УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга өнөөдөр /2016.12.06/ мэдээлэл хийлээ. Тэрбээр сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар мэдэгдэл гаргаж байсан билээ. Харин энэ удаагийн хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг танилцуулав.
Энэхүү хэвлэлийн хурлын эхэнд үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон нь өөр өөрсдийгөө Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын /ТТЭНН/ дарга гэсэн хоёр хүн үг шөргөөцөлдөв. Эдгээр нь Ц.Баянбилэг Г.Уянга нар юм. Ц.Баянбилэг хэлэхдээ “ТТЭНН-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь өнөөдөр ирчихсэн байна. Гэтэл дарга нь, Удирдах зөвлөлийн дарга нь энэ хэвлэлийн хурлын талаар мэдэхгүй өнгөрнө гэсэн нь юу гэсэн үг вэ. Та яагаад намын нэрийн өмнөөс өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж байгаа юм бэ. Өнөөдөр Г.Уянга та намын нэрийн өмнөөс ямар нэг улс төрийн байр суурийг илэрхийлэх ёсгүй. Би Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа. Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх асуудлыг Улсын Дээд шүүх хэлэлцэхгүй” гэсэн заалтыг өнөөдөр зөрчсөн” гэв. Г.Уянга хариуд нь “Улсын Дээд шүүх хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, шийдвэрээ гаргасан. Тэгэхээр энэ шийдвэр ил болмогц би тайлбар тавина гэж бодож байгаа. Намуудын доторх зодоон бол жижиг зүйл. Намыг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Баянбилэг маань 270 сая төгрөгийн залилангийн хэрэгтэй байсан юм билээ. Би түүнийг нь мэдээгүй. Гэв гэнэт намын дарга болсноос хойш долоо хоногийн дараа баригдаад явсан. Ийм зовлонтой асуудал байгаа. Энэ бүхэн хуулийн дагуу шийдэгдэх байх. Улсын дээд шүүхийн хурлаар намайг албан ёсны дарга хэвээр байгаа гэсэн шийдвэр гаргасан” гэж хэллээ.
Г.Уянга дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Үүнд :
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
Монгол Улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмж их хохирол учруулсан.
“Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
2011 оны есдүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж гурван сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан. Энэ бол илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.
Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
“Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж, Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
Монгол Улсыг нэгдмэл улс биш, “Холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
“Давхар дээл”-ийг анх бий болгосон.
“Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодитой алхам хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Ерөнхийлөгч Улсын их хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан. Гэтэл найман жил Ерөнхийлөгч хийхдээ Улсын их хуралд нэг л удаа хуулийн дагуу үйл ажиллагааныхаа тайланг тавьсан нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигалтай тэмцэх газар болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан.
А.СҮРЭН