Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өнөөдөр хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийн асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн шинэчлэл, намын дүрмийн гол өөрчлөлт буюу олны анхаарлын төвд байгаа асуудал бол АН-ын даргыг хэрхэн сонгох вэ гэдэг асуулт. Тэгвэл шинэчилсэн дүрмээр АН-ын даргын сонгуульд хэн ч нэр дэвшиж болох бөгөөд намын даргыг сонгоход намын анхан шатны байгууллагын дарга нар ба түүнээс дээш албан тушаалтан саналаа өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн ҮЗХ-ны 228 гишүүдээс намын даргыг сонгож, Их хурлаараа баталгаажуулдаг байсан бол энэ шинэчилсэн дүрмээр цар хүрээг нь илүү өргөн болгож, намын үүрийн дарга нараас эхлээд түүнээс дээш бүх албан тушаалтай АН-ын гишүүд намын даргад санал гэнэ. Мөн энэ удаагийн их хурлаар хэлэлцэх бас нэг асуудал бол намын ҮЗХ-ны гишүүдийг нэмэх асуудал. Одоогийн ҮЗХ-нд 228 гишүүн бүртгэлтэй, намын даргын сонгууль, намын бодлогын томоохон асуудлуудыг зөвхөн 228 ҮЗХ-ны гишүүд хэлэлцдэг байсан бол энэ удаад ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмж 380 болгох гэнэ. Ингэхдээ хоёр жил дутамд ҮЗХ-ны 380 гишүүдийн 50 хувийг шинэчилж байхаар тусгасан байна.
Намын дүрмийн шинэчлэлд оруулж байгаа бас нэг чухал асуудал нь залуучууд болон эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал юм. Тодруулбал, намын ҮЗХ-ны гишүүдийн дунд эмэгтэйчүүд, залуучуудын квот тус бүрдээ 76 байхаар тусгасан байна. Энэ нь эмэгтэйчүүд, залуучуудаа дэмжих, оролцоог нэмэгдүүлэхэд чухал гэдгийг онцлон дүрэмд тусгажээ. ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд маргаашийн Их хурлаар хэлэлцэх асуудлаа нэг мөр болгох юм байна.
Ш.ОЧ