн Герман дахь Францын цэргийн тойргийн дарга нар түүнд лекц унших эрх олгоогүй юм. Гэвч энэ явдал Хайдеггерт философийн төлөө бие сэтгэлээ зольсон аугаа суутны дүрийг олгосон (нас ахисан, буурал толгойтой, агуу мэдлэгтэй боловч ам нээх эрхгүй болсон эрдэмтэн) бөгөөд дагалдагч нарт нь Хайдеггерын амьдралын нацизмаар амьсгалсан нэг жил харамсмаар алдаа, энэ алдаа түүний философи ба хувь хүний зан чанарыг илэрхийлж чадахгүй гэж өмөөрөх боломжийг олгосон юм.
Өөрийг нь ингэж өмгөөлсөнд Хайдеггер туйлаас баярласан нь 1969 оны ярилцлагаас тод харагддаг (энэ ярилцлага түүнийг нас барсны дараа, 1976 онд хэвлэгджээ). Таагүй сэдвээр сүүлийн удаа тайлбар өгөхийг оролдсон уг ярилцлагадаа Хайдеггер Германы ганц аврал бол нацистууд хэмээн хэсэгхэн хугацаанд эндүүрч явсан минь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр нацист намын гишүүн байсандаа харамссан шинж үзүүлэхээс ямар нэг байдлаар зайлсхийж, Гитлерийг хэт магтан дуулж байсан шалтгаанаа зайлшгүй хийх ёстой “буулт, шийдэл” хэмээн тайлбарлав. Түүнчлэн холокастын талаар нэг ч үг унагаагүйгээр үл барам, өөрийгөө 1934 оноос хойш нацист эрх мэдэлтнүүдийн байнгын дарамт доор амьдарч байсан тухай олон зүйл ярьсан байна. Түүнээс нацист дэглэмийн үед уншигчдын гар дээр очсон Ахуй ба цаг хугацаа номынхоо зарим хэвлэлтэд яагаад “Гуссерльд (Хайдеггерын багш бас найз) зориулав” гэдэг үгээ хассан юм бэ гэж асуухад номоо хэвлүүлж чадахгүй байхын оронд нэг жүүд хүнд “зориулав” гэдэг үгийг хасчихсан нь дээр биз дээ гэсэн байдлыг үзүүлэв.
Хайдеггер энэ ярилцлага нэр хүндэд нь сайнаар нөлөөлнө гэсэн гэнэн мулгуу юм бодож байтал харин ч эсрэгээрээ нэр хүндийг нь улам сэвтээв. Үүнээс өмнө 1962 онд Гуйдо Шнийбергер Хайдеггерын 1933 онд бичсэн олон бүтээл, дээр дурдсан Гитлерийг магтан дуулсан эссэг дахин хэвлэж нэр хүндэд нь айхавтар муухай толбо суулгачихсан байжээ. Гэвч түүнийг дагагч, шүтэн бишрэгчид нь Хайдеггерыг жинхэнэ анхдагч, үнэ цэнэтэй сэтгэгч төдийгүй зөв хүн, сайн хүн гэж зүтгэсээр байлаа. Тэд Хайдеггерыг нүглээс “ангижирч”, Эллиний соёлд нэвт шингэн, шинэ Германы тухай төсөөлөлдөө нүд нь сохорч, улс төрийн бодит үйл ажиллагааг харах чадваргүй болсон, оюун ухаан нь бодит байдлаас өөр газарт байсан болохоор анхаарах ёстой зүйлээ харж чадаагүй гэх мэтээр өмгөөлж байв.
Гэвч Виктор Фариасын ном Хайдеггерыг өмгөөлөх гэсэн бүх оролдлогод цэг тавьсан юм. Тус номд Хайдеггер хүний хувьд ч тун өөдгүй этгээд байсан гэж тодоос тод харуулжээ. Эхнээсээ эцсээ хүртэл худалч, хулчгар гээд л. Берлинд философийн хичээл зааж байсан Фариас бол олон жил янз бүрийн архив ухан, баримт материал цуглуулж, Хайдеггерын бузар булайг уудалсан хүн. Ингэж ажилласныхаа хүчинд тэрээр Хайдеггерын өөрийгөө өмөөрч, нацизмын тухай ярьсан зүйлс нь хэчнээн худал хуурмаг болохыг нотлох, тэрчлэн Хайдеггерын гэр бүлийнхэн түүний захидлуудыг ирэх зууны дунд үе хүртэл олон нийтэд дэлгэхгүй гэсний учир шалтгааныг тайлбарлах олон баримт цуглуулж чаджээ.
Тэдгээр захидлаас гадна Хайдеггерыг буруутгах баримт нотолгоо олон байгаа нь гарцаагүй. Тухайлбал, нацистуудын төр барьж байсан жилүүдэд Хайдеггерын юу хийж байсныг нотлох баримтууд Фрайбургийн Их сургуулийн архивт хадгалаастай байгаа ч харамсалтай нь судлаач, эрдэмтдийн өмнө өнөө хэр дэлгэхгүй байна. Гэвч Фариас тухайн үеийн Хайдеггерыг хангалттай сайн дүрсэлсэн. Хайдеггерын нацистуудтай ямар холбоотой байсан талаар өөр хаана ч байхгүй баттай мэдээлэл бүхий түүний ном Хайдеггерын талд бичигдсэн үнэн худал нь мэдэгдэхгүй өнөөг хүртэл хэвлэгдсээр байгаа мэдээллийг үгүйсгэх хангалттай баримт болж чадна (хэвлэх газар Германд олдоогүйн улмаас Фариас энэ номоо анх Францад хэвлүүлжээ. Одоо Германы хэвлэлийн компани “Фишер Верлаг” хэвлэхээр болсон бөгөөд номын герман болон англи хэвлэл тун удахгүй бэлэн болно. Санаандгүй тохиодлоор герман, англи хувилбарын аль алин нь дэлгэрэнгүй зүүлт, тайлбартай байж таарчээ; Фариасын өөрийнх нь зүүлт заримдаа хэтэрхий цөөдөх төдийгүй яг юуг тайлбарласан нь тодорхойгүй байх үе бий).
Ер нь Хайдеггерын өөрийгөө хуурч, хэт өргөмжилдөг байсан уу, үгүй юу гэдэг нь хэнд хамаатай юм бэ? Германы сэхээтнүүдийн холокастын талаар юу гэж бодож явдгийг нэгд, нэгэнгүй мэдэж авах нь бидний ёс суртахууны боловсролд чухал. Энэ бол Хайдеггерын чухамдаа ямар хүн байсныг мэдэх цорын ганц үндэслэлтэй шалтгаан. Германы эрдэмтдийн үнэмлэхүй олонх нь (хамгийн шилдэг, хамгийн ухаантай гэгддэг зарим эрдэмтдийг оролцуулаад) жүүд хамтран зүтгэгчдийнхээ золгүй хувь тавиланг харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж байсныг, түүнчлэн өнөөгийн бид ч гэсэн тэдэн шиг авир гаргахыг үгүйсгэх аргагүйг ойлгоход туслах нь магад.
Харин философичийн ёс суртахууны хэм хэмжээг судлах нь түүний философийг ойлгоход тустай гэдэг шалтгаан Хайдеггер гэсэн хувь хүний мөн чанарыг судлах сул үндэслэл юм. Энэ бол Эйнштейний зан төлөвийг судалж байж, түүний нээсэн онолыг ойлгоно гэсэнтэй агаар нэг. Та аугаа, анхдагч, суут хүн байж болно, эс бөгөөс хөгийн өөдгүй хүн ч байж болно. Ван Гог, Кийтс, Эйнштейн нар сайн хүмүүс байсан; Вагнер, Милтон, Ньютон нар тийм биш. Бертранд Рассэль (хааяа язгууртанлаг, их зантай гэгддэг) хэчнээн аятайхан ааштай хүн байсан ч (нутаг нэгт, Британийн тааруухан эмпирицист философичдоос ялгаатай нь) аугаа формаль семантикч, математик логикийг үндэслэгч, улайрсан антисемитик (жүүдийг үзэн ядах үзэлтэн. Орч.), анхны нацистуудын нэг Готтлиб Фрэгэгээс олон сайн санаа олсон. Хайдеггерын Ахуй ба цаг хугацаа номдоо дурдсан “аутентик ахуй” гэдэг ойлголтын талаар Пол Тиллич байнга ярьдаг байсан. Гэсэн хэдий ч Тиллич социал-демократ үзэлтэй, шударга, сайн хүн байсан ба 1933 онд Левенталийн араас, үтэр түргэн Германаас гарсан билээ.
Философичийн ёс суртахууны хэм хэмжээг сургаалынх нь утга агуулгатай холбон ойлгох аргагүй. Оригиналь, анхдагч философич байна гэдэг оригиналь микробиологич, гайхалтай шатрын мастер гэдэгтэй адилхан ойлголт (Хайдеггер бол яахын аргагүй ХХ зууны оригиналь философич): энэ бол бусад гогцоо, зангилаанаас өөр мэдрэлийн зангилаа. Хүмүүс “философич” гэдэг үгийг төгс хувь хүнийг илэрхийлсэн нэр гэж ойлгодог болохоор философичид бусад ухааны эрдэмтдээс илүү ёс суртахуунлаг байх ёстой гэж боддог: мэргэн ухааныг энэрэл нигүүсэлтэй, саруул ухааныг ёс жудагтай нэгтгэдэг хүн гэж ойлгодог. Магадгүй, бид өөрсдөө мэдэлгүйгээр тийм гуру (гэгээрсэн багш. Орч.), эцэг эхэд минь байдаггүй сайн чанарыг агуулсан хүнтэй уулзаж учирна гэж найддаг байх. Гэвч “философич” бол төгс төгөлдрийн туйл болсон хүнийг илэрхийлэхэд тохирох нэр биш. Философич гэж арай өөр хүнийг хэлдэг. Платон, Аристотель, Кант, Гегель гэх мэт хүмүүсийн тухай эсвэл тэдний судалж, хэлэлцэж байсан сэдвийн талаар судалгаа явуулж, ном зохиол туурвидаг хүнийг хэлнэ. Энэ утгаараа Фрэгэ, Хайдеггер хоёрыг хоёуланг нь ялгаагүй аугаа философичид хэмээж болно (хэдийгээр, тэр хоёр тэс ондоо сэдвээр ажиллаж байсан ч). Тэдний аугаа болохыг баримталж байсан ёс суртахууны үзэл нь ганхуулж чадахгүй.
Философи, ёс суртахуун хоёрыг ялгаж салгаж ойлголоо ч философичдыг, баримталж байсан ёс суртахуун болон улс төрийн үзэл санаагаар нь ангилж болох мэт санагдаж болно. Ницше, Хайдеггер нар яалт ч үгүй фашист утга санаа агуулсан үзэл бодолтой байсан тул тэднээс их зүйл сурсны хувьд Деррида, Фуко нарын сургаал, үзэл баримтлалд сэжигтэй зүйл их гэсэн бодолтой хүн олон бий. Энэ утгаар бол фашизм “иррационализм”-тай, аядуу ардчилал “оюун ухаанд итгэх итгэлтэй” салшгүй холбоотой болж таарна. Аристотель боолчлолыг санамсаргүй байдлаар жам ёсны, байх ёстой зүйл хэмээн зөвшөөрч байсан нь түүний ёс суртахууныг үзэх үзлийн цөм, Хайдеггерын “цусаар бордсон хөрс” хэмээх үг ёс суртахууныг үзэх үзлийнх нь гол санаа, Ницшегийн элитэч үзэл ёс зүйн өөрийгөө бүтээх онолынх нь голт зүрх, залуу Пол дэ Манын оппортунист анти-семитик үзэл “деконструкци” харааж, буруушаах үндэслэл болох нь л дээ.
Анхдагч, оригиналь сэтгэгчдийг ёс суртахуун, улс төрийн үзэл бодлоор нь далимдуулж харлуулах гэсэн энэ мэт оролдлогоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Хэмингуэйг дээрэнгүй, Праустыг жулдрай амьтан, Паундыг дөвчин, Киплингийг империалист гэх мэтчилэн элдвээр хэлэх байхгүй. Хайдеггер, Прауст зэрэг сэтгэгчдийн маш нарийн бодож боловсруулсан, ер бишийн сонин содон бүтээлийг судлах гэж л байгаа бол тэдэнд “иррациональ” эсвэл “өнгө мөнгөний” гэх мэт элдвийн нэр хаяг зүүх хэрэггүй. Ингэж гоочлох нь тэдний бүтээлийг уншиж судлахгүй гэсэн шалтаг.
Жишээ нь, Уилъям Оккамаас авахуулаад Уилъям Жэймс гээд бараг хүн бүрд “иррационалист” гэдэг тодотгол зүүсэн. Уитманыг залгамжлан Америкийн уламжлалт, уран сэтгэмжит ардчиллын талаарх онолын судалгааг үргэлжлүүлсэн Уиллиам Жэймс шиг төлөв төвшин хүн философийн түүхэнд байгаагүй ч Жулиен Бенда түүнийг Америкийн соёл иргэншлийн ёс суртахууны үндэс суурийг үгүйсгэгч, урвагч сэхээтнүүдийн тоонд оруулсан байдаг (улс төрийн үзэл бодол нь эрс ялгаатай Хайдеггер, Жэймс хоёр хоёулаа оюун ухаан ба үнэний талаарх философийн уламжлалт ойлголтод эргэлздэг байсан, Бенда тэдний эргэлзээг хүлээн зөвшөөрч чадаагүй). Карл Поппер Нээлттэй нийгэм ба түүний дайснууд номдоо Платон, Гегель, Марксын ном зохиолд гитлерч болон ленинист дэглэмийг зөвтгөж болохуйц үг, өгүүлбэр байдаг гэдгийг үндэслэлтэй харуулсан. Гэхдээ үүний тулд Поппер дээрх сэтгэгч бүрийн үзэл бодлын 90% гаруйг орхигдуулах ёстой болсон юм. Философичийн сэтгэлгээг ёс суртахуун, улс төрийн үзэл бодлоор нь далимдуулж гутаах гэсэн энэ мэт оролдлого Сократыг Критийг өмөөрсөн, Ийсусийг өөрийгөө бурхны шидийг олсон гэдэг солиотой хүмүүсийн нэг гэж хараахтай адил. Үнэндээ, Ийсус үнэхээр бурхны шидийг олсон гаж хүмүүсийн нэг, Хайдеггер өөрийгөө шүтсэн, анти-семитик үзэлтэй байсан нь үнэн. Гэхдээ хүн төрөлхтөнд шашны сургаал номоос үлдсэн юм үнэхээр их. Платоноос Ницше хүртэлх Өрнийн сэтгэлгээний хувьслын тухай өгүүлсэн Хайдеггерын оригиналь, хүчирхэг бүтээл ирэх олон зууны турш философичдод ихийг өгнө гэж бодогддог.
Христ, исламын шашин, платонизм, марксизм, хайдеггерч үзэл, “деконструктивист онолын” аль нэгэнд ямар нэг хэмжээгээр ардчиллын эсрэг үзэл санаа агуулагдаж байвал үүнийг хүн, оюун ухаан, түүхийн номлол гэж ойлгож болохгүй, харин шашин эсвэл түүхийг хэтэрхий ноцтой хүлээн авч буй хэрэг гэж ойлгох ёстой. Энэ бол тодорхой нэг шашин юм уу, философийн номлолыг дагаж мөрддөггүй хэн ч гэсэн ардчилсан нийгэмд аюул заналхийлэл учруулдаг хэмээдэг фундаментализм (тулгар үзэл рүү) руу ойртож буй хэрэг. Аль нэг тодорхой номлол, сургаал ардчилсан нийгэмд аюул тарьдагггүй, харин ардчилал ямар нэг номлол, сургаал дээр оршин тогтдог гэсэн үзэл ардчилалд аюул тарьдаг .
Жон Роулс Зүй ёсны онол номдоо шашны хүлцэн тэвчих үзлийг улс төрийн ардчилсан үзэл баримтлалын парадигм харилцаа холбоотой жишсэн байдаг: хүмүүс католик, мормон эсвэл шашингүйн үзэлтэй хөршийгөө яг өөртэйгөө адилхан иргэн гэж хүлээн зөвшөөрч чадвал плюралист нийгэм оршин тогтнох бодит боломж бүрдэнэ. Саяхнаас Роулс нийгмийн тухай ардчилсан онолд философийн олон янзын сургаал номлолыг ч гэсэн хүлцэн тэвчих ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Жишээ нь, Аристотель, Спиноза, Бодлер, Ницше, Прауст, Хэмингуэй, Хайдеггер зэрэг сэтгэгчдийн дэвшүүлсэн шашнаас ангид хүмүүний амьдралын тухай сургаалд ч хүлцэнгүй хандах ёстой. “Философи утгаар яривал” нийгмийн тухай ардчилсан онол “гүн рүү оролгүй, гадарга дээр үлдэх ёстой” гэж Роулс хэлжээ. Тус онолд ардчиллын философилог “үндсэн зарчмыг” судлах хэрэггүй аж. Хүн ёс суртахууны мэдрэмжийнхээ ачаар өөртэйгөө төстэй чанар бага хүмүүстэй шударга харьцдаг; нийгмийн тухай ардчилсан онолд хүмүүний энэ чанарыг судлахад л хангалттай, түүнээс тус мэдрэмжийг өөр, илүү гүн утга агуулгыг судлахад ашиглах хэрэггүй.
Энэ бол Хайдеггерын яг эсрэг хандлага. Хайдеггер аугаа философичид нийгэм дэх шинжлэх ухаан, соёл, улс төрийн амьдралд тулгуурлан сургаал номлолоо боловсруулдаг хэмээн итгэж байсан бөгөөд зөвхөн визеншафт төдийгүй хүмүүний бүхий л үр ашигтай үйлдэл тэр чигээрээ философи гэж сургаж байсан. Хайдеггер шашны номлооч нараас л гармаар чиг хандлагыг философид нэвтрүүлсэн: шашны зөн билэгтнүүд өөрийн дуу хоолойг Хорвоо ертөнцийг шинэ эринд хөтлөн оруулагч, аугаа, дээд хүчний (Бурхан, Оюун ухаан, Түүх, Ахуйн) дуу хоолой хэмээдэг билээ.
Иймэрхүү хандлагаас болж “мөн чанар” буюу “эх үүсвэрийн тухай асуудлыг нухацтай авч үздэг хүмүүс шийтүүд Хомейныг, марксистууд Ленинийг шүтээнчилдэг шиг шүтэж эхэлдэг. Шүтлэгтнүүд үргэлж шүтэж явдаг гуругийнхээ (багшийнхаа) хэлсэн үгний жинхэнэ, “аутентик утга”, “мөн чанарыг” зөв ухаж ухаарсан болов уу гэж түгшиж явдаг. Тийм дээ ч, гуругийнхээ өрсөлдөгчдийг хуурамч билэгтэн (анти-христ, Буг, Голдштайн, фашизмыг номлогч, буржуйлаг үзлийг дэмжигч) хэмээн харж, тэдний ном, зохиолыг уншиж судлах нь бүү хэл шатааж, доромжилж, нэг нүдээрээ ч үздэггүй.
Тиймээс, сайн хийгээд саар нэртэй аль нь ч байсан уншиж судлахаас өөр аргагүй ном зохиол бичсэн хүний хэлэх гэсэн үг, санааг “мөн чанарлаг бус”, олон салаа утга агуулдаг, “аутентикийг ойлгох” нь утгагүй гэх мэтээр бодож болохгүй. Үүний оронд тэдэнд хүнтэй адил төөрөлдөх, будилах үе байсан тиймээс хэрэг болох үг санааг нь ялгаад авчих хэрэгтэй хэмээн бод. Аливаа сэтгэгчдийн номыг ингэж уншиж судална гэдэг Роулсын бодож байснаар амьдрал, ардчилалд зайлшгүй хэрэгтэй плюралист хүлцэхүйн өргөжүүлсэн ойлголт юм. Ийн хандаж сурсан хүн Хайдеггерыг зөв зүйтэйн бэлгэ тэмдэг эсвэл хамаг муу муухайн үүр уурхай гэж харахгүй харин сонирхолтой сэдэв хөнддөг оригиналь сэтгэгч, хүмүүний амьдрал, үзэж туулсан бүхнийг онож тайлбарласан өөр нэгэн эх сурвалж гэж үзэх болно.
Ийм л бодолтойгоор уншихгүй бол Хайдеггерын үзэл санаа, хандлагад автчих гээд байдаг талтай. Философилог фундаменталист, хэт тахин шүтэгч болчих гээд байдаг гэсэн үг. Хайдеггер, Гитлер хоёрт адил төстэй талууд олон байсан: хоёул цусаар бордогдсон газар шороо, анти-семитизм, үг дуугүй сохроор дагах, философид нухацтай авч үздэг итгэл үнэмшил гэх мэт үг хэллэг хэрэглэхийн сацуу хоёулаа тахин шүтүүлэхийг хүсэж байв. Гайтай юм шиг хоёулангийнх нь энэ хүсэл биелээд амжсан. Гэхдээ Хайдеггер, Гитлер хоёрыг хэзээ ч философийн хувьд жишиж болохгүй. …