SОS: Өсвөр насныханд бэлгийн замын өвчлөл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

SОS: Өсвөр насныханд бэлгийн замын өвчлөл нэмэгджээ

“Би 16 настай, сурагч. Би найз хөвгүүнтэй. Жирэмсэн болсондоо итгээгүй, шоконд орсон. Ээждээ зөндөө загнуулсан. Тэгээд үр хөндүүлэхэд ухаан алдаж унамаар аймаар өвдсөн. Тэр үеэр миний савны амсар урагдан цус алдаж, оёо тавиулаад сар гаруй сууж, босч чадахгүй хэвтсэн. Хэрвээ би бэлгийн харилцааны талаар мэдлэгтэй байсан бол ингэж зовохгүй, бас сэтгэлийн шарх авахгүй байсан даа” хэмээн 16 настай С охин үе тэнгийн сургагч багшдаа хэлж байжээ.

Яг ийм асуудлаар нэг өдөрт л гэхэд 8-10 өсвөр насны сурагч охин Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнд ханддаг байна. Зөвхөн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс гадна бэлгийн замын халдварт өвчин авсан, хэнд яаж хандахаа мэдэхгүй, эцэг, эх нь тэдэнтэй ярьдаггүй, ганцаардмал байдлаас болж амиа хорлох ч оролдлого хийдэг өсвөр насны охид хандсаар иржээ. Тэдний 90 гаруй хувь нь бэлгийн амьдрал, бие физиологийн өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлгүй, хаанаас хэрхэн асуухаа мэддэггүй, ангийн найзаасаа асууж алдсан зэрэг шалтгаан хэлдэг гэв. Мөн хүсээгүй жирэмсэлж, эцэг эхээсээ айсан, бэлгийн хавьталд орсныг үе тэнгийнхэн нь мэдэж шоовдорлосон зэрэг шалтгаанаас үүдэн амиа хорлох оролдлого ч хийдэг гэдгээ хэлжээ.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн менежер Ш.Галбадрахын хэлж буйгаар 2015 онд 1000 гаруй өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар тэдний 10 гаруй хувь нь дээрх шалтгаанаас болж амиа хорлох оролдлого хийж байсан гэжээ. Мөн бэлгийн замын халдварын 24 хувийг 15-19 насныхан авсан гэх судалгааг ч дурьдсан юм. Жил бүр өсвөр насныхны дундах бэлгийн замын халдвар буурахгүй байна. Энэ мэт хар бараан тоо баримт, дүр зураг нь өсвөр насныханд эрүүл мэнд, тэр дундаа бэлгийн амьдралын талаар тодорхой мэдээлэл, мэдлэг өгөх орчин байхгүй, дутагдалтай байгаатай холбоотой хэмээн тайлбарлалаа.

Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр оруулахгүй байгаа нь томоохон нөлөө үзүүлдэг хэмээн тайлбарласан юм. “Y-PEER” үндэсний сургагч багш Л.Цэлмэг “Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамир, эсвэл биологийн хичээлтэй нэгтгэж, институтчилж ордог. Жишээ нь биеийн тамирын хичээлтэй орохоор хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндэд ямар хэрэгтэй вэ гэдэг үүднээс ордог. Биологийн талаас генетик, генийн өөрчлөлтийн талаар ярьдаг. Гэтэл бид бэлгийн хүсээгүй хавьтлаас хэрхэн татгалзах, бэлгийн замын өвчнөөс хэрхэн сэргийлэх гэх мэтчилэн мэдээлэл дутмаг байна. Ийнхүү эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг багасгасан. Дараа нь эрүүл мэндийн сурах бичгийг хэрэгцээгүй болгоод хаачихсан. Энэ байдлаас болж өсвөр насныхан мэдээлэлгүй, хохирч байна” гэлээ.

“ХӨСҮТ: Сурагчдад сургалтын хөтөлбөрөөр нь мэдлэг олгомоор байна”

Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ч өсвөр насныхны дунд энэ талын мэдлэг хомс байгааг хэлж байна. ХӨСҮТ-ийн сургалт, мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “Бэлгийн замын өвчнөөр 24-39 насныхан ихэвчлэн ирж байна. Гэхдээ энэ насны эмэгтэйчүүд бага залуу насандаа, арван жилийн сурагч байхдаа тодорхой мэдээлэл авч чадаагүй, суурь мэдлэггүйгээс өөрсдийгөө хамгаалж чадаагүй байна гэсэн үг. Энэ нь явсаар 24, 25 насанд нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс сурагчид руу хандсан мэдлэг, мэдээллийг сургалтын хөтөлбөрөөр нь дамжуулж заах нь чухал байна” гэсэн юм.

“Эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулах нь чухал”

НҮБ-ын хүн амын сангаас Монгол Улсын боловсролын тогтолцоо дахь эрүүл мэндийн хичээлийн хэлбэрт үнэлгээ хийжээ. Энэ үнэлгээгээр эрүүл мэндийн хичээлийг хавсарч орох нь нийт өсвөр насны хүүхдийн 10 хувьд л мэдлэг өгдөг гэж дүгнэсэн байна. “Тиймээс эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулах, энэ талын мэдлэгийг олгож зан үйлд нь төлөвшүүлэх зайлшгүй шаардлага байна. Дээрх судалгаагаар эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан” хэмээн тайлбарлалаа.

“БСШУСЯ: Эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулах асуудал яригдаагүй”

Тэгвэл эрүүл мэндийн хичээлийг цаашид бие дааж оруулах асуудал яригдаж байгаа эсэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодрууллаа. Одоогоор эрүүл мэндийн хичээлийг Биеийн тамир-Эрүүл мэнд, Биологи-Эрүүл мэнд, Амьдрах ухаан-Эрүүл мэнд зэргээр салгаж оруулж байгаа. Цаашид эрүүл мэндийн хичээлийг дангаар нь оруулах асуудал одоогоор яригдаагүй байна хэмээн мэдээлсэн юм.

Нөхцөл байдал ийм тул тус байгууллагынхан өсвөр үеийнхнийг өөрсдийг нь мэдлэгтэй, мэдээлэлтэй болгох замаар тодорхой өөрчлөлт хийж байгаа аж. Тэд энэ хугацаанд нийслэл, орон нутагт нийтдээ 400 гаруй өсвөр насны хүүхдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдээлэл олгожээ. Улмаар энэ дээрээ тулгуурлаад арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 10 хоногийн аянаа эхлүүлжээ. Энэ хугацаанд өсвөр насны хүүхдүүдэд энэ талын мэдлэг мэдээлэл олгох, сурталчилгаа явуулах, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн менежер Ш.Галбадрах “Монголд өсвөр насны хүүхэд анхны бэлгийн хавьтлаараа ХДХВ/ДОХ-ын халдварт өртсөн тохиолдол байгаа учраас энэ талын зөв мэдлэг мэдээлэл олгох шаардлага байна. Гол нь үе тэнгийн сургагч багш бэлтгэж, өртөөчилсөн сургалт явуулна. 10 хоногийн аянаас гарсан үр дүн, зөвлөмжийг УИХ, бодлого боловсруулагчдад хүргэнэ” хэмээн мэдээллээ.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж